2025.05.21

Д.Бум-Очир: 6 хувиасаа гадна, багш нарынхаа цалинг бага ч болсон нэмэх арга байна уу?

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /-ийг хэлэлцүүллээ.

2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан гишүүд тус салбарын асуудлуудыг хөндөж, тодорхой шийдлүүдийг дэвшүүлж байв.

2026 оныг боловсролын жил болгож зарлаж байгаа нь зөв. Гэхдээ энэ төсөв төлөвлөгөөг харахад багш нарын цалин харамсалтай нь нэмэгдэхгүй юм шиг байна. Хуульд байгаа инфляц нь 6 хувиараа л нэмэгдэх байх. Тэгэхээр багш нар маань биднээс юу хүлээж байгаа вэ гэхээр. Боловсролын жил болгон зарлаж байгаа юм чинь багш нарын цалин хөлс ахуй амьдрал дээшлэх байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд, багш нарын дунд байгаа. Бид нар одоо юу гэж хэлэх юм бэ? Уучлаарай улсын төсөв хүрэхгүй ээ гэдэг зүйлээ хэлээд сууж байх уу. Багш нарын цалин нэмэх тухай асуудал ярихаар цалин ярилаа гэдэг ярихаас өөр арга байхгүй.  Багш нар дутагдалтай байгаа. Монголд биш Солонгост байгаа. Багш мэргэжил эзэмшчихсэн, төгсөөд багшийн ажлыг хийхгүй байгаа тоо өндөр байгаа. Учир нь ажлын ачаалал их, цалин бага. Тиймээс ажлаас халширдаг.  Багш нарынхаа цалинг нэмж, ажлын байранд нь багш нараа  буцааж уриалж авчрах ийм л зүйл шүү дээ. Олон нийтэд маш их хүлээлт үүсчихсэн байгаа. Тэгэхээр энэ асуудлыг хэзээ нэгэн цагт бид нарт бүгдэд нь яригдах байх. Мэдээж улсын төсөв хэцүү байгаа эдийн засаг хэцүү байгаа гэдгийг ойлгож байна. Тийм учраас би нэг хэцүү асуудлыг  ярихгүй өнгөрч бас болохгүй. Ярихад бас хэцүү байгаад байна. Үүнийг яах ёстой юм бэ? Ямар нэгэн байдлаар багш нарынхаа цалинг бага ч болсон нэмэх арга байдаггүй үгүй юм уу? 6 хувиасаа гадна шүү. Үүнийг хаа хаанаа  бүгдээрээ л бодмоор санагдаж байгаа юм шүү гэдгийг онцлон хэлэх гэсэн юм.