Ц.Даваасүрэн: “МАНАН”-гийн эсрэг хяналтаа тавина
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.11.24

Ц.Даваасүрэн: “МАНАН”-гийн эсрэг хяналтаа тавина

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногт бие даагч гишүүдийн зөвлөлөөс санаачилж өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

С.Ганбаатар гишүүн өргөн барьснаас хойш 583 хоногийн дараа уг хуулийн төлийг хэлэлцэж байгааг дурдаад, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл мөн энэ долоо хоногт хэлэлцэгдэх юм байна.

Бие даагч гишүүд “Зарчмын ганц нэг зөрүүтэй саналууд байгаа хэдий ч хоёр хуулийн төслийг нийлүүлээд хэлэлцэж баталвал олон зуун хүүхдийн ирээдүй шийдэгдэнэ” гэдгийг хэллээ.

Мөн энэ долоо хоногт  УИХ дахь бие даагч гишүүд Дэлхийн банк болон олон улсын бусад байгууллагуудаас олгодог төслийн зээлүүд хэр үр дүнтэй байдаг талаар судалж, үр дүнг нь олон нийтэд танилцуулна гэсэн юм. Тухайлбал, Дэлхийн банкнаас олгодог Тогтвортой амьжиргаа-3, Боловсролын чанарын шинэчлэл, Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр зэрэг төслүүд хэр үр дүнтэй байгаа, төслийн хүрээнд манай улсад ажилладаг гадаад ажилчид хэдий хэр цалин авдаг зэрэг асуудлуудыг судлах аж.

С.Ганбаатар гишүүний хэлснээр энэхүү төслийн хөрөнгүүд нь бэлнээр орж ирдэггүй бөгөөд зээлийг нь ирээдүйд бидний үр хүүхэд төлөх учраас ийнхүү анхаарч байгаа гэлээ. Ирэх лхагва гарагт уг төслийн зээлүүдийн талаар байнгын хороодоор хэлэлцүүлэх бөгөөд үүнээс өмнө бие даагчдын зөвлөлөөс өөрсдийн анализыг хийж олон нийтэд тараах юм байна.

Үүнээс гадна ирэх лхагва гарагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн санд хийсэн аудитын шалгалтын үр дүнг хэлэлцэх аж. Уг аудитын шалгалтаар зарим аймаг, сум, дүүргүүдэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил нилээд илэрсэн байна.

Тийм учраас Төсвийн байнгын хорооны хуралдаанд дээрх алдаатай орон нутгийн байгууллагуудын холбогдох удирдлагуудыг оролцуулж хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Мөн энэ хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын сангуудад хийсэн шалгалтын үр дүнгийн талаар ярилцах аж.

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд болон бие даагч гишүүдийн анхаарлын төвд байгаа асуудал бол  Засгийн газрын бүтцийн асуудал юм. Энэ талаар бие даагч гишүүдээс тодруулахад “Засгийн газрыг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаа гэсэн юм. Өөрөөр хэлбэл, салбарын сайд нь мэргэжилтнийхээ үгэнд орж  дагахааргүй, салбараа мэддэг хүн байх ёстой гэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

-Бие даагчид Засгийн газарт сөрөг хүчин болно гэж мэдэгдсэн. Тэгэхээр Засгийн газарт орж ажиллахгүй гэж ойлгох уу?

-Бүх намууд нэгдэж МАНАН үүсгэсэн тохиололд хяналтын чиг үүрэг нь алдагдчихна. Тийм учраас тэр хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж сөрөг хүчин байя гэсэн юм. Бид МАНАН-ийн эсрэг хяналтаа хийнэ гэсэн байр суурь хэвээрээ байгаа.

-Гэхдээ Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болохыг дэмжсэн шүү дээ?

-Засгийн газрын асуудалд цаг алдаж болохгүй учраас бид Ерөнхий сайдад хэнийг ч нэр дэвшсэн байсан дэмжинэ гэдгээ хэлсэн шүү дээ.

-Бие даагч гишүүд шинэ Засгийн газрын бүтцийг яаж харж байгаа вэ. Үндсэн чиг үүргийг яамдыг ямар байлгах бол. Зарим гишүүд Эдийн засгийн хөгжлийн яамыг буцааж сэргээх нь зүйтэй гэж ярьж байна?

-Эдийн засгийн хөгжлийн яам бол яах аргагүй чухал. Өнөөдрийн энэ эдийн засгийн хямралт байдлын гол углуурга байгууллага нь тэнд байгаа. Эдийн засгийн дунд хугацааны бодлого төлөвлөлт байхгүйгээс болж төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй, үрэлгэн болж байгаа юм. Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн яамтай болно гэвэл бид дэмжинэ. Харин үүнээс өөр бусад яамдын тоог нэмэх хэрэгггүй байх гэж бодож байна. Аль болох цомхон байхыг л дэмжинэ.

-Шинээр байгуулах Засгийн газрын бүтцийг өөрчилвөл төсөвт тодотгол орох шаардлага үүсэх байх?

-Өнөөдөр шинээр байгуулагдсан гурван яам ямар ч санхүүжилт,  төсөвгүй болчихоод үйл ажиллагаа нь зогсох хэмжээнд хүрчихээд байна. Нэг зүйлийг хэлэхэд, одоогийн байгаа Засгийн газрын бүтцийн нэг яам, нэг агентлагийг л хөдөлгөх юм бол бидний баталсан 2015 оны төсвийг тодотгох шаардлагатай болно. Тийм учраас шинээр байгуулагдаж байгаа Засгийн газарт одоогийн байгаа бүтцээрээ л ажиллах шаардлага үүсчихээд байгаа юм. Хэрэв бүтцээ өөрчлөх л юм бол төсвөө тодотгох шаардлага үүснэ.