Ю.Ариун: Анхны захиалгаа авахын тулд хоёр жилийг зарцуулсан
Тэрээр нэрийн гутлаа АНУ-ын зах зээлд нийлүүлж, интернэтээр захиалгаа авч дэлхий даяар борлуулж байгаа юм. Ингээд Америкт ажиллаж, амьдардаг түүнтэй холбогдож ярилцлаа.
-Гутал үйлдвэрлэх санаа хаанаас төрөв, юунд тулгуурлаж гутлаа хийх болов ?
Би Америкт 2007 онд өөрийн түрийтэй гуталнуудын цуглуулгийг Монголоос авчирсан юм. Энд амьдарч байхад хүмүүс миний түрийтэй гуталнуудыг хараад дуу алдаж, хаанаас авч болох вэ гэж нилээн асуусан. Монголоос авчирсан гэхэд тэгвэл эндээс авч чадахгүй юм байна гээд өнгөрдөг байлаа. Зарим нэг нь Америкт ийм гоё түрийтэй гутал ерөөсөө зардаггүй гэдэг байсан. Үүнээс үндэслэн гутлын бизнес хийхээр сэтгэл шулуудсан.
-Мэдээж АНУ-ын зах зээл том. Тэгэхээр хэрэглэгчийн сэтгэлийг татат байж сайн борлуулагдана. Таны гуталны онцлог юу вэ ?
Гуталны загварын онцлог нь гэвэл жилийн дөрвөн улиралд омсох боломжтой, бас бүдүүн нарийн шилбэтэй хүнд зориулж түрийг нь ихэсгэж багасгаж болохоор кноптой. Бас дээш болгож уртаар омсох, эсвэл доошлуулаад уячихаж болдог. Түүнчлэн ямар ч хувцсан дээр өмсөхөд зохимжтой харагддаг. Зарим хүмүүс кэт шиг их зөөлөн, хөлд эвтэйхэн гутал гэж ярьдаг.
-Та гутлынхаа материалыг хаанаас авдаг вэ ?
Материалаа Америкийн “Отабо” гэж бренд гутал үйлдвэрлэдэг том компаниас авдаг. Би материалаа сонгоод компани нь цаанаасаа нийлүүлдэг. Ийм зарчмаар гутлаа үйлдвэрлэж байна.
-АНУ-ын зах зээлд нэрийн гутлаа үйлдвэрлэнэ гэдэг маш том амжилт. Мэдээж эхэндээ хүндрэлтэй зүйл их тулгарч байсан байх. Ямар бэрхшээл гарч байсан бэ ?
Америкт хичнээн сайхан боломж байлаа ч, нөгөө талдаа бэрхшээл зовлон их туулсан. Наад зах нь хэлнээс авахуулаад хүнтэй ойр зуур ярьж чадахгүй, нэг бол соёлын шоконд орох зэрэг асуудлууд их гардаг байлаа. Гэхдээ ямар ч хүн би чадна гээд хичээвэл чадахгүй гэх зүйл үгүй. Хүний нутагт амьдрахын төлөө хүн өөрийн эрхгүй хөдөлдөг.
ARIUN BOOTS
Би хоёр жил гаруй хугацаа зарцуулсны дүнд гутлынхаа эхний захиалгийг хийлгүүлсэн. Энгийн үйлдвэрээс гутал захиалах биш өөрийн загвараар гаргуулж байгаа болохоор мөнгө санхүүгийн хувьд бэрхшээл их бий. Хамгийн гол нь Америкт бизнес хийх хууль дүрмийг сайн баримтлахгүй бол манайхтай адил амархан биш.
-Та “Ariun boots” брендээ монголын зах зээлд нэвтрүүлэх боломж бий юу ?
Монголд үйлдвэрлэх санаа байгаа. Одоохондоо түүнийг сайн судалж үзээгүй байна. Монголчууд эндхийн хүмүүсээс дутахгүй дэмжиж байгаа.
-Та борлуулалтаа хэрхэн хийж байна вэ?
Орчин үед бүх зүйл Интернэтээр худалдаалдаг болсон. Тэр утгаараа өрсөлдөөн ихтэй. Ялангуяа Amazon, ebay мэтийн онлайн худалдаа Америкийн зах зээлд томоохон орон зайг эзэлдэг. Тиймээс шинэ брендийн гутлийг үүн шиг томоохон зах зээлд нийлүүлнэ гэдэг нилээд хүндрэлтэй. Миний хувьд түлхүү интернэтийг ашиглаж байна. Монгол болон дэлхийн хаанаас ч захиалсан худалдан авах боломжийг давхар бүрдүүлсэн.
-Мэдээж хоёр улсын зах зээлийг харьцуулах аргагүй ч ялгаа нь юу вэ ?
Энд бизнесийн боломж нь Монголоос илүү санагдсан. Хэрвээ зөв системээр гараагаа эхлэвэл ямарч хүнд боломж бий. Би өөрөө гутлын мэргэжилтэй биш. Тиймээс дизайнераар загварыг нь зөв гаргуулаад гутлын захиалгаа өгсөн. Доод тал нь заавал 500 ширхэгийг хийлгэх ёстой. Одоогоор бараг дуусах гэж байгаа.
-Хэрэгчлэгчдийн хувьд ямар сэтгэгдэлтэй байгаа вэ ?
Хэрэглэгчид сэтгэл хангалуун байгаа. Чанар сайтай, хол замд эвтэйхэн гэдэг. Хэрвээ Ariun boots таалагдаагүй бол 30 хоногийн дотор буцаах үйлчилгээг давхар нэвтрүүлсэн байгаа. Гэхдээ одоогоор буцаасан хүн нэг ч байхгүй.