Л.Соронзонболд: Аж ахуй нэгж байгууллагуудыг хэрхэн дэмжих вэ?
Эдийн засгийн байнгын хорооны 05/14ний хуралдаанаар ““Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийг хэлэлцлээ.
Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд
Нэгдүгээрт,
Эдийн засгийн хөгжлийн оны төлөвлөгөө дээр макро тогтвортой орчныг бүрдүүлэх талаар ямар ажил хийх эсэхийг тодорхой хэмжээнд хэмждэг төлөвлөгөөтэй болмоор байна. Учир нь УИХ-аас баталсан зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг хянах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Макро тогтвортой орчин бүрдэхгүй байгаа учраас зээлийн хүү буурахгүй байна гэдэг. Гэтэл манай улсын 2024-2028 оны төлөвлөгөө макро тогтвортой орчин бүрдүүлэхийн төлөө ямар үзүүлэлтүүд байгаа, түүнд яаж хүрэх, энэ жилийн төлөвлөгөө яагаад зөрөөд байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй. Эдийн засгийн яаманд банкны тогтвортой орчныг бүрдүүлэх үзүүлэлтүүд ийм байна, 2026 онд ийм байхаар байна, 2025 онд ийм байна үүнээс 2028 онд хүрэхийн тулд ингэмээр байна гэсэн төлөвлөгөө байгаа юу? Хэрвээ байхгүй бол үүнийг жил болгон ярьдаг. Яаж хазайж байна? 2026 оны хувьд бид яагаад зөрөх гээд байна. Зөрөх шалтгаан нь юу вэ?
Хоёрдугаарт,
Монгол Улс дотоод нөөц бололцоогоор хийх зүйлийг бүрэн гүйцэт хийх тал дээр анхаармаар байна. Жилдээ 10,000 тн ноолуур авдаг. Энэ нь ойролцоогоор 1,2-1,5 их наяд хэрэгтэй болдог. Хэрвээ МУ-ын дотоодын ноолуурын үйлдвэрүүд утсаа ээрэх хүчин чадалтай бол 3,4 сард бүгдийн авъя л даа. Эргээд ноолуурын үйлдвэрүүд утсаа ээрээд зарсны дараа мөнгийг нь цуглуулаад буцаагаад төлдөг санхүүжилтийн хэлбэрүүдийг шийдмээр байна. Тэгэхгүй бол Хөдөө, аж ахуйн санхүүжилтийн схемээр 1,2 их наяд төгрөгөөс хэдийг шийдээд байгаа вэ? Үүнд 2026 оны төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?
Гуравдугаарт,
Төрийн албаны реформ хийнэ гэж байна. Танилцуулга дээр 15 хувь бууруулна гэсэн байна. Харин тогтоолын төсөл дээр 9 хувь бууруулна гэж. Аль нь зөв бэ? Хэрэв бууруулна гэвэл бууруулж байгаа зүйлийн цахимжилт нь бидний хийж байгаа хөрөнгө оруулалтаас хэдэн хувь нь болж байгаа вэ?
Дөрөвдүгээрт,
Төрийн өмчит кампаниудын цалин нь төсвийн ажилчдаасаа 2 болон 3 дахин их, хувийн кампаниудаас 4 дахин их болсон байна. Төрийн өмчит кампани дээр хийж байгаа бүтээмжийн хэдэн хувийн өсөлттэй байна вэ?
Тавдугаарт,
2025 онд нүүрсний экспорт буураад 1,2 тэрбум доллароор тасарлаа гэж ярьж байна. 2026 онд энэ хэвээр үргэлжилбэл эдийн засаг буурах чиг хандлагатай болох гэж байна. Үүнийг дагаад борлуулалт буурна. ААН-үүдийн байдал хүндэрнэ. 2026 онд ААН-үүдэд дэмжих талаар татвар талаасаа ямар бодлогын арга хэмжээ авах гэж байгаа вэ? ААН-үүдийн үйл ажиллагааны зардлыг бууруулах талаар ямар арга хэмжээ төлөвлөж байна вэ?
Түүний асуултанд: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Төрийн өмчийн хороо, Сангийн яамнаас тус тус хариулт өглөө.