М.Сономпил: Манай яамыг өөр яамтай нэгтгэнэ гэж олонх шийдвэл би хүлээн зөвшөөрнө
Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.10.01

М.Сономпил: Манай яамыг өөр яамтай нэгтгэнэ гэж олонх шийдвэл би хүлээн зөвшөөрнө

Эрчим хүчний сайд М.Сономпилээс дараахь тодруулгыг авлаа.

-Засгийн газарт бүтцийн өөрчөлт хийх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх гэж байна. Ерөнхий сайдын мэдэгдэлд, Засгийн газрыг цомхотгох асуудалд сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ ?

Засгийн газрын тэргүүн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдсэн байгаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлаа УИХ-д өргөн барих байх. Гэхдээ засгийн газрын хэмжээнд “ингэж өөрчилье" гэсэн тодорхой бодлого гаргаж ярилцаагүй байна.

Харин Засгийн газрын түвшинд давхацсан орон тоог цэгцлэх судалгааг хийж асуудал боловсрогдсон байгаа. Ч.Сайханбилэг дарга ахалж зургаан сараас хойш энэ асуудлыг шийдвэрлэхээр ажилласан.

-Яригдаж байгаагаар Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай, таны удирдаж буй яамыг Уул уурхайн яамтай нэгтгэхээр болж буй нь бараг батлагдчихсан юм биш үү?

Худлаа. Улс төрийн хүчнүүдээс захиалж гаргасан зүйл. Дээхнэ үед дэд бүтцийн таван салбарын бодлогыг нэг яам аваад явж болдог байсан. Тухайн үед дэд бүтэц олигтой хөгжөөгүй, бүтээн байгуулалт ч бараг хийгддэггүй байсан. Одоо зам, эрчим хүч, барилга гээд тусдаа томоохон салбар болоод хөгжчихсөн байна.

Өнөөдөр нэг яам болгож нэг сайд аваад явна гэвэл ажлыг нь дийлэхгүй. Өөрийнхөө салбар дээр ярихад эрчим хүчний салбар яам болж 2012 оноос хойш ажиллахад би ажлаа дийлж ард нь гарахгүй шахам байна. Ийм хэмжээнд байхад барилга, зам, тээвэр, уул уурхай, эрчим хүчний яамыг нэгтгэнэ гэвэл ажил нь үнэндээ урагшлахгүй. Шууд хэлэхэд бодит бололцоо байхгүй.

-Засгийн газарт ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж та харж байгаа вэ. Нэгэнт өөрчлөлт оруулна гээд зарлачихсан, харин сайд нар сайн дураараа суудлаа өгөхгүй байх?

Цомхотгохын тулд цомхотгож болохгүй. Давхацсан орон тоо байж болохгүй гэдгийг л хамгийн түрүүнд ярих хэрэгтэй. Давхацсан орон тооны асуудлыг шийдэхдээ зөвхөн яам биш агентлагууд, улсын үйлдвэрийн газруудыг ч хамруулж байгаа.

Үүнийг энэ долоо хоногт Засгийн газрын түвшинд ярилцах байх. Одоохондоо албан ёсоор асуудал яригдаагүй учраас тийм, ийм гэж хэлэхэд эрт байна. Харин засагт хамтрагч намууд албан бусаар ярьж л байгаа.

-Ярьж байгаачлан танай яамыг өөр яамтай хавсаргавал таны байр суурь ямар байх бол?

Эцсийн дүнд олонхи шийдвэрийг гаргана. Энэ асуудлыг УИХ дээр олон талаас нь хэлэлцээд шийдвэрийг гаргавал би хүлээн зөвшөөрнө. Мэдээж олон талаас нь ярьж шийдвэрийг гаргаж байгаа учраас түүнийг дагахаас өөр арга байхгүй л дээ. Шууд хэлэхэд манай яамыг өөр яамтай нэгтгэнэ гэж олонх үзвэл би хүлээн зөвшөөрнө.

Тэгээд ч V цахилгаан станц, Таван толгойн станц, Амгалангийн дулааны станц .гээд ажил нь эхэлчихсэн, заримынх нь ажил хүлээгдэж байна. Энэ тохиолдолд чухал бүтээн байгуулалтын ажил цалгардах вий гэдгийг би хэлж байгаа. Ер нь сүүлийн 30 жил ганц ч станц баригдаагүй байлаа шүү дээ.

-Цөөн сайдын суудлыг ярих тохиолдолд засагт хамтрагч намууд, АН дахь фракциуд бас л асуудал үүсгэх байх. МҮАН-ын хувьд байгаа нэг сайдаа яаран явуулах болов уу гэх мэтээр асуулт их байгаа?

“Шударга ёс” эвслийн хувьд байр сууриа илэрхийлсэн шүү дээ. Г.Шийлэгдамба генсек “Манай эвслийн сайдуудаас хөдлөхгүй. АН-ынхан дотроо асуудлаа шийдэх байх” гэж хэлсэн байгаа. Тэгээд ч МҮАН л гэхэд нэг сайдын суудалтай. Олон талаас нь хэлэлцэж шийдвэрлэх нь зөв гарц болно.

-Сайд нарыг ажилласан байдал, ажлын үр дүнгээр нь шалгаж бүтцийн өөрчлөлтийг хийнэ гэх нь ч байна?

Бас л яригдаж буй санаануудын нэг.

-МАН-ынхан Засгийн газар, Н.Алтанхуяг сайдыг огцруулахыг шаардаж эхэллээ. Эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ л гэнэ. Энэ тохиолдолд Засгийн газрын гишүүн та юу бодох юм?

МАН бол улс төрийнхөө хувьд Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа нь үндсэн үүрэг нь гэж би ойлгож байгаа. Эдийн засгийг уруудуулан доройтуулсан гэдгийн хувьд дэлхий нийтээр таатай биш байна. Ялангуяа Монголын хувьд уул уурхай дээр тогтож байсан эдийн засаг юм. Нүүрсний үнэ нэг дахин, алт, зэсийн ханш уначихсан байна. Энэ тохиолдолд эдийн засаг тааруу байгаа нь үнэн.

Элгээр нь хэвтүүлж, дордуулсан гэвэл санал нийлэхгүй. Засгийн газарт хоёр жил ажиллалаа. Дэд бүтцийн хийгээд бусад салбарт томоохон өөрчлөлт орсныг харж байна. Дөнгөж сая Өмнөговь аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдлоо. Эрчим хүчний салбарт сүүлийн 30 жилд нэг ч кВт-ийн эх үүсвэр ороогүй. Гэтэл 173 мВт орлоо. Дархан-Уулынх 48, Орхоных 36, Дорнодынх 36 мВт. Энэ нь ямар хэмжээний бүтээн байгуулалт вэ гэдгийг харуулж байгаа хэрэг биз дээ.

Богино хугацаанд энэ мэтээр ажил хийгдсэнийг нөгөө талаас нь харах хэрэгтэй. Бүх зүйл сайн байгаа гэж хэлэхгүй ч бүхнийг харлуулах бас хэрэггүй. Бүхнийг харлуулж төр засгийг огцруулбал эндээс хэн ч хожихгүй* Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах гэхэд л 60 хоног бодлогоо гаргах гэсээр 100 хоног гээд хугацаа алдана. Сонгууль хүртэл дахин бүтээн байгуулалт хийнэ гэж найдалтгүй. Жилийн дараа сонгууль эхлэх учраас тийшээ л анхаарна.

Үнэндээ Н.Алтанхуяг гэдэг хүнийг өөрчилчихөөр нүүрс, алт, зэсний үнэ өсч, Монголд илүү их хөрөнгө орж ирэх гээд байвал дэмжээд ярьж болох л юм. 

Магадгүй замын шав тавихаас илүү ажил хийгдэхгүй байх. Үнэндээ Н.Алтанхуяг гэдэг хүнийг өөрчилчихөөр нүүрс, алт, зэсний үнэ өсч, Монголд илүү их хөрөнгө орж ирэх гээд байвал дэмжээд ярьж болох л юм. Гэхдээ тийм зүйл байхгүй л дээ.

-Та бүхний ажил гудамж талбайн өнгөөр биш айл бүрийн амьдралаар дүгнэгдэнэ гэгддэг шүү дээ?

Ард түмэн хоолгүй хонож байгаа гэх нь хаашаа юм. Харин хийж бүтээж байгаагаа бид бүхэн ярих нь үүрэг. Өдөр, шөнөгүй ажиллаж байна гэвэл үнэн. Эцсийн дүнд үр дүнгээр нь бидний хийснийг дүгнэнэ.

Үр дүн нэг жилд биш, дэлхийн жишгээр 5-6 жилийнхугацаанд мэдрэгддэг гэдэг юм билээ. Харин манайд хоёр жилд нь ажиллах гэж үзээд хоёр жилд нь улстөржөөд дуусдаг. Алдаа байгаа ч оносон зүйл бас олон байгаа.

-Ерөнхий сайд “Том төрөөс ухаалаг төр рүү” уриалгын хүрээнд цомхотгол хийхээр болсон гэсэн. Үнэхээр энэ уриалгыг дэмжиж байгаа юм бол оройтож хөдөлж байгаа юм биш үү?

Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санааг хэрэгжүүлж байна гэж ойлгож болно. “Яагаад тухайн үед нь арга хэмжээ авч болоогүй юм бэ” гэж хүмүүс асуугаад байгаа юм л даа. Тэр үед МАН-ын зүгээс Засгийн газрыг унагах хэрэгслүүр болгож хувиргасан. Тийм учраас хүлээж авах боломжгүй болсон.

Асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд олон талаас нь яриад дэвшүүлсэн санааных нь хүрээнд бүтэц бүрэлдэхүүнийг цомхотгож, давхар дээлийг тайлах тухай унасан хуулийг дахин өргөн барихаар болсон юм билээ. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, дэвшүүлсэн санааг дэмжээгүй юм биш. Улстөржилт орсноор одоо хэрэгжих гэж байгаа хэрэг.