2025.05.21
Н.Батсүмбэрэл: Онцгой байдлын албан хаагчдын хангамжийн асуудлыг төр бодлогоор дэмжиж, төсвийг нь нэмэгдүүлэх шаардлагатай
УИХ-ын АБГББХ (2025.05.20)-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл асуулт асуулаа.
Жил бүр гарч буй осол аваар, гамшиг, аврах ажиллагааны тоо нэмэгдэж буй мэдээлэл байдаг. Үүнд шаардлагатай хөрөнгийн зардал нэмэх шаардлага гардаг. Мөн алба хаагчдын дунд болон олон нийтийн дунд онцгой байдлын алба хаагчдын тээврийн хэрэгсэл, ажиллах орчныг сайжруулах, хувцас хэрэглэлийн чадавхыг нэмэгдүүлэх асуудлууд байнга яригддаг. Энэ чиглэлээр 2026 оны төсөвт хэрхэн тусгахаар Сангийн яам төсөөлж байна? Төсөв нэмэгдэж байна уу, эсвэл хэвэндээ байгаа юу? Арай буураагүй байлгүй дээ. Эдийн засаг, хөгжлийн яам энэ чиглэлд ямар бодлого барих вэ? Гамшиг, аврах, эрэн хайх ажиллагаа явуулах тал дээр тэргүүлэх чиглэлийн арга ажиллагааг хэрхэн нэвтрүүлэх, одоо байгаа хүч нөөцөө хэрхэн нэмэгдүүлэх, ялангуяа алба хаагчдын тоног хэрэгсэл, техник хангамжийг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого гаргаж байгаа вэ? Онцгой байдлын Ерөнхий газар энэ асуудлын хүрээнд бодитоор ямар ажлууд хийсэн бэ? 2026 онд юу хийх гэж байна вэ? Улаанбаатар хотод шинээр анги байгуулсан уу? Намайг дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад дүүргийн төсвийн хөрөнгөөс 5 тэрбум төгрөг гаргаж дүүргийн онцгой байдлын анги барьж өгсөн. Энэ онд ашиглалтад орно. Улс маань анги барьж өгч байна уу? Улаанбаатарт хүн нэмэгдээд байдаг. Яваад очихоор орц гарцыг чөлөөлж байгаа юу? Гал руу яваад ордог алба хаагчдын тоног хэрэгсэл хүүхдийн тоглоом шиг хэвээрээ байгаа юу? Сайжирч байгаа юу? Хүнд хэрэглэгдэх нэгж хангамжууд яаж нэмэгдэх вэ? Энэ тал дээр та бүхэн тодорхой тоотой, баримттай мэдээлэл өгөөч ээ.
Түүний асуултад ЭЗХЯ, Сангийн яамны төлөөллүүд хариуллаа.

Сэтгүүлч