Г.Баярсайхан: Том асуудлыг хамтын хүчээр л шийднэ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхий сайдын томилгоо удаашрах нь. Улс төрийн зогсолт эдийн засагт муугаар нөлөөлнө биз дээ?
Монголын өнөөдрийн эдийн засаг бол Ардын намын, Ардчилсан намын эдийн засаг биш. Эцсийн мөчид эдийн засгийн нөхцөл байдал ард иргэдийн амьжиргаанд шууд. тусч байгаа. Монголын гадаад үзэмжинд ихээхэн нөлөөлж байна.
Инфляцийн төвшин савлаж байгаа нь ноцтой асуудал. Энэ нь эдийн засгийн хийгээд засаглалын, улс төрийн маш том хямрал нүүрлэчихээд байна. Багагүй хугацаанд үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай явж байгаа. Энэ бүхнийг ухамсарлаад яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
-Танай намын нэр дэвшигч өөрчлөгдсөнөөр улс төрийн нөхцөл байдал өөр болчnхоод байгаа юм биш үү?
УИХ дахь намын бүлгээс Р.Амаржаргал гишүүнийг 100 хувийн саналаар дэмжээд ҮЗХ руу оруул гэсэн. Тухайн үеийн нөхцөл байдал өөрчлөгдөн намын дарга өргөдлөө өгч шинэ дарга томилсон. Тэрээр Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж асуудлын ил тод нээлттэй, олон ургальч байдлаар хандсан.
Тэгээд Ч. Сайханбилэгийг манай намын бусад бүлэглэл санал болгож хоёр хүн өрсөлдүүлэхээр болсон. Энэ бол бодитой, ил тод, нээлттэй өрсөлдөөн болсон гэдгийг онцолмоор байна. Гишүүд эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах вэ гэдэг талаар асууж тодруулсан, нэр дэвшигчид байр сууриа тодорхой илэрхийлсэн.
-Та хэнийг нь дэмжсэн бэ?
Миний хувьд либерал байр суурьтайг нь дэмжинэ гэсэн. Надад Ч.Сайханбилэгийн саналууд илүү либерал санагдсан. Гэвч би Р. Амаржаргалыг дэмжиж санал өгсөн. Нэгэнт өрсөлдөөн чөлөөтэй болж нэг нь ялагдаж, нөгөө нь ялсан.
Манай намаас бүх нам эвсэлд Засгийн газарт хамтран ажиллах урилга өгсөн.
-ҮЗХ-ноос дэмжсэн Ч.Сайханбилэг нэр дэвшигчийг намын бүлэг дээр дэмжээгүй гишүүд нэлээд байсан гэсэн?
Намын бүлэг дээр том хагарал болсон мэт мэдээлэл байна. Мэдээж таван фракц бий. Өөр нэр дэвшигчийг өмнө нь намын бүлгээс дэмжсэн боловч намын дээд байгууллагаас эцсийн байдлаар дэмжигдсэн нэр дэвшигчийг бүлгээр дахин хэлэлцсэн.
Түүнийг бүлгийн гишүүдийн 19 нь дэмжсэн. Би тухайн үед Р.Амаржаргал гишүүнийг дэмжиж байсан МҮДН фракц шокноос гараагүй байсан юм болов уу гэж бодож байлаа. Гэхдээ өнөөдөр Р.Амаржаргал гишүүн Ч.Сайханбилэгийг дэмжинэ гэж ярьсан байна лээ.
-Парламентад суудалтай намууд хамтарч шинэ Засгийн газрыг байгуулах тухай ярьж байгаа. Та энэ тухайд ямар саналтай байна вэ?
Эдийн засгийн хямралтай тэмцэхийн тулд дотоод улс төрийн хямралаа дармаар байна. Ингэхийн тулд парламентад байгаа бүх улс төрийн хүчнүүд нийлж байж Засгийн газар хүчтэй дэмжлэгтэй болсноор хямралыг гэтэлнэ. Ардчилсан нам дотроо хагаралтай, Засгийн газраа арай гэж байгуулах гэж байгаа дээр нь унагаад өгье, эдийн засгийн хямрал дээр илүү тоглолт хийе гэсэн бодол сөрөг хүчинд байхгүй болов уу.
Манай намаас бүх нам эвсэлд Засгийн газарт хамтран ажиллах урилга өгсөн. Одоо бүгд эвтэй байж хямралыг гэтлэн давцгаая. Манай намын бүлэг ч гэсэн Монголын эрх ашгийн төлөө байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Ийм эгзэгтэй үед нам үл харгалзан чухал өөрчлөлт, шинэчлэлтийг хиймээр байна.
-УИХ-д суудалтай бүх нам хамтарч Засгийн газар байгуулах ёстой гэж үзэж байна уу?
Шинэчлэлийн Засгийн газрын бүтцээр цаашид явахад мухардалд орсон. Тиймээс бүгд хамтарч ажиллахаас өөр гарцгүй болсон Эвслийн Засгийн газар байгуулах байх.
-Тэгвэл эвслийн Засгийн газар юу хийх шаардлагатай гэж бодож байна вэ?
Эрүүл мэнд, боловсролын салбар, хувийн хэвшилд бодитой өөрчлөлт хэрэгтэй байна. Томоохон төрийн эмнэлгүүдийн тодорхой хувийг хувьчлах хэрэгтэй байна. Мөн томоохон сургуулиудыг төрийн оролцоотой хувьчлаад явах хэрэгтэй.
Ер нь боловсрол, эрүүл мэндийн салбарт 1990 оноос хойш салхи оруулсангүй. Ингэж хувийн хэвшилд өрсөлдөөний салхи оруулж байж л эмч, багш нарын цалинг нэмэх хэрэгтэй. Энэ мэтчилэн хийх ажилд шинээр байгуулагдах Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Энэ бүгдийг хамтран ажиллаж байж л хийнэ.