А.Ариунзаяа: Баялгийн сангийн хуульд тэтгэврийн насны иргэн нас барах юм бол хуримтлал үүсэж байгаа хөрөнгийг үр хүүхдэд нь өвлүүлж болно гэсэн зохицуулалт шаардлагатай байна
УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр. Нэгдүгээрт гэр бүлийн талаар бас онцолж нэг цөөхөн хэдэн үг хэлье гэж бодсон юм. Монгол Улсад 3,5 сая иргэн байгаа, 997 орчим өрхөд хуваагдаж байгаа, 167,6 мянган өрх ,хүүхэдтэй өрхүүд байдаг. Жилд өнгөрсөн оны хувьд 14,15 мянган гэр бүл шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн бол, 5 мянга орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Дийлэнх нь буюу 3 мянга орчим нь 10-аас дээш жил ханилсан, гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлд учирч буй стрессийг бууруулах нь төрийн нэг талын хариуцах асуудал мөнөөс мөн. Гэр бүлийн тогтвортой байдлыг нөгөө талдаа хөшүүрэг болгох үүднээс хамтын тэтгэврийн асуудлыг нийгмийн даатгалын тухай хуулиар оруулсан. 2024 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн.
20-оос дээш жил хамт амьдарсан 2 өндөр насны тэтгэвэр авагчийн аль нэг нь, тэнгэрт дэвшсэн тохиолдолд үлдэж байгаа хүн нь тухайн бурханны оронд дэвшсэн хүнийхээ тэтгэврийн 20%-ийг өөрийнхөө тэтгэвэр дээр нэмэлтээр авах, ийм хуулийн зохицуулалт хэрэгжиж байгаа. Нэг талдаа нийгмийн даатгал ч гэсэн гэр бүлийн харилцаа болон хамтын тэтгэврийн асуудлыг дэвшүүлсэн нь өөрөө бас сайн юм. Үүнийг хүмүүс мэдээсэй. Энэ хуулийн хэрэгжилтийг УИХ-ын гишүүд сурталчлах ёстой учраас, үүнийг хэлж байна. Нийгмийн даатгалын харилцаатай холбоотой энэ хөгжлийн төлөвлөгөөнд орсон 2.12.1.1 дээр үндэсний баялгийн сангаар дамжуулж хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэн бүрд хуримтлалын нэрийн дансанд хөрөнгө хуримтлуулна гээд нийгмийн даатгалтай холбоотой биччихсэн байна. Гэтэл Үндэсний баялгийн сангийн хуримтлалын зарцуулалт нь зөвхөн орон сууц, эрүүл мэнд, боловсролд л зарцуулах ийм боломжтой. Гэтэл эдгээрт зарцуулах шаардлагагүй, эдгээр харилцаа нь хангагдсан байгаа иргэдийн хувьд яах вэ гэдэг ийм том асуулт үлдэж байгаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дээр тэтгэврийн насанд хүрсэн иргэн, хуримтлалын нэрийн дансан дахь мөнгөн хөрөнгөө нэг удаа нийт дүнгээр нь бэлнээр нь авч болно. Тэтгэврийн насандаа хүрэхлээрээ эсвэл, тухайн хүний нэр дээр нь л хуримтлал үүсээд байгаа л юм бол, үүнийг туайн иргэн нас барах юм бол үр хүүхдүүд нь хөрөнгийг нь иргэний хуульд заасны дагуу өвлүүлж болно гэдэг заалтыг оруулах шаардлагатай байна. Үүнийг нийгмийн даатгалын сан, нийгмийн даатгалын сангийн алдагдал, төсвийн энэ татаастай хольж хутгаад болохгүй гэдэг байдлаар хандаад байх шиг байна. Гэтэл үүнийг холихгүйгээр эрүүл мэнд, боловсрол, орон сууцдаа зарцуулахгүй хүн эдгээр мөнгөө бас өөртөө зарцуулах эрхтэй юм шиг. Үүнийгээ нэмэлт тэтгэвэр байдлаар зарцуулах олон улсын туршлагыг Монгол Улсдаа нэвтрүүлэх боломжтой юу, үгүй юу.

Сэтгүүлч