Монгол улс газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулдаг системтэй боллоо
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
2014.11.28

Монгол улс газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулдаг системтэй боллоо

“Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүлэн төслийн нэгдүгээр үе шатанд Онцгой байдлын ерөнхий газарт Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг 20 албан хаагчтайгаар шинээр байгууллаа. 

Хүн ам олноор төвлөрсөн сая гаруй иргэнтэй нийслэл хотод томоохон аюул, осол тохиолдоход бэлэн байх, иргэдийг болзошгүй аюулт үзэгдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 195 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хэрэгжүүлжээ.
Улаанбаатар хотын 9 дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын 3 метрийн 48 цамхаг, 8 метрийн 12 цамхаг, зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхаг суурилуулаад байна. 
Мөн 3 телевиз (МҮОНРТ, UBS, Монгол HD), 9 FМ (Улаанбаатар FM 102.5, Авто радио 96.3, Гэр бүлийн радио 104.5, Лавайн эгшиг 97.5, Монголын үндэсний радио 106, Шинэ долгион радио 107.5, Бэст радио 98.5, Хамаг Монгол радио 95.1, Тэнгэрлэг радио 103.6) радиогийн газруудад өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтанд оруулаад байна. 

Улаанбаатар хотын 9 дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын 3 метрийн 48 цамхаг, 8 метрийн 12 цамхаг, зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхаг суурилуулаад байна. 


Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв нь Одон орон, геофизик судалгааны төв, Цаг уур орчны шинжилгээний газар, “Орбитнэт” ХХК-ийн Дата төв зэрэг 3 байгууллагуудтай нийт 6986 метрийн шилэн кабелийн сүлжээнд холбосон.
Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн төв байр, Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй” хайрхан уул, Багануур дүүргийн “Мэлз хайрхан”, Налайх дүүргийн “Тамгын өндөр” уулан дахь дахин дамжуулах төвүүдэд 4 ширхэг хэт богино долгионы дахин дамжуулагчийг суурилууллаа. 
Мөн төслийн 2 дугаар үе шатны хүрээнд Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв дээр томоохон хэмжээний гэмтэл гарсан тохиолдолд түүнийг бүрэн орлон ажиллах хөдөлгөөнт удирдлагын төвийг 5 тонны даацтай “Хьюндай HD120” загварын автомашин дээр тоноглон төхөөрөмжилж, системийн найдвартай ажиллагааг хангахын тулд 26.4 киловаттын нөөц цахилгаан үүсгүүр суурилуулж холболтыг хийгээд байна.

Газар хөдлөлтийн идэвхжилттэй бүсүүд болох (Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн, Төв аймгийн Баянцагаан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Хушаат сум) нийт 4 аймгийн 7 сумын нутагт 12 цэгт газар хөдлөлтийг мэдрэгч төхөөрөмжийг суурилуулсан байна. 
Монгол Улсад анх удаа Олон улсын жишигт нийцсэн, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоо бий болж байгаа нь иргэд гамшгийн аюулыг мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр дамжуулан цаг алдалгүй хүлээн авч гамшгийн аюулыг хохирол багатай даван туулах боломж ийнхүү бүрдэж байна.
“Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва нээж үг хэлэв. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Төсөл маань 2012 оноос эхлэн хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийж байна.

Энэхүү систем маань ашиглалтад орсноор газар хөдлөлтийн болон бусад болзошгүй гамшгийн аюулыг мэдээлэл харилцаа холбоо технологийн дэвшилийг ашиглан нийт ард иргэдэд түргэн шуурхай хүргэх, хохирол багатай даван туулах боломжийг бүрдүүлэх давуу талыг бидэнд авчирч байна” хэмээгээд Хөдөлгөөнт удирдлагын төвийн түлхүүрийг ОБЕГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржид гардуулан өглөө.

Арга хэмжээнд БНСУ-ын “Кореа телеком” корпорацийн дэд Ерөнхийлөгч И Бён Ну, “Эй энд Ди” компанийн гүйцэтгэх захирал И Вон Рак, Одон орон, геофизик судалгааны төвийн дарга С.Дэмбэрэл, Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогт нар оролцсон бөгөөд Зарлан мэдээлэх хөдөлгөөнт удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн явцын талаархи дүрст танилцуулгыг үзэж сонирхсон байна.