Цоожтой хаалга нээгдэж, цонхтой байшинд суух уу?
Цэцэрлэг
2014.11.25

Цоожтой хаалга нээгдэж, цонхтой байшинд суух уу?

Цоожтой хаалга нээгдэхийг өдөржин хүлээх хүүхдүүд цонхтой байшинд суухыг мөрөөдсөөр удаж байна.

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх насны 89 мянга 240 хүүхэд байдгаас 29.5 мянга буюу 10 хүүхэд тутмын дөрөв нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг судалгаагаар тогтоожээ. Тэд цэцэрлэгт явахыг мөрөөдөхөөс хэтрэхээ байж, өдөржин цоожтой хаалга нээгдэхийг хүлээж байна. Ийм цаг үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өргөн барьсан.

Өргөн барьснаас хойш 583 хоногийн дараа хэлэлцэхээр болсныг хууль санаачлагч С.Ганбаатар онцолж байна. Хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн улам өсч жилд дунджаар 30.0 мянга гаруй хүн шилжин суурьшиж байнаГэтэл нийслэлд цэцэрлэг барих газар, төсөв хөрөнгийн асуудлыг төр засаг шийдвэрлэж чадаагүй л байна.

Хууль санаачлагчдын зүгээс бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 31 мянга 413 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгож, өрх гэр бүлийн орлогыг нэмэгдүүлж, 8798 иргэн байнгын тогтвортой ажлын байртай болно.

Төрийн ачаалал буурч, төсвийг үр дүнтэй ашиглана. 556 тэрбумаар 8-аас доошгүй жилийн хугацаанд 653 цэцэрлэг барьж шийдэх асуудлыг тэг төгрөгийн зардлаар зургаан сарын хугацаанд төсвийн бус нийгмийн бодит нөөц, туршлагад тулгуурлан шийднэ. Хүүхэд цэцэрлэг, бага сургуульд ороход бэлтгэгдэх, сургуулийн өмнөх насны хүртээмж ихсэх, цэцэрлэгт хамрагддаггүй хүүхдийн аюулгүй байдалд эергээр нөлөөлнө зэргээр үр дүнг тооцоолсон.

Гэхдээ үүний цаана нэг л аюул бий. Тэр нь хяналт, хүүхдийн хүмүүжил, аюулгүй байдал юм. Олон зуун тэрбумаар цэцэрлэг барьчих боломжгүй ийм үед цаг үеэ олсон хуулийн төсөл гэж хэлэх хүн олон байх.

Гэхдээ улсын нэртэй цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш хүртэл хүүхдүүдэд нойрны эм өгч гадуур ажлаа амжуулдаг, уйлуулахгүйн тулд “алган боов”-ны амт үзүүлсэн тохиолдол олонтаа гарч байсныг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл сургалтад суусан нэртэй 60 хүртэлх насны хэнбугай ч айлын хэдэн хүүхэд цуглуулаад төрөөс татаас аваад суухаар юу болох вэ. Эрүүл хүнсээр хооллох, аюулгүй байдлыг хангах, хамгийн чухал нь сургуулийн өмнөх боловсрол олгох зэрэг олон чухал асуудал орхигдох вий.

“Хяналтыг эцэг эхчүүдээр өөрсдөөр нь хийлгэнэ.

Энэ асуултад хууль санаачлагч С.Ганбаатар “Хяналтыг эцэг эхчүүдээр өөрсдөөр нь хийлгэнэ. Эцэг эхчүүд ямар хүүхэд асрах үйлчилгээг сонгохоо өөрөө шийднэ” гэж хариулсан. Улстөрчдийн ярьж байгаа бүхэн бодит амьдралд биеллээ олох нь юул бол. Харин албан байгууллагын дэргэд хүүхэд харах үйлчилгээтэй болвол хэрэгжих магадлал арай өндөр санагдаж байна.

Цоожтой хаалганы цаана эцэг, эхээ хүлээх хөөрхий үрсийн цонхтой байшинд суух хүсэл мөрөөдөл хэвээр үлдэх нь. Тэдэнд бас л нэг хөөрхийлөлтэй сонголтгүй сонголт тулгаж байна.