Д.Ганхуяг: Сайд болох эсэхийг тухайн үед шийднэ
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2014.11.26

Д.Ганхуяг: Сайд болох эсэхийг тухайн үед шийднэ

Засгийн газрын бүтэц яригдаж байгаа энэ үед УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.

-Шийдлийн гэх Засгийн газрыг ямар бүтцээр ажиллаасай гэж бодож байна. Хэрэв МАН Засагт орно гэвэл олон зүйл өөрчлөгдөх гээд байх шиг байна?

Одоогоор Ерөнхий сайд томилогдсон. Парламентад суудалтай намуудад хамтран ажиллах саналаа хүргүүлсэн байна. Хамгийн гол нь эдийн засгийн байдал хүндэвтэр байгаа. Мөн бид хоёр хөрштэйгөө харилцааны шинэ хуудас нээсэн байгаа энэ үед УИХ, Засгийн газар эрч хүчтэй хурдан ажиллах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн энэ хүлээлтийн нөхцөл байдлаас хурдан гарах ёстой. Эдийн засгийн хүндрэлээс гадна улс төртэй холбоотой хууль эрх зүйн орчны асуудал болон Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Өрийн удирдлагын болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг цаг алдалгүй шийдвэрлэх олон асуудал бий.

Үнэндээ энэ парламент Засгийн газрын тухай хууль буюу давхар дээлийн асуудлыг хэтэрхий их хэлэлцсэн. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын асуудал гээд нийт чуулганы хугацааны 60 орчим хувийг ийм л асуудалд зарцуулсан.

Тиймээс олонх, цөөнх гэлтгүй УИХ-ын гишүүний тангаргынхаа хүрээнд улс орныхоо хөгжлийг хурдасгах, эдийн засгийн хүнд байдлаас гарах зэрэг асуудлыг хамтарч шийдсэн нь дээр гэдгийг бид санал болгосон.

Үнэндээ энэ парламент Засгийн газрын тухай хууль буюу давхар дээлийн асуудлыг хэтэрхий их хэлэлцсэн.

Одоогоор энэ талаарх эцсийн шийдвэр гараагүй байна. Шийдвэр эцэслэж гарсны дараа дараагийн Засгийн газрынхаа бүтцийг ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Янз бүрийн л таамаг явж байна. Засгийн газрын бүтэц бол гүйцэтгэх засаглалын мотор гэсэн үг. Тиймээс шинэчлэл өөрчлөлтөд таарсан бүтэц байх ёстой л гэж үзэж байгаа.

-Таныг шинэ Засагт сайдаар ажиллах урилга ирвэл хүлээж авах уу?

УИХ дээр шийдэгдэх үйл ажиллагаа маш олон болсон. Тухайлбал, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гэх мэтийг энд нэрлэж болно.

Мөн миний ажиллаж байсан салбарт Уул уурхайн ил тод байдлын тухай хууль зэрэг УИХ дээр хийх ажил их байна гэж ойлгож байгаа. Сайдын суудалд суух эсэхийг тухайн үед ярьж байгаад шийднэ. Ер нь сайд болох хүсэлтэй олон хүн байна.

-Сөрөг хүчин дараагийн Засгийн газарт хамтрахгүй бол тогтвортой ажиллахад хүндрэлтэй байна гэх юм. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

Улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс МАН-ыг шийдвэр гаргана гэж ойлгож байгаа. Ийм л байх учиртай. УИХ-д олонх байхгүй. Харин олуулаа болсон. 1999 оны Үндсэн хуулийн өөрчлөлт зөвхөн энэ хуульдаа л орсон. Түүнийг Засгийн газрын болон УИХ-ын тухай хууль, улс төрийн намын тухай хуульд хамтарч ажиллах хуулийн төсөл бэлэн болсон байгаа.

Тиймээс МАН хэрэв хамтарч ажиллах шийдвэр гаргавал энэ хуулийг хэрэгжүүлээд явах нь зүйтэй. Хамтарсан Засгийн газар байгуулчихаад сонгууль дөхөхөөр л бие биеэ муулаад шүүмжлээд эхэлдэг. Гэтэл энэ нь иргэдэд тухайн намын бодлого, хөтөлбөрөөр санал өгөх боломжийг иргэдэд олгодоггүй. Тиймээс олонх байхгүй тохиолдолд хамтарсан бол сонгууль дуусан дуустал хамтардаг олон улсын жишгээр явсан нь зөв гэж үздэг.

-Эдийн засгийн хөгжлийн яамыг дахин байгуулахаар тогтсон гэх мэдээлэл байна. Энэ яамыг дахин байгуулах нь оновчтой шийдэл болж чадах уу?

Ер нь эдийн засгийн асуудал чухал. Үүрэг, эрхлэх ажил нь ойлгомжтой байх нь гол. Заавал яам байснаар энэ бүхнийг шийдэх үү, эсвэл өөр бүтцээр, улс орны хэмжээний үндэсний хороо байх уу гэдгийг шийдэх учиртай. Харин нэг зүйл нь зах зээлийн эдийн засагтай орнууд үндэсний хөгжлийн стратегийг боловсруулдаг. Тухайлбал, энэ хөтөлбөрийг Солонгос, Япон орон 2050 он хүртэл боловсруулчихсан. маш ойлгомжтой стратегийг баталчих хэрэгтэй. Үүнд эдийн засгийн бодлого чухал нөлөөтэй. Хамгийн гол нь Эдийн засгийн төлөвлөлтийн тухай хуулиа УИХ-аар яаралтай баталчих хэрэгтэй.

-Таны удирдаж байсан салбарын сaйдад Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжидийн нэр яригдаж байгаа. Энэ хүнийг та салбар удирдах хэр боломжтой хүн гэж харж байгаа вэ?

Одоогоор ийм тийм гэсэн зүйл алга. Ямар ч байсан нам дотроо ярьж байгаад шийдэх байх.