Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө цахим лабораторитой боллоо
БШУЯ хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэн түгээж эхэллээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн энэхүү цахим хичээлээр хүүхдүүд танхимаас олж авсан мэдлэгээ сэргээн баяжуулж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл цахим лаборатори бий болж байгаа гэсэн үг юм.
Багш, сурагч, эцэг эхчүүд болон суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй энэхүү цахим хичээлийг БШУЯ-ны www.meds.gov.mn сайт руу орж үзэх боломжтой бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригийн 14,00 цагт хичээл тогтмол шинэчлэгдэж байх юм.
Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам энэ жил салбарынхаа мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн системийг бий болгоод байна. Ингэснээрээ сурагч, оюутан, багш, эрдэмтэд, эцэг, эхчүүд дэлхийн хаана амьдарч байгаагаас үл хамааран боловсролын салбарын мэдээллийг цаг тухайд нь авах боломж бүрдэж байгаа юм.