Ж.Батсуурь: Засгийн газрыг хүссэн цагтаа огцруулах хүчний хуваарилалт бий болсон
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2014.11.25

Ж.Батсуурь: Засгийн газрыг хүссэн цагтаа огцруулах хүчний хуваарилалт бий болсон

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг “Ярилцах танхимд”-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай намынхан засаглал аль хямралд орж , эдийн засагт ноцтой хямрал нүүрлэсэн гэж байгаа. Таны хувьд юу гэж харж байгаа вэ ?

Нөхцөл байдал улам дордох, буруудах тийшээ яваад байна. Засаглалын хямрал Засгийн газрын хүрээнд, улс төрийн намын дотоодод болж буй үйл. явдлуудтай голлон холбоотой байснаа одоо бүр хүлцэж болох хүрээ хязгаараа давж, засаглалын бүх институцийг хамарчихлаа.

Эдийн засгийн хувьд өсөлт бараг хоёр дахин удааширлаа. Өр ихтэй байна. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Ирэх онд байдал нааштай болох төлөв харагдахгүй байна. Тэгэхдээ манай эдийн засаг авсаархан, макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс иргэдийн амьдрал шууд хамаарах нь харьцангуй удаан, Монголчууд амьдрах арга ухаанаа яаж ийгээд олчихдог учраас бүр нэг яахаа алдчихгүй байх.

Ер нь тэгээд шинэ Засгийн газар яаж байгуулагдах, байгуулагдаад хэрхэн ажиллахаас олон зүйл шалтгаална даа.

-Улсын төсвийг Ерөнхий сайдгүй, сангийн сайдгүйгээр баталлаа. Ямар төсөв болсон гэж та бодож байгаа вэ?

Улсын төсвийг хуулийнх нь хугацаанд батлахаас өөр арга байгаагүй. Энэ бол парламентын ард түмний өмнө хүлээсэн үүрэг. Ер нь огцорсон Засгийн газрын боловсруулсан төсвөөр шинэ Засгийн газар ажиллана гэдэг нь тун логик муутай, утгагүй асуудал.

Манай эрх баригчид дотоод асуудлаа ярьж бужигнаад төсөвт зүй ёсны анхаарал тавиагүй. Манай намын хувьд боломжоороо тооцож, зөв зарчим барихыг хичээсэн. Сайн төсөв болсон гэхгүй ч философи, зарчим нь зөв төсөв болсон болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хэмнэлтийн горимд шилжих, эдийн засгийн уналтыг зогсоох, төрийн данхар бүтэц, орон тоог цөөлөх, зайлшгүй зардлыг санхүүжүүлэх гэсэн үзэл санаа зарчим нь зөв юм.

Ер нь тэгээд шинэ Засгийн газар яаж байгуулагдах, байгуулагдаад хэрхэн ажиллахаас олон зүйл шалтгаална даа.

Харин тооцоо судалгаа нь дутуу, хэрэгжүүлэх механизм нь бүрхэг, хэрэгжүүлэх эзэн нь хууль ёсоор огцорсон үед батлагдсан болохоор урт настай төсөв байж чадахгүй. Шинэ засгийн газар батлагдаж цэгцрээд дахин тооцоо судалгаа хийж тодотгол хийх зайлшгүй шаардлага бий.

-“Зарим хүн засаглал тогтворгүй болох нь” гэж байна. Магадгүй 1996- 2000 онд болж байсан Засгийн газрын түүхийг давтаж магадгүй юм шиг?

Яг ч бас тийм биш юм аа. Засаглал тогтвортой байх асуудлыг манайхан Засгийн газартай холбож ойлгодог. Энэ ч нэг их буруу биш л дээ. Гэхдээ засаглал бол орчин үеийн сонгодог утгаараа аливаа эрх мэдлийг хэрэгжүүлэгч институт, бие даасан субьектүүдийн өөр хоорондын харилцааг илэрхийлсэн үйл явц.

Энэ талаас нь авч үзвэл Засгийн газрын тогтвортой байдал, засаглалын тогтвортой байдал хоёр их ялгаатай. Ардчилсан оронд Засгийн газар солигдож байх нь ердийн үзэгдэл. Ингэлээ гээд засаглал тогтворгүй болчихдог юм биш. Харин засаглалын үйл явцад хүндрэл,

бэрхшээлийг буй болгож, цаг хугацаанд нь шийдэж чадахгүй бол засаглалын хямрал үүсэх магадлал өндөр байдаг. Одоо манай засаглалд хямралын үр хөврөлүүд бий болдог болчихоод бүр даамжрах шатандаа шилжээд байгаа.

Засаглалын институцууд хуулийн дагуу ажилладгаа больчихоод улс төрийн намуудын эсвэл нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн далд тохироогоор яваад байгаа нь хямрал бугшаад байгаагийн шинж.

Шинэ Засгийн газар тогтвортой байх, огцрох эсэх нь Засгийн газар яаж байгуулагдах, яаж ажиллахаас л хамаарна. Ерөнхий нөхцөлийн хувьд Засгийн газар хэврэг байх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг хүссэн цагтаа огцруулж болох улс төрийн хүчний хуваарилалт бий болсон гэсэн үг.

-Засгийн газрын хувь заяаг цөөнх биш, олонх шийддэг шүү дээ?

Засгийн газрын асуудал ярьж байхад АН-ын зарим гишүүн ийм үгийг олон хэлж, бас анхааруулж байсан. Гэсэн ч асуудал өөрөөр шийдэгдсэн байх аа. Цөөнх асуудал тавих эрхтэй, тэр дагуу л зохих үндэслэл бүхий асуудал тавьсан.

Зүй нь манай эрх баригчид цөөнхийг асуудал тавьсны төлөө жадлан эсэргүүцэхийн оронд авахаа аваад, орхихоо орхиод Засгийн газраа тогтвортой хадгалах боломж бүрэн байсан. Тэр нь ч Ардчилсан намдаа, Монголын ард түмэнд, Монгол Улсад хэрэгтэй байсан. Цаашдаа энэ Засгийн газрын хувь заяаг эрх баригчид шийднэ. Дотроо эвээ олохгүй бол 1996-2000 оны Засгийн газрын түүхийг давтаж магадгүй л юм.

-Шинэ Ерөнхий сайдыг батлах үеэр танай намынхан чуулганы хуралд оролцоогүй. Үйл явдал цаашид яаж өрнөх бол?

Манай намынхан Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, чуулганы хуралдаанд оролцоогүй нь цаагуураа эрх баригчдад шинэ Ерөнхий сайдаа батламжлах боломж олгосон хэрэг шүү дээ.

Хэрэв манайхан хуралд оролцож, ирцэнд орчихоод зарчимаа барьж эсрэг санал өгсөн бол УИХ дахь Ардчилсан намын бүлэгт Ч.Сайханбилэгийг дэмжихгүй байсан арав гаруй гишүүн, "Шударга ёс” эвслийн зарим гишүүн, бие даагчид эсрэг кноп дарж, Ч.Сайханбилэгийг батламжлах -боломж бараг байхгүй болох байсан юм. Тэгэхээр манайхан орохгүй байгаа чинь ирцээрээ түрээд батлах боломжийг Ардчилсан намынханд олгосон хэрэг.

-Танай намынхан Засгийн газарт орох уу?

Одоо бол хуулийн дагуу бүх үйл явц болно.Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ батлуулаад танхимынхаа гишүүдийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д оруулна, Тэгээд л засгийн газар байгуулагдана шүү дээ. Хуулийн процедур ийм байдаг. 2012 оны сонгуулиар аль ч улс төрийн нам олонх болоогүй учраас сонгуулийн дараа болсон зөвшилцлийн үйл явц давтагдана гэсэн үг.

Улс төрийн соёл, ардчиллын зарчмаа баривал өмнөх эрх баригчдын бүлэг манайхныг оролцуулахгүйгээр Засгийн газраа байгуулаад явчих бүрэн боломж бий. Гэхдээ одоо бол тэр боломж их хязгаарлагдмал болчихсон болов уу гэж бодож байна. Ерөнхий сайдыг баталж буй байдлаас нь харвал түр боловч Ардчилсан нам дотооддоо ямар нэг хэмжээгээр хэл амаа ололцсон бололтой.

2012 оны сонгуулиар аль ч улс төрийн нам олонх болоогүй учраас сонгуулийн дараа болсон зөвшилцлийн үйл явц давтагдана гэсэн үг.

АН-аас парламентад суудалтай бүх улс төрийн намд хандаж Засгийн газарт хамтарч ажиллах талаар зөвшилцөх санал тавьсан. Манайхны тухайд зөвшилцөх саналд асуудлыг яаж тавихаас шалтгаалах болов уу гэж бодож байна. Хэрвээ давхар дээлээ багасгаад чиг үүргийн яамдын сайдыг гаднаас тавих, Засгийн газрыг чадварлаг, мэргэжлийн байхаар зарчим бариад хамтарч ажиллая гэвэл манай нам асуудлыг дүрмийнхээ хүрээнд эрх бүхий байгууллагуудаараа хэлэлцэх гээд ажил гарна.

Харин манай намын одоо баримталж буй зарчим, байр суурийг харгалзахгүйгээр хуучнаараа давхар дээлтэй сайдуудтай хэвээр нь үлдээж, намынхаа фракцуудад сайдын суудал хувааж, чадваргүй, данхар бүтэцтэй Засгийн газар байгуулах бол манайхан орж хамтран хэрэггүй болов уу. Энэ бол миний бодол.

Ер нь бол одоо улстөржихөө хойш нь тавиад тулсан асуудлаа шийдээд, боломжтой хэлбэрээр, хуулийн хүрээнд хамтраад улс орон, ард түмнээ гээд явбал парламентад суудалтай бүх нам, бие даагчдыг багтаасан Үндэсний эв нэгдлийн гэх юмуу Их эвслийн засгийн газар байгуулах нь зөв шүү дээ. Алийн болгон хоосон улстөржиж, хэдэн бүлэглэлийн зууш болгож засаг төрөөрөө, улс орноороо тоглох юм бэ одоо болимоор юм.

-Ер нь танай намынхан дахин МАНАН байгуулахаар тохирчихоод цаагуураа битүүхэн бэлтгээд байгаа юм биш үү?

Үгүй байлгүй дээ надад бол мэдсэн юм алга. Би ч тэр далд тохиролцоо, хуйвалдаан гээд байгаа юманд чинь итгэдэггүй. Тийм юм байдаг бол тэрнээс чинь хол байдаг хүн. Зүгээр намайг Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах тухай ярихаар тэгж асууж байгаа бол энэ чинь улс орныхоо өнөөгийи нөхцөл байдлыг хараад тооцоод миний бодож буй хувийн бодол.

Гэхдээ би энд нэг юмыг онцлоод байгаа. Тэр бол хоосон улстөржилтөөс салж, бодит ажил хэрэг рүү орох хэрэгтэй. Зүгээр МАНАН энэ тэр гэж ярихад бол би нэг таашаадаггүй. Үнэнийг хэлбэл, тэр МАНАН гэж адлаад байгаа хоёр том нам хамтарсан үед чинь олон жил хуримтлагдаад байсан том асуудлуудыг шийдэх талаар урагшаа том алхаж, улс орон, ард түмний эрх ашгийн төлөө их юм хийсэн юм шүү.

-Танайхан орсон ч бай, ороогүй ч бай шинэ Засгийн газар байгуулагдаж ажиллах нь тодорхой. Тэгэхээр шинэ Засгийн газар улс орноо хүндрэлээс гаргахын тулд нэн түрүүнд юу хийх ёстой, ямар асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж та бодож байна вэ?

Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг, танхимынхаа төлөө УИХ-д хариуцлагаа хүлээдэг болмоор байна. Одоогийнх шиг УИХ дахь бүлэг фракцийн баланс хангах гэж махаа иддэг, улстөрчдийн халаасны сайдуудыг УИХ-д оруулдаг, УИХ-ын хэдэн гишүүн, нийлээд сайдын лобби хийгээд явдаг, эцэст нь ямар ч чадваргүй, эв нэгдэлгүй, кабинетын зарчмаар ажиллах боломжгүй УИХ гишүүн сайд нараас кабинет бүрдээд Ерөнхий сайд тэднийхээ барьцаанд орчихдог байдлаас салмаар байна.

Бас Засгийн газрын өмнө хүлээх парламентын хариуцлага гэж юмыг бий болгох хэрэгтэй. Шаардлага үүсээд нөхцөл нь бүрдсэн үед Ерөнхийлөгч Ерөнхий сайдтай ч юм уу эсвэл Засгийн газартайгаа зөвшилцөөд парламентыг тараах эрхтэй байж болно.

Парламентын засаглал өндөр хөгжсөн орнуудад ийм жишиг тогтоод удаж байгаа. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийг хаанаас сонгох вэ гэдэг асуудлыг ч шийдэх шаардлага үүснэ. Үүний тулд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага гарна. Ийм өөрчлөлтийг хийх цаг нь ирсэн гэж бодож байна.

-Сүүлийн үед ихэнх гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөнддөг боллоо. Үүнээс өмнө шийдэх ёстой хоолой дээр тулсан олон асуудал байна шүү дээ?

Үүнтэй санал нэг байна. Гэхдээ ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эртнээс ярьсан учир аандаа болох байх. Үүнээс өмнө шийдэх ёстой хэд, хэдэн асуудал байгаа нь үнэн. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг өргөтгөх хэрэгтэй байна.

Үүний тулд улс төрийн тогтвортой байдал, улстөрчид, улс төрийн намууд, төрийн байгууллага, албан тушаалтнуудын нэг зүгт харсан нэгдмэл байр суурь дутагдаад байна. Мөн дотоодын хөрөнгө оруулагчдыг голдог, үл тоомсорлодог, итгэдэггүй байдлыг засч, гол төлөв олигархи улстөрчидтэй нэр холбогддог цөөн хэдэн компани гэсэн ойлголтоосоо салж, хардаж сэрдэхээ багасгаж, хөрөнгө оруулагчдын алагчлахгүй, тэдэнд адил тэнцүү боломж олгож, бодлогоор дэмжих арга хэмжээ авах шаардлагатай байна.

Үүнээс гадна хувийн хэвшилээ дэмжих явдал, Улс оронд мөнгөний эргэлт зогсож, хувийн хэвшлийнхэн үүд хаалгаа хаахад хүрээд байгаа өнөөгийн нөхцөлд төрийн дэмжлэг бол тэдний хувьд ‘‘амь тариа" л гэсэн үг болоод байна шүү дээ. Эдийн засагчид дотоод зах зээлээ хамгаалах "төрийн бодлого дутагдаж байгаа талаа ярьж багйааг ч харгалзаж үзэх ёстой.