Завханы хүүхдүүдэд 30 мянган ном бэлэглэжээ
Интернэт, компьютер тоглоом гээд хүүхдүүд номноос хөндийрөх болсон нь дэлхий дахины санаа зовох асуудал болоод байна.
Тэгвэл Монголын оюутны холбооны ерөнхийлөгч асан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан санаачлан “Төгс боловсрол эрин үе” төрийн бус байгууллага, Завхан нутгийн Улаанбаатар хот дахь залуучуудтай хамтран 30 мянган номыг Завхан аймгийн хүүхэд залууст хандивлажээ.
Эдгээр номыг Улаанбаатар хотоос хандиваар цуглуулан сурагч хүүхэд, багачуудад аравдугаар сарын 31-ний өдөр аймгийн Хүүхэд залуучуудын ордонд тараасан байна.
Ном гардуулах ажиллагааны үеэр Улиастай хотод байгуулагдсан Залуучууд хөгжлийн төвд шилдэг 100 ном, Эх орон 36 хөтөлбөрт хамрагдсан сурагчдад 200 ном, Номын гүүр номын санд 500 ном бэлэглэхийн сацуу хүрэлцэн ирсэн Улиастай хотын нэг сурагч 5-20 номыг сонгуулан бэлэглэжээ.
Х.Батсайхан тэргүүтэй залуус энэхүү үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх бөгөөд тус аймгийн сумдад хандиваар цугласан номнуудаа түгээх юм байна.
Энэхүү аяныг 70 гаруй байгууллага, хувь хүмүүс дэмжин хүүхдийн ном, сурах бичиг, уран зохиолын ном, цахим ном зэргийг хандивлаж хүүхэд багачуудын оюунд томоохон хөрөнгө оруулалт хийжээ. Боловсрол, шинжлэх ухааны яам, “Непко” хэвлэлийн газар , "Гэгээрэлд хүрэх зам", Манлайлах урлаг төв ТББ, Адмон хэвлэлийн газар, НҮБ-ийн Хүүхдийн сан, Д.Болдбаатар орчуулагч, Арт софт хэвлэлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Мир номын дэлгүүр,www.bookstore.mn цахим номын дэлгүүр, Анар номын дэлгүүр, Оюуны өмчийн хороо, Хүүхдийн номын ордон, Эмпати Ертөнц ХХК, Соёмбо академи, Үндэстэн телевиз, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Сод пресс хэвлэлийн газар, хүүхдийн зохиолчид энэхүү буянтай ажилд ном хандивлажээ.
Дашрамд сонирхуулахад, Монгол улсын нэг сум жилд 100 мянган төгрөгөөр ном худалдан авах төсөвтэй байдаг байна. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний зэрэгцээ гадны зарим иргэд манай орны хүүхэд багачуудын англи хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор зарим аймагт “Номын гүүр” англи номын сангуудыг байгуулан ажиллаж байна.