О.Баасанхүү: З.Энхболд “Гэрээ хүчинтэй” гэсэн учир бид Ч.Сайханбилэгийг дэмжсэн
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.11.21

О.Баасанхүү: З.Энхболд “Гэрээ хүчинтэй” гэсэн учир бид Ч.Сайханбилэгийг дэмжсэн

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “ Ярилцах танхим”- даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Танай намын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн лхагва гаригт хуралдсан. Юу ярилцсан бэ?

-Гүйцэтгэх товчооны хурлын талаарх нарийн ширийн мэдээллүүдийг жирийн гишүүний хувьд гаргах нь зохисгүй байх. Харин МАХН-ын гишүүний хувиар байр сууриа илэрхийлэх ёстой гэж бодож байна.

 Ардчилсан нам манай эвсэл болон Иргэний зориг-Ногоон намтай байгуулсан гэрээг үндэслэж, шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг огцорсны дараа тэд гэрээг маш ойлгомжгүй байдалтай болгосон. Уг нь бид 2016 он хүртэл хэрхэн хамтарч ажиллах гэрээ баталгаажуулчихсан.

Энэ хооронд Засгийн газар хэдэн ч удаа огцорч, хэдэн ч сайдад хариуцлага тооцож болно. Харин Засгийн газрыг хамтарч бүрдүүлж байгаа нам, эвсэлд ямар ч өөрчлөлт орохгүй гэдгийг гэрээнд хатуу зааж өгсөн юм. Гэтэл Ардчилсан намынхан Н.Алтанхуягийг огцруулсныхаа дараа Ардын намд Засгийн газарт хамтрах санал тавьсан. Энэ нь бидэнтэй байгуулсан гэрээг зөрчиж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, тэд том толгой гаргаж, бидэнтэй зөвлөлдөлгүйгээр шийдвэр гаргаж байгаагийн илрэл юм. Тиймээс бид Засгийн газар анх эмхлэхэд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ юу гэдгийг Ардчилсан намын дарга З.Энхболдоос тодруулах шаардлагатай болсон. Нөгөөтэйгүүр, гэрээнд тусгагдсан мөрийи хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг ч хөндсөн.

-Тэгэхээр тэр гэрээ хүчин төгөлдөр  байгаа гэдгийг Ардчилсан намынхан хэлсэн учир танай эвсэл Ерөнхий сайдад  нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжсэн гэсэн үг үү?

-Ч.Сайханбилэгийг гэж хэлж байгаа юм биш хоёр шалтгаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг би хувьдаа дэмжиж байгаа. Нэгдүгээрт, Ардчилсан намын даргын хувьд З.Энхболд “Засгийн газрыг анх- эмхлэхэд “Шударга ёс” эвсэл болон Иргэний зориг-Ногоон намтай манай намын байгуулсан гэрээ хүчинтэй” гэж хэлсэн учир. Энэхүү гэрээнд Ерөнхий сайдыг Ардчилсан нам нэр дэвшүүлнэ.

Энэ тохиолдолд хамтарч Засгийн газар байгуулсан нам, эсвэл нь дэмжинэ гэсэн заалт байгаа учир бид дэмжинэ. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахдаа Үндсэн хуулийг зөрчсөн. Тодруулбал, Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон гэж үзнэ гэсэн өгүүлбэр бий. Энэ тохиолдолд дараагийн Ерөнхий сайд томилогдтол хуучин Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой.

Шадар сайдыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Шадар сайд нь өөрөө огцроогүй юм шиг, Засгийн газар байхгүй юм шиг асуудал үүсгэчихсэн

Өөрөөр хэлбэл, бүх сайд нар нь үүрэг гүйцэтгэгч болох юм. Гэтэл сая Шадар сайдыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Шадар сайд нь өөрөө огцроогүй юм шиг, Засгийн газар байхгүй юм шиг асуудал үүсгэчихсэн. Энэ алдааг олж хараад Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилох гээд байнгын хорооны хурал зарлахаар гишүүд нь ирэхгүй байгаагаас болж Гүйцэтгэх засаглалын хэвийн үйл ажиллагаа алдагдсан.

Тодруулбал, Засгийн газар хуралдахгүй, яамдын үйл ажиллагаанд доголдол үүссэнээс болоод төрийн тасралтгүй байх зарчим алдагчихаад байгааг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс дараагийн Ерөнхий сайдыг яаралтай томилох шаардлага тулгарсан. Үүний дараа ярих ёстой зүйлүүдээ ярьж болно шүү дээ. Төрийн үйл ажиллагааг Ардын нам санаатайгаар гацааж, төрийн тогтолцоонд гажуудал үүсгэж байхад бид эс үйлдлээрээ дэмжээд байж болохгүй гэдгийг хуульч хүнийхээ хувиар гишүүддээ тайлбарласан.

-Ардын намыг төрийн ажил гацаалаа гэх юм. Ер нь бол Ардчилсан намынхан ч танай эвслээс ч Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан шүү дээ?

-Үйл явцыг эхнээс нь юу болсныг ярья л даа. Ардын намынхан Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг дэмжчихээд сайд нарыг нь зөвшөөрөх асуудал дээр Ерөнхийлөгчийн зөвшилцөх хугацааг нь хүлээе. Байнгын хорооны хуралдаанаар шууд хэлэлцэх нь асуудалтай гээд завсарлага авсан. Гэтэл завсарлагааныхаа хугацаанд Ерөнхий  сайдыг огцруулах бичгийг өргөн барьчихсан байхгүй юу.

Энэ бол Ардын намынхны Монголын төрийг доромжилж болдог гэсэн сэтгэлгээ ил гарсан нэг үйлдэл гэж би хардаг. Тэдний хийсэн үйлдлээс , болоод Монгол Улс хуульгүй улс шиг харагдаж байна. Шүүмжилж, буруутгаж, огцруулах асуудлыг хөндөж болно. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд л явагдах учиртай. Тиймээс би Ардын намынхныг зохион байгуулалттайгаар байнгын хорооны хуралдааныг ирцгүйдүүлж, Гүйцэтгэх засаглалыг эзгүйдүүлж, Монгол төрийн дархлааг үгүй хийж байна гэж бодож байгаа.

-Энэ бүхний шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга асан  Н.Алтянхуяг нарын 2020 он хүртэл хамтарч ажиллахаар байгуулсан гэрээнд байсан юм биш үү?

-Тэр гэрээнээс болоод Засгийн газар унасан гэж ярьж байгаа хүмүүс худлаа ярьж байгаа, Тэр гэрээ шалтгаан уу, шалтаг уу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Тэрхүү гэрээгээр шалтаг хийсэн шүү дээ. Тэр яриад байгаа гэрээг нэг хоногийн дотор байгуулчихаагүй. Манай намаас Л.Цог, Д.Тэрбишдагва дарга,  Ардчилсан намаас Р.Гончигдорж, З.Энхболд дарга засна гээд л явж байсан.

Үүнийг бүгд л мэдэж байсан, Монголд нууц гэж байхгүй. Тэгээд ч энэ гэрээнд тийм сүртэй асуудал байгаа ч үгүй. Зөвшилцөж ажиллая гэдэг л гэрээ байхгүй юу. Гэтэл өнөөдөр зөвшилцөл нэрийн дор Төрийн ордны өнцөг булан бүрт хор найруулж байна.  Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явуулах үеэр Ардын намын зарим гишүүн юу ч мэдээгүй л байсан шүү дээ. Олонхио дагаад л кноп дарсан. Ерөнхий сайд огцорсон. Энэ бүх нууц зөвшилцлүүдийг ил болгож, амьгүй албатуудыг амьд болгоё гэж тэр гэрээг байгуулсан юм.             

-Ардчилсан намын ҮЗХ-ноос хүчингүй болгочихсон байх аа, тэр гэрээг?             

-Ардчилсан намынхан хуульчгүй болчихсон юм болов уу л гэж харж байгаа. Ард түмэн л тэр гэрээг хүчинтэй юу, үгүй юу  гэдгийг ойлгож байгаа байх аа. Ер нь Ардчилсан намынхан тэр гэрээг дагах сонирхолгүй байгаагаа  илэрхийлснээс бус гэрээг хүчингүй гэж ярих эрхгүй. Гэрээг хүчинтэй юу, үгүй юу гэдгийг гэрээний нөхцлийн дагуу л ярина. Түүнээс биш “Манай Н.Алтанхуяг андуурчихсан байна. Тиймээс энэ гэрээ хүчингүй” гэж ярьдаггүй л байхгүй юу.

-Ардын намд гомдож танай намд орж ирсэн хэсэг хүн бий. Тэр хүмүүс МАХН-даа гомдоод эхэлсэн тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар тодруулна уу?

-Манай намынхныг Ардын намд гомдсон гэдэг яриаг С.Баярцогт гаргасан болохоос манай намд Ардын намд гомдоод байдаг хүмүүс байхгүй гэж би боддог, Малгайгаа сольсон намыг эсэргүүцэж л бид нам байгуулсан. Үл ойлголцох асуудал гэдэг бол нам дотор байдаг л асуудал. Гэр бүлд хүртэл үл ойлголцол гарах тохиолдол гардаг байх аа. Манай нам бол нийгэмд гуравдагч хүчин гэдгээрээ хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгэхээр ганц, хоёр хүний тэрслүү бодол тийм ч хол явахгүй гэж бодож байгаа.

-МҮАН, МАХН хоёрын зам салах гэж байгаа юм уу. “Шударгаёс” эвсэл тарах хууль, эрх зүйн боломж байхгүй биз дээ?

-“Шударга ёс" эвсэл задрахгүй. Гэрээний дагуу бүх зүйл явагдана. Бид 2016 он хүртэл хамт явна. Бид цааш хийх бүх л зүйлээ ярьж байгаа. Амьд нам үргэлж хөдөлгөөнтэй байдгийн адилаар л эвсэл үйл ажиллагаагаа явуулж байна. Ийм байхад яагаад заавал задрах, бутрах, эвдрэх талаар яриад байгаа юм бэ. Бид дотроо хэчнээн толхилцсон ч эрх ашиг, зорилго дээрээ нэгдэж чаддаг л байхгүй юу.

-Таныг Ардчилсан намд цаагуураа үйлчлээд байгаа гэж ярьж байна билээ. Үнэхээр ч ярианаас тань Ардын намд дургүйцсэн өнгө аяс нэлээд мэдрэгдэж байна?

-Хүмүүсийн юу гэж ярих нь өөрсдийнх нь дурын хэрэг. Энэ бүхэнд би хариулт өгөх нь дэмий. Энэ талаар тэр хүмүүсээс л асуусан нь дээр. Би бол өөрийн итгэл үнэмшилдээ хамгийн тууштай, чигээрээ гэдгээрээ бусад хүнээс ялгардаг гэж боддог, Итгэл үнэмшлээсээ урвахгүй, зорилгоосоо буцахгүй. Зөв гэж бодсон

шийдвэрээсээ хэзээ ч буцахгүй. Ардчилсан намыг, Ардын намыг дэмжиж байна гэж ярихаасаа илүүтэй ардчиллын тухай бодох ёстой. Миний хувьд ардчилсан үзэл гаргаж байгаа нь зарим хүнд Ардчилсан намыг дэмжиж байгаа юм шиг харагдаж магадгүй. Эндүүрэх хэрэггүй. Ардчилсан намд коммунист үзэлтэй, олигархижсан олон хүн байгаа. Ардын намд ч ардчилсан үзэлтэй олон хүн бий. Үнэт зүйлгүй болчихсон хүмүүс нам намаараа талцах нь дэмий гэж би боддог юм.

-Та Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжинг Америкийн тагнуулч байж болзошгүй гэж огцруулах асуудлыг хөндөх үеэрээ ярьж байсан байх аа. Энэ асуудал одоо дахиад хөндөгдөж эхэллээ. Энэ талаар юу хэлэх вэ?

-Би тухайн үед Х.Тэмүүжинг огцруулахаар өргөн барьсан үндэслэлүүддээ одоо ч үнэнч байгаа. Эргүүлэн татсандаа харамсдаггүй, Яагаад гэвэл тухайн үед нийгэм болон УИХ-ын гишүүдийн 90 хувь нь миний хөндсөн  үндэслэлүүдийг буруутгасан. Бараг атаархсандаа Х.Тэмүүжинг огцруулах гэж байна гэж ярьсан.

Гэтэл миний огт хөндөөгүй Х.Тэмүүжинтэй холбоотой асуудал тухайн үед гарч ирээд, энэ асуудлаар санал хураалт явагдаж, Ардчилсан намынхан Х.Тэмүүжинг хамгаалж, манай намынхан ч Х.Тэмүүжинг өмгөөлсөн. Миний хувьд МАХН- ынхан Х.Тэмүүжинг дэмжиж байна гэдэг кноп дарах нь ичгэвтэр байсан. Тиймээс би “Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцээд энэ хүн үлдэх юм бол бүх зүйл О.Баасанхүүгийн буруу, миний зөв байсан" гэж ярина.

Харин асуудлаа татчих юм бол дахиад өргөн барих боломж байгаа, Тэр болтол гишүүд хэн нэгэн хүний хүсэлтээр хамгаалахаа болих байх гэж бодсон юм, Түүнээс биш хэн нэгэн надад нөлөөлөөд байсан зүйл огт байхгүй, Х.Тэмүүжинг Америкийн тагнуул байсан гэж би яриагүй. Одоо энэ асуудал яагаад хөндөгдөж байгаа талаар мэдэх зүйл алга.

-Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналаа эргүүлэн татахад тань УИХ-ын гишүүн Ц.Нямдорж маш олон зүйл ярьсан. Энэ талаар та ямар бодолтой явдаг юм бэ?

-Ц.Нямдорж бол түүхийн золиос, цаг хугацааны гацаа болсон хүн шүү дээ. Энэ хүнийг би улс төрөөс хурдан гарсан нь дээр гэж боддог. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн нь тогтоогдсон цорын ганц хүн байх аа. Ийм, хүн өнөөдөр юм ч ярих эрхгүй. Хамгийн муу хүн сул дорой хүн рүү дайрдаг гэдэг шиг нөхрийн нүдэнд би сул дорой л харагддаг юм байж. Тэр утгаараа надад хэлж чадах хамгийн муу үгээ тухайн үед хэлсэн байх. Би тэр хүнийг настай хүнийх нь хувьд их өрөвддөг юм.

Түүнээс биш хуульч гэж хэлэхэд ч хэцүү хүн шүү дээ. Сайн хуульч гээд барьчих ямар ном байгаа юм тэр хүнд. Тийм л сайн хуульч байсан юм бол муу байсан гэж ярьдаг Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг яагаад өргөн бариагүй юм. Х.Тэмүүжинг  огцруулах асуудлыг өргөн бариад хэлэлцэх үед маш их хугацаа зарцуулсан гэсэн шүүмжлэл байдаг.

Энэ асуудлыг 14 хоногийн дотор шийдэх ёстой гэдгийг намайг хэлсээр байтал хэн ч дуугараагүй. Х.Тэмүүжин намайг тагнасан гэдэг үндэслэл хэлсэн учир Ардчилсан намынхан 21 хоногийн завсарлага авсан. Дараа нь тав, тав хоногийн завсарлагаануудыг Ардчилсан нам болон Ардын намынхан авсан. МАХН-аас нэг ч завсарлага аваагүй байхад Ц.Нямдорж яагаад удаад байна гэж нэг ч удаа дуурагаагүй юм .

Ний нуугүй хэлэхэд Н.Энхбаяр даргад эд нарын талаар нэг сар тасралтгүй ярих түүх байгаа

Ийм л жүжигчин хүн учир Ц.Нямдоржийн төрсөн, үхэх хоёр л үнэн гэж би боддог, Хуульч л юм бол бодитоор нь ярих ёстой байсан. Уг нь бидэнд үлгэр дуурайл болоод явах ёстой хүн сул дорой гэж үзэж байгаа хүмүүс рүүгээ дайраад байгааг ойлгодоггүй юм. З.Баянсэлэнгэ бид хоёр яачихсан юм.

Пропроциональ тогтолцоог бид хоёр батлаагүй, Ц.Нямдорж, Сү.Батболд, Н.Алтанхуяг, З.Энхболд нар л батлаа биз дээ. Өөрөө ч гэсэн З.Баянсэлэнгэ бид хоёр шиг намын нэрийн жагсаалтаар УИХ-д орж ирчихээд тэр хүмүүсээ ч гэсэн ярихад яадаг юм. Бид хуульд байгаа бололцоогоороо л орж ирсэн. Биднийг яагаад үзэн ядаад байна вэ. Н.Энхбаяр даргын нэвтрүүлэг гарсны дараа Ц.Нямдоржийг яаж чичирснийг харсан биз. Ний нуугүй хэлэхэд Н.Энхбаяр даргад эд нарын талаар нэг сар тасралтгүй ярих түүх байгаа, Тэр нэвтрүүлэг бол юу ч биш байсан.

-Тэгж яриулахгүйн тулд Н.Энхбаяр даргыг цөллөгт явуулчихсан гэж ярьдаг юм билээ?

-Цөллөг ч гэж ярьж болохгүй байх аа. Бид өнөөдөр асуудалд шударга хандах ёстой, Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хүний эрхийн орон тооны зөвлөх гэж зарлиг гаргуулж байсан учир Ерөнхийлөгчдөө хайртай, Энэ хүнийг сайн сайхан яваасай гэж хүсдэг. Н.Энхбаяр даргыг ч сайн, сайхан байгаасай гэж хүсдэг. Ер нь бүх хүнд л сайн сайхныг хүсдэг дээ.