УИХ-ын гишүүн Д.Батцогт, Ж.Батзандан нар “Шинэ хороо” клуб, “Шинэ сум” клубыг ахална
“Нийслэлийн Ардчилсан хүчний холбоо”-ны чуулга уулзалт энэ сарын 3-5-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд амжилттай зохион байгуулагдсан билээ.
“Хүнээ хөгжүүлж-Монголоо шинэчилье” уриатай энэ удаагийн чуулга уулзалтад нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 400 гаруй хүн оролцсон юм.
Мөн чуулга уулзалтын нээлтэд УИХ-ын дарга, “Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч З.Энхболд, ХАХНХ-ын сайд, “Ардчилсан хүчний холбоо”-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, “Ардчилсан хүчний холбоо”-ны дэд ерөнхийлөгч Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Батцогт, “Нийслэлийн Ардчилсан хүчний холбоо”-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Ардчилсан хүчний холбоо”-ны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан болон эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид оролцсон.
Чуулганы үеэр төрийн түшээд болон дүүргүүдийн гишүүд олон талын хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд улмаар хоёр үндсэн асуудлыг сэдэв болгон авч үзлээ.
Чуулганы үеэр төрийн түшээд болон дүүргүүдийн гишүүд олон талын хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд улмаар хоёр үндсэн асуудлыг сэдэв болгон авч үзлээ.
Тухайлбал нийслэлийн анхан шатны нэгж буюу ард иргэдэд хамгийн ойрхон байдаг хорооны хөгжлийн асуудлыг энэ үеэр хөндсөн. Энэ дагуу нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх “Шинэ хороо” клубыг үүсгэн байгуулж, ерөнхий зохицуулагчаар нь “Нийслэлийн Ардчилсан хүчний холбоо”-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгогдсон юм. Мөн хөдөө орон нутгийн хөгжлийн асуудлаар дээрхтэй уялдсан цөөнгүй ажлуудыг хийж бүтээхээр төлөвлөсөн бөгөөд “Ардчилсан хүчний холбоо”-ны дэргэд байгуулагдсан “Шинэ сум” клубын ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн Д.Батцогт ажиллахаар болсон юм.
“Ардчилсан хүчний холбоо”-ны хувьд, өдгөө арав дахь чуулга уулзалтаа зохион байгуулсан нь энэ бөгөөд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ засаг захиргааны шинэ хот байгуулах тухай асуудлаар гишүүд, дэмжигчидтэйгээ санал бодлоо солилцсон.
БНСУ-ын хөгжлийн томоохон түлхэц болсон “Шинэ тосгон” хөдөлгөөнөөс санаа авч, өөрийн улсад тохирох арга хэмжээний дагуу Монголын түүхэн хаадын үеийн анхны хот болох Хархорумд засаг захиргааны суурин байгуулснаар нийслэлийн хүн амын төвлөрөл тодорхой хэмжээгээр багасах, цаашид ундны ус болон замын түгжрэл гэх мэт нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд ахиц гаргана гэж үзлээ.
Ийнхүү арав дахь удаагийн чуулганы хүрээнд нийгэм рүү чиглэсэн томоохон ажил, цогц бүтээн байгуулалтын талаар хэлэлцсэн “Ардчилсан хүчний холбоо”-ныхон багуудын мэндчилгээ, урлаг спортын төрлөөр өрсөлдөж, шилдгийн шилдгүүдээ тодруулсан юм.