С.Ганбаатар: АН-ын нэр хүндийг З.Энхболд, Н.Алтанхуяг нар унагачихлаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.11.17

С.Ганбаатар: АН-ын нэр хүндийг З.Энхболд, Н.Алтанхуяг нар унагачихлаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцаа.

-Та Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанд яагаад суугаагүй юм бэ ?

Би Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ эртнээс хэлсэн.Тэгээд ч ард түмэн биднийг сандал суудлын асуудал хэлэлц гэж УИХ-д оруулаагүй. Улс орны ирээдүйн асуудлыг л хэлэлцэж, урагшлуул гэж сонгосон шүү дээ.

Хэлэлцэх ёстой асуудлуудыг хойшлуулан байж сандал суудал, албан тушаалын асуудлыг хэлэлцэж байгааг дургүйцэж байгаагаа илэрхийлж, ард түмнийхээ хүсэлтийг хүндэтгэсэн юм.

Нөгөөтэйгүүр,Ерөнхий сайдыг огцруулах уу, үгүй юу гэдэг асуудлаар би дарханчуудын дунд санал авсан. Тэдний 50 хувь нь огцруул гэсэн бол үлдсэн хувь нь Ерөнхий сайдыг хэвээр үлдээ гэсэн. Ингэж талцаж байгаа тохиолдолд санал хураалтад оролцохгүй байсан нь дээр гэж үзсэн юм.

-Ардчилсан намынхан дотооддоо бужигнаж эхэллээ. Та анхнаасаа олонхид шүүмжлэлтэй хандаж ирсэн хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?

Төрийн эрхийг атгаж байгаа хүчин эв нэгдэлгүй байна гэдэг төр тогтворгүй болохын илрэл. Ардчилсан намынханд итгэх иргэдийн итгэл үгүй болж байна. Тэд сонгогч ард түмний хүсэл сонирхлыг сонсохын оронд албан тушаалын төлөө орондоо орох завгүй хуралдаж, хэрэлдэж байгаа нь үнэхээр эмгэнэл.

Тэд өнгөрсөн өдрүүдэд дараагийн Ерөнхий сайдыг хэн байх вэ гэдэг дээр маргаан дэгдээсэн нь үүнийг батална. Гэтэл иргэд ажлын байртай болж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх.

Цаашлаад “Оюутолгой” болон уул уурхайн баялгийг монголдоо үлдээж, олон үйлдвэр барихыг хүсч байгаа. Иргэдийн хүсч байгаа зүйл ийм энгийн байхад олж харсан ч хараагүй юм шиг аяглаж байгаа Ардчилсан намынханд иргэд дахиж итгэл үзүүлэх нь юу л бол.

-Ардчилсан намд 35 сайд байж байж л дотоод тэмцэл нь үгүй болно гэсэн байсан. Ардчилсан намд фракцийн зөрчил хэт их байгааг үүгээрээ хэлэх гэсэн гэж ойлгож байгаа?

-Ардчилсан нам олон фракциудын нэгдэл дээр үүссэн нам. Тиймээс фракциуд нь угшлаараа хуваагдаж аливаа асуудлыг өөрсдийн талд шийдүүлэх гэж улайрцгаадаг. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намынхан энэ л зарчмаар ажиллаж ирсэн.

Энэ бол өөрсдийгөө боддогийнх нь нэг тодорхой илрэл юм. Энэ бүх тэмцлийн дунд ард түмэн үрэгдэж байгаа нь нууц биш. Ардчилсан нам хямарчихсан байна. Энэ хямралыг нь засъя гэвэл Засгийн газрын тэргүүн нь гишүүн бүртээ сайдын суудал өгч байж сая нэг юм шийдэх байх.

Төрийн эрхийг атгаж байгаа хүчин эв нэгдэлгүй байна гэдэг төр тогтворгүй болохын илрэл.

Сайд гэхээр мөнгөний чек дээр гарын үсэг зурдаг энэ уралдаанд Ардчилсан намын гишүүд хэзээ ч цөхрөхгүй оролцсоор байх болно. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг амьд үлдэхийн тулд фракциудынхаа хоОронд брокер хийж, бүгдэд нь тал олж авах гэж наймаа хийсээр хоёр жилийг өнгөрөөсөн. Харамсалтай нь түүний хийсэн, олгосон бүхэн тэр олон фракцид хангалтгүй байсан бололтой.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаар олон асуудал өөр тийшээ эргэчихлээ. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Ардчилсан намын удирдлагууд ҮЗХ-ндоо амьд үлдэхийн тулд доороо хэдэн хүнийг тэжээдэг, архидуулдаг. ҮЗХ-ны гишүүд нь ч фракцийн эрх ашигт үйлчилдэг учир фракцийнхаа удирдлагуудын хэлснийг л хийдэг. Мэдээж удирдлагынхаа хэлснээр хийвэл тэр хүмүүс хоолтойгоо үлдэнэ шүү дээ.

Энэ зарчмаар Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”, З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракцийнхан тохиролцоо хийж, нэг нь Ерөнхий сайдын суудлаа хадгалж, нөгөө нь намын даргын суудлыг наймаалцлаа. Энэ хоёр хүн намынхаа нэр хүндийг шавартай хутгалаа гэж харж байгаа. Ардын нам ч ялгаагүй. Бүлгээрээ дээрэм хийгээд, дэмжсэн жижиг дээрэмчдэдээ мөнгө өгдөг тогтолцоогоо халах цаг ирсэн. Энэ байдлыг Ардчилсан нам болон Ардын намын олон мянган сонгогч тэвчээртэй ажиглаж суугаа.

-Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-ын чуулганы хуралдаанаар баталгаажуулсны дараа шинэ Засгийн газрыг бүрдүүлнэ гэж УИХ-ын дарга хэлсэн. УИХ-д суудалтай нам, эвсэл, зөвлөлийнхөнтэй хэлэлцээр хийж, Засгийн газар байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Бие даагчдыг Засгийн газарт хамтрах санал тавибал яах вэ?

УИХ дахь бие даагчдын зөвлөл Засгийн газарт хамтрахгүй гэдгээ мэдэгдсэн. Би л хувьдаа Засгийн газарт сайд болох эсвэл давхар дээл өмсөх асуудал хэзээ ч байж болохгүй гэж үздэг. Хамгийн гол асуудал бол төр засаг тогтвортой байх нь чухал.

Тогтвортой байхын зэрэгцээ ажил хийх хэрэгтэй байна.Би Засгийн газрын гишүүн болъё гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Зөвхөн ажлаа хийсэнгүй л гэж Засгийн газрыг шүүмжилдэг.

-Гэвч дан ганц шүүмжлэлээр ажил урагшлахгүй байна гэж танай зөвлөлийн гишүүд ярьж байна билээ. Энэ нь Засгийн газарт хамтарч яагаад болохгүй гэж гэсэн үг биш үү?

Асууцал болгонд бид оролцоод байх нь зохимжгүй гэж үзсний үндсэн дээр өөрсдийн байр суурь дээр баттай зогсоно гэж ярилцсан. Ардчилсан намынхан их эвслийн Засгийн газар байгуулах хүсэлтэй байгаа юм билээ. Ардын намынхан ч үүнийг үгүйсгэхгүй байгаа. Хэрэв ийм юм болбол УИХ-д сөрөг хүчний үүргийг хэн гүйцэтгэх юм бэ гэдгийг бид бодолцож үзсний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан.

-УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүдээс таныг “Оюутолгой”-гоор, Ц.Даваасүрэн гишүүнийг Монголбанкаар улс төр хийдэг гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

“Оюутолгой”, Монголбанкийг ярихаас өөр аргагүй нөхцөл байдалд амьдарч байна. Бид үр дүн гарахуйц томоохон асуудалд тууштай явдаг. Ингэснийхээ төлөө эргээд “Оюутолгой”, Монголбанкнаас мөнгө авах гэж байна гэж шүүмжилдэг хүн цөөнгүй.

Гэхдээ үнэний төлөө тэмцсээр байх болно. Ер нь Засгийн газрыг дэмжээд эсвэл эсэргүүцээд гүйхгүй байгаа нь ингэж харагдуулдаг байх. Бид шүүмжлэх зүйлээ хэнээр ч заалгахгүй шүүмжлэх болно.

-Агентлаг, томоохон үйлдвэрийн удирдлагад төлөөллөө томиллуулсан гэсэн шуүмжлэл сүүлийн үед их гарсан. Тухайлбал, таныг Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй холбосоор байгаа шүү дээ?

Бие даагчид үнэхээр цэвэр байгаа. Хуурай гүжирт хариугүй гэдэг дээ. Намайг Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой гэсэн яриа гарсан. Энэ үйлдвэртэй маш том луйврын гэрээ хийсэн компани бий. Концессоор авсан гэрээнд зөвхөн ган хийнэ гэж тогтоол дээр байгаа. Гэтэл гэрээ болон зарим хавсралтууддаа хоёр том төмөртэй уул байгаа. Түүнийг бүгдийг нь бутлаж хад, чулуу, шороогоор нь зөөж байна.

УИХ дахь бие даагчдын зөвлөл Засгийн газарт хамтрахгүй гэдгээ мэдэгдсэн.

Саяхан Дарханы Аудитын шалгалтыг хэлсээр байж оруулсан. Шалгалтаар олон луйвар илэрсэн. Тухайлбал, гурван тэрбум төгрөгөөр дугуй худалдаж аваад хоёр жил гаруй хугацаанд хий дэмий гадаанаа байлгасан байна билээ. Тэр дугуйг ерөөсөө ашиглахгүй. Гурван тэрбум төгрөгийг дундаас нь идсэн луйварчдын л бизнес.Би тэр үйлдвэрт өчүүхэн ч хувь эзэмшдэггүй.

Харин ч шүүхэд өгөх гээд бэлтгэж байна. "Оюутолгой”,  Монголбанкны асуудлыг шийдээд дараа нь энэ асуудал руу орно. “Оюутолгой” компанитай холбоотойгоор хэлэхэд хэрэв бид 130 сая ам.долларын татварыг авахгүй гэвэл Монголчууд '0 жилийн турш тэндээс татвар авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаатай адил. Хүчтэй, мөнгөтэй, шоронд оруулахад бэлэн улстөрчдийн өмнөөс чөлөөтэй дуугарна гэдэг 100 хувь цэвэрхэн байгаагийн илрэл.

-Г.Уянга гишүүн саяхан төрийн нууцын зэрэглэл бүхий 'Оюутолгой” компанид хийсэн аудитын дүнг олон нийтэд ил болгосон. Нэлээд асуудал байсан байна билээ. Та энэ бүхний талаар нэгдэж байсан л байх. Одоо болтол дуугүй байсан шалтгаан тань юу вэ ?

Төрийн нууцын зэрэглэлтэй тайланг би уншсан. Уншаад бид энэхүү асуудлыг нягталж, шалгах хүсэлтийг Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газарт тавьсан.

Ийм асуудлыг хамгийн түрүүнд хууль хяналтын байгууллага шалгаж үзээд хариу үйлдэл хийх хэрэгтэй гэж бодсон эм. Мэдээж Г.Уянга гишүүний хэлдгээр монголчууд үнэнийг мэдэх эрхтэй. Гэхдээ энэ бүхнийг хуулийн байгууллагаар нягтлуулах ёстой.