Л.Гантөмөр: Энэ жилийн хамгийн гол онцлог бол бага боловсролын шинэчлэл
Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлэгт Боловсролын сайд Л.Гантөмөр оролцлоо.
-Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хир хангагдсан вэ?
-100 хувь хангагдсан. Жил бүрийн 9 сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж аваад, хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг хийгээд гаршчихсан салбар шүү дээ. Манай сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар, аймаг дүүргийн боловсролын газрын удирдлагууд долдугаар сарын дундаас эхлээд бэлтгэл ажилд эрчимтэй ордог.
-Сургууль, цэцэрлэгийн ачааллын тухайд Таны толгойтой үс бууралтаж байгаа байх гэж Би бодож байна. Ачааллыг багасгах, хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамруулах боломж байна уу?
-Үндсэн хуулиар ЕБС-ыг 100 хувь үнэ төлбөргүй олгох үүрэгтэй. Энэ үүргээ сайн биелүүлж байгаа гэж хувьдаа бодож байгаа. Сургуулийн өмнөх боловсролыг ЕБС-д орохын өмнө зайлшгүй олгох шаардлага бол байна. Яагаад гэвэл 6 настай хүүхэд сургуульд ороход цэцэрлэгт явсан, яваагүй хүүхдийн ялгаа асар их. Энэ эрс ялгаатай байх нь багш нар болоод сургуулийн байгууллагуудад хүндрэл авчирч байна. Тиймээс хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах ажил зайлшгүй хийх учиртай юм.
Гэхдээ нөгөө талдаа төсөв, мөнгөний хүндрэл байгаа. Өнгөрсөн хугацаанд 60 гаруй цэцэрлэгийг хүлээж авсан. Энэ онд 45 цэцэрлэгийг хүлээж авахаар ажиллаж байна. Төсвийн жил 1 сарын 1-нд, хичээлийн шинэ жилийн нээлт 9 сарын 1-эд гээд энэ хоёрын цаг хугацааны хувьд зөрдөг. Үүнтэй уялдаад жишээ нь одоо 34 барилгын ажил өнөөдөр 80%-тай явж байна.
Бидэнд хамгийн их дэм үзүүлж байгаа хүмүүс бол хувийн хэвшлийнхэн. Энэ жил гэхэд 70 орчим цэцэрлэг шинээр бий болсон. Тиймээс бид энэ хөрөнгө оруулалтыг урамшуулах, дэмжих чиглэлийг барьж ажиллаж байна. 7-р сард би энэ талаар шинэ журам гаргасан. Үүгээр заавал барилга нь өөрийн нэр дэр байх ёстойг болиулсан, нэг хүүхдэд оногдох м2-ийн хэмжээг багасгасан.
Биднийг ажил авахад сургуулийн өмнөх боловсролд 60% нь хамрагдаж байсан бол одоо 80% боллоо. Ирэх жил 90%-д, үлдсэн хугацаанд бүрэн хамруулна гэсэн бодолтой байна.
Үргэлжлэлийг нэвтрүүлэгээс үзнэ үү.