Уул уурхайн аврах албыг Аврах тусгай ангитай нэгтгэхээр боллоо
Уул уурхайн аврах алба
2014.12.02

Уул уурхайн аврах албыг Аврах тусгай ангитай нэгтгэхээр боллоо

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 325 дугаар тогтоолоор Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангитай нэгтгэхээр боллоо.

Уул уурхайн аврах алба нь Монгол улсын нутаг дэвсгэрт уул уурхайн бүтээгдэхүүн болон газрын тос байгалийн хий олборлох, боловсруулах үйлдвэрүүд, ажлын байр нь хортой, хий, тоосны тэсрэх аюултай аж ахуйн нэгж байгууллагуудад гарч болох аливаа аваар ослоос урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах, аюулгүй ажиллагааны байдалд мэргэжлийн хяналт тавьж холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, осол аваарийн үр дагаварыг шуурхай арилгах мэргэжлийн байгууллага юм.

Уул уурхайн аврах алба нь анх 1951 онд Аврах команд нэртэйгээр байгуулагдаж, 1961 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 633 дугаар тогтоолоор Уулын цэрэгжүүлсэн аврах анги болон өргөжин, 1995 оноос Газрын хэвлийн тухай хуулиар Уул уурхайн аврах алба нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус алба нь 1 салаа, 4-6 тасаг, эмнэлэг, хими лаборатори, баг аппаратур, канат шалгах станц, хөдөлгөөнт тасаг, сургалт мэдээллийн төвтэйгөөр нийт 50 гаруй ажилтан албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж байгаа юм.