Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна
Онцгой байдлын ерөнхий газар
2014.11.11

Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна

Онцгой байдлын алба хаагчид өнгөрөгч хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 12, зөрчлийн хоёр дуудлагатай ажиллажээ.

Тухайлбал, БЗД-ийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг 2 дугаар гудамжинд утаа гараад байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 35 дугаар анги ажиллаж, иргэн Б нь төслийн зууханд буруу галлагаа хийсний улмаас утаа гарсан байсныг шалган аюулгүй болгож   утаажилтын бүсээс гаргасан байна.

Мөн ЧД-ийн 17 дугаар хороо, Сурагчийн 25 дугаар гудамжинд иргэн Б-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагаар Сүхбаатар дүүргийн Аврах гал унтраах  34 дүгээр анги ажиллажээ. Түймрийн улмаас 18 настай, эмэгтэй Г түлэгдсэн, 58 настай, эрэгтэй Б гэмтсэн байсныг яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Хүйтний эрч чангарч, халаалт галлагаа эхэлсэнтэй холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Гал түймрийн аюул нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэх, зориулалтын бус халаалтын хэрэгсэл ашиглах, пийшин, зуухны буруу галлагаа зэргээс шалтгаалан гарч байгаа аж.

Иймд иргэн та галын аюулгүйн дүрэм зааврыг чанд сахиж биелүүлэх, харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулах, тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтрааж байх, галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.