Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар нарийн нэр бүхий 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг өнөөдөр / 2014.10.17 / Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Огцруулах саналыг өргөн барьсан нэр бүхий 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэх чадамжгүй байгаагийн зэрэгцээ төсвийн хууль, тогтоомжийг удаа дараа зөрчин, Засгийн газрын ажлыг зангидан зохион байгуулах үүргээ туйлын хангалтгүй биелүүлж, ноцтой алдаа дутагдлуудыг гаргаж байгаа тул огцоруулах тухай саналыг өргөн барьж байна хэмээн тайлбарласан болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.