Анд нөхдөө дурсаж, хүндэтгэл үзүүллээ
Зөвлөлтийн ард түмний агуу ялалтын түүхт 67 жилийн ой өчигдөр тохиолоо. "Зөвлөлтийн дайчдын дурс-галыг тэнгэрт нартай мөнхөлж, газарт галтай хамт дархлав" хэмээсэн үг Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд бичээтэй бий. Энэхүү хөшөөнд Ялалтын баярын өдөр жил бүр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөө жилийн хүндэтгэлийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ОХУ-аас Монгол Улсад суу гаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай болон ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ-ын генерал, хурандаа нар, ахмад дайчид, орос, монгол залуус оролцсон юм. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр "Юуны өмнө Орос, Монголын ард түмэнд баярын мэнд хүргэе. Энэ бол зөвхөн Оросын ард түмний баяр бус, Монголын ард түмэнд ч хамаатай. Дэлхийн II дайны ялалтад манай ард түмэн түүхэн үүрэг гүйцэтгэн, арын албыг нь найдвартай залгуулж байсан. Түүгээр зогсохгүй Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулж, улсынхаа байр суурийг хүлээн зөвшөөрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан" гэлээ.
Энэ үеэр дэлхийн II дайнд оролцож явсан 91 настай, ахмад дайчин Б.Лааганы сэтгэгдлийг сонссон юм.
-Өнөөдрийн сайхан амьдралыг авчрахад олон аавын хүүхдүүдийн цус урссаныг хойч үеийнхэн маань мартах учиргүй. Би 1939 оны Халх голын байлдаан, дэлхийн II дайнд оролцсон. 1941 онд бидний 20 гаруй залуу ЗХУ руу цэргийн сургуульд суралцахаар очоод байна. Тэгтэл дэлхийн II дайн эхэлж, бид оролцох болсон. Дайн дуусахад надтай хамт явсан нөхдийн маань долоо нь л Монголдоо энх тунх ирсэн. Хагацал, харууслын хэцүү он жилүүд байлаа"гэж дурсав.