Номд дуртай сурагчид сайдтай санал солилцов
Яармагийн 34 дүгээр сургууль ням гаригт хөл хөдөлгөөн ихтэй өнжлөө.
2014.11.24

Номд дуртай сурагчид сайдтай санал солилцов

Яармагийн 34 дүгээр сургууль ням гаригт хөл хөдөлгөөн ихтэй өнжив. Эрдмийн уурхай болсон энэхүү өргөөнд номын тухай халуун яриа өрнөсөн нь энэ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн сургуулиудаас цугларсан дунд ангийн 300-гаад сурагч “Уншигчийн клуб” хэрхэн байгуулах, хүүхдүүдийг хэрхэн номд дурлуулах талаар ярилцав. Ном уншсан хүүхдийн ухаан хэрхэн тэлдэг, хэл яриа хэрхэн хөгждөг гэдгийг тэнд цугласан сурагчдын ярианаас мэдэж болохоор байлаа.

Анги ангиа төлөөлөн ирсэн сурагчдад БШУЯ болон Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн сургагч багш нар ном уншихын ач холбогдол болон үе тэнгийнхнээ хэрхэн номд дуртай болгох талаар ээлжит сургалтыг зохион байгуулсан бяцхан уншигчдад  тун таалагдав.  

Мөн энэ үеэр БШУ-ы сайд Л.Гантөмөр, БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар хүрэлцэн ирж сурагчидтай ярилцан, тэдний санал бодлыг сонссон юм. Л.Гантөмөр сайд Боловсрол, шинжлэх ухааны яам “Эрдэм боловсролтой монгол хүн”-ийг төлөвшүүлэх үүднээс өсвөр үеийнхэн, залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг дурдаад үе тэнгийнхнээ номд дуртай болгохоор хичээн зүтгэж байгаа сурагчдад амжилт хүслээ.

Сурагчид үеийнхнээ хэрхэн номд дуртай болгох талаараа сайдтай санал солилцон, сургууль сургууль дээрээ очоод “Уншигчийн клуб” байгуулна гэдгээ хэлж байв.

“Ном” хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 оны хичээлийн жилд Монгол Улсын бүх аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 210 сургуулийн 5000 гаруй бага ангийн багш, захирал, сургалтын менежер, Боловсрол, соёлын газар, Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, бага ангийн багш нарт “Ангийн номын сан ашиглан бага ангийн сурагчдад бүтээлчээр унших, бичих, сэтгэн бодох арга зүйг эзэмшүүлэх нь” сургалтыг зохион байгуулж, хүүхэд бүрийг номоор дамжуулан хөгжүүлэх сургалтын арга зүйг эзэмшүүлсэн байна. Энэхүү сургалтын зэрэгцээгээр 210 сургуулийн 1-5 дугаар ангийн бүх бүлэгт 50-130 ном бүхий ангийн номын сантай болгох ажлыг зохион байгуулжээ. Ийнхүү улсын хэмжээнд бүх бага ангиуд ангийн номын сантай болсон байна.

Харин 2014-2015 оны хичээлийн жилд БШУЯ-аас нийслэлийн ЕБС-иудын 6-9 дүгээр ангийн монгол хэл, уран зохиолын 652 багшид “Ангийн номын сан ашиглан сурагчдын бүтээлчээр унших, бичих, сэтгэн бодох чадварыг дэмжих арга зүй” сургалт, 6-9 ангийн 912 сурагчдад ангийн номын сан түшиглэн үе тэнгийнхнээ ном унших сонирхолтой болгох, ном тойрсон ажлуудыг бие даан санаачлан зохион байгуулах “Ном дотор зам бий” номын клубын сурагчдын сургалтыг зохион байгуулж байгаа юм байна.

Эдгээр сургалтуудын зэрэгцээ сурагчдын судалж буй хичээлийн сэдэв, агуулга, тэдний нас, сэтгэхүйн онцлогийг харгалзан худалдан авах ажиллагааны дагуу тендер зарлан шалгаруулсан 70 нэр төрлийн 74450 номыг нийслэлийн 6-9 дүгээр ангийн бүх бүлэгт хуваарилжээ. Ийнхүү нийслэлийн сургуулиуд 100-115 ном бүхий ангийн номын сантай болжээ.

Энэ бүх үйл ажиллагаанд улсын төсвөөс нэг тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд төр, төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтран ажиллах үүднээс БШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг нь төр, олон улсын болон донор байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын 615 сургууль, 11500 багшид энэхүү ном уншуулах арга зүй, ангийн номын сан түгээх ажлыг гүйцэтгээд байгаа ажээ.  

Тус нийгэмлэгийн сургагч багш, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын монгол хэлний арга зүйч Б.Амарсайхан хүүхдийг номд дуртай болгох хамгийн анхны алхам болох ном унших таатай орчныг бүрдүүлж байгаагаараа ангийн номын сан ач холбогдолтой гэдгийг онцолж байв.

Анги бүр номын сантай болсноор хүүхдүүд ном унших боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ хүүхдүүд ямар чиглэлээр, ямар төрлийн ном уншиж байна вэ гэдгээрээ төрөлжин ном уншигчдын баг байгуулах нь ач холбогдолтой  гэдгийг сургагч багш нар хэлж байсан юм. Өмнө нь хүүхдийг хэр олон ном уншсанаар нь дүгнэдэг байсан бол одоо тухайн уншсан номоо амьдралдаа хэрхэн бүтээлчээр ашиглах вэ, ямар сургамж авах вэ гэдэгт илүү анхаарал хандуулж байгааг ч Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийнхэн хэлж байлаа.