Иргэний нийгмийнхэн албан бичгийнхээ хариуг нэхэв
“Хүсэл зорилгоо нэгтгэе'' төрийн бус байгууллага
2014.10.21

Иргэний нийгмийнхэн албан бичгийнхээ хариуг нэхэв

“Хүсэл зорилгоо нэгтгэе” төрийн бус байгууллага өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг шаардаж, Чингисийн талбайд тайван жагсаал зохион байгуулсан. Энэхүү жагсаалд МАН-ын шинэчлэлийн хороо хамтран оролцсон юм. “Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа нь эрх баригч нам, засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаатай холбоотой” хэмээн тус төрийн байгууллагын Х.Бат-Ялалт хэлсэн. Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүнийг сайн дураараа албан тушаалаа өгөхгүй бол шүүхэд хандахаа ч бухимдсан жагсагчид илэрхийлж байсан. Жагсаалын үр дүнд албаныхан Төрийн ордноос гарч, ирж иргэний нийгмийн байгууллагынхаа Ерөнхий сайдад хариуцлага тооцох шаардлагыг хүлээн авсан. “Хуулийн хүрээнд хугацаа алдахгүй хариу өгнө” хэмээн тухайн үед амлаж байсан ч өнөөдрийг хүртэл шаардлагынх нь хариуг өгөөгүй байгаа аж. Тиймээс “Хүсэл зорилгоо нэгтгэе'' төрийн бус байгууллага, МАН- ын Шинэчлэлийн хорооныхон хамтран Төрийн ордны гадна Ерөнхий сайдыг огцруулах албан бичгийнхээ хариуг авахаар 12.00- 15.00 цагийн хооронд тайван жагслаа. Энэ үеэр “Хүсэл зорилгоо нэгтгэе” ТББ- ын гишүүн Ч.Мөнхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

-Ерөнхий сайд яагаад та бүхэнд хариу өгөхгүй байна вэ. Энэ хэвээрээ үл тоовол хэрхэх вэ?

Манай төрийн бус байгууллага Ерөнхий сайдыг огцруулах албан бичгээ өгөөд удаж байна. Бидэнд өнөөдрийг хүртэл тоймтой хариу өгөөгүй. Энэ арга хэмжээг жагсаал гэхээсээ илүүтэй шаардлагынхаа хариуг авах гэсэн хүмүусийн цугларал гэж ойлгож болно.

Ерөнхий сайд асуудалд яагаад хуулийн дагуу хандаж болдоггүй юм бэ. Өмнө нь хоёр хөршийн Төрийн тэргүүний айлчлалын үөэр бид жагсаал зохион байгуулна гэхэд “Хэрэггүй" гээд байсан. Одоо болохоор огт тоохгүй байна. Заавал олон нийтийг хамарсан Чингисийн талбай дүүрэн хүнтэй жагсаал эохион байгуулж байж анхаарлыг нь татах ёстой юм уу.

“Хүсэл зорилгоо нэгтгэе” ТББ- ын гишүүн Ч.Мөнхбаяр

-МАН-ын гишүүд ч Ерөнхий сайдыг огцруулах төсөл өргөн барьсан. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Саяхан АН, МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ бол Н.Алтанхуяг, эрх мэдлээ хамгаалж үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болсны шинж. АН-ын олон гишүүн энэ гэрээг үзэглэхийг мэдээгүй, дургүйцэж байгаа юм билээ. АН-ын дарга хүн намын гишүүдийнхээ үгийг сонсохгүй ийм ардчилалгүй гэрээ байгуулсанд харамсч байна.

Дээр нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний   өөрчлөлтийн талаар ид ярьж байна. Иргэний нийгмийн хөдөлгөөний зүгээс Монголын төрөөр тоглосон энэ явдлыг буруушааж байна. Бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг түр зуур нүүрээ будаж байгаатай адилхан. Бодлогын төвшний алдаагаа засаагүй байхад бүтцийн өөрчлөлтөөр бүхнийг шийднэ гэж байхгүй.