Боомын өвчлөл гурав дахин нэмэгджээ
Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.07.25

Боомын өвчлөл гурав дахин нэмэгджээ

Орон нутагт малын гоц халдварт боом өвчин гарч, холбогдох албадыг шуурхай арга хэмжээ авахыг Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэгдээд буй.

Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П. Болортуяагаас зарим зуйлийг тодрууллаа.

-Баруун аймгуудад боом өвчнөөр цөөнгүй мал хорогдсон сурагтай. Хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа юу?

-Долдугаар сар гарсаар орон даяар боом өвчний дөрвөн голомт бүртгэгдэж, өвчинтэй тэмцэх зааврын дагуу шаардлагатай арга хэмжээг орон нутгийн холбогдох байгууллагууд авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Завхан аймгийн Дөрвөлжин суманд таван тахь, 13 адуу өвчилж үхсэнийг устгал ариутгал хийж, зургаан айлын 6000 малыг вакцинжуулаад байна.

Мөн улсын баяр наадмын өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд адуу үхсэн дуудлагаар очиход боом өвчний голомт илэрч, 7500 малыг вакцинжуулсан..

Дээрх аймгуудад хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
-Булган аймагт бас голомт бүртгэгдсэн гэв үү?

-Булган аймгийн Хишиг-Өндөр суманд голомтын бүсэд долоон адуу, нэг үхэр үхсэнийг устгалд оруулаад халдваргүйжүүлэлт

хийсэн. Он гарсаар улсын хэмжээнд найман аймагт 60 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Ер нь сүүлийн үеийн тохиолдлуудыг харахад боомын өвчлөл өнгөрсөн жилээс гурав дахин нэмэгдсэн.

Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс халдваргүйжүүлэлт, вакцинжуулалтыг цаг тухайд хийсээр байгаа. Жил бүр эрсдэлтэй бүс нутгийн 4.3 сая малыг вакцинжуулж байна.