Э.Бат-үүл: Улаанбаатар хот дангаараа шийдэж чадахгүй олон асуудал бий
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.08.19

Э.Бат-үүл: Улаанбаатар хот дангаараа шийдэж чадахгүй олон асуудал бий

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй цөөн хором ярилцлаа.

-Зүүн хойд Азийн хотуудын дарга нар хөгжлийн талаар ярилцаж байна. Ингэж нэг дор чуулж байгаа нь анхных байх. Ач холбогдол, үр дүнг юу гэж үзэж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын чуулга уулзалт анх удаа Улаанбаатар хотод болж байна. Энэ нь Зүүн хойд Азийн хотуудын удирдлага нэг дор чуулж, хөгжлийн асуудлаа ярилцаж буй анхны үйл ажиллагаа.

Цаашдаа тогтвортой зохион байгуулагдана гэж бодож байна. Манай хотуудад уур амьсгал, тулгамдаж буй асуудлын хувьд ч нэг бүс нутагт байдаг гэх утгаараа төстэй зүйл олон бий. Тиймээс бие биенээсээ туршлага судлах, цаг ууртаа дасан зохицсон байгальд ээлтэй хотын хөгжлийг яаж бий болгох вэ гэхчлэн ярилцах зүйл их.

Энэ чуулганд зургаан улсын 120 гаруй удирдлага ирсэн.

Тэд нээлтийн үеэр чуулга уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, цаашид байнга зохион байгуулах хэрэгтэй гэж хэлсэн нь санаачилсан надад их урам өглөө.

2030 он хүртэлх Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө УИХ-аар батлагдсан. Энэ ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зөвхөн бидний хүчээр биелэх боломжгүй олон асуудал бий. Тиймээс бусад хоттой хамтарч дэмжлэг авах замаар хэрэгжүүлэхээр санал болгоно гэж бодож байна.

-Таны ярьж, зорьж байгаа иргэнд ээлтэй хот гэж ямар хотыг хэлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч сая хэллээ. Бүх хотын бодлого төлөвлөлт үйл ажиллагааг иргэнээсээ асуух  хэрэгтэй. Иргэнд тав тухтай байна уу, аюулгүй байна уу, асуудал шийдэхэд иргэд оролцож байна уу гэх мэтчилэн.

Иргэн шийдвэрээ гаргаад дарга хэрэгжүүлдэг хот байхыг хэлж байгаа юм. Иргэддээ үйлчилсэн хот л зөв тогтвортой хөгжих боломжтой.

-Улаанбаатар хот Бээжин хоттой ах дүүгийн харилцаатай боллоо. Энэ тухайд?

-Бээжин хоттой бид ах дүүгийн харилцаатай хот болох санамж бичигт үзэглэлээ. Нийслэл хотын хөгжлийн түүхийг аваад үзсэн ч Орос болон Хятадын талын дэмжлэг оролцоо их байсан.

Ирээдүйн хөгжилд хоёр хөршийн дэмжлэг хэрэгтэй болно.

Тодорхой төслүүдийг хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцсон утга санаа тусгагдсан энэ санамж бичиг их чухал гэж үзэж байна.
-Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд дангаараа шийдэх боломжгүй олон асуудал байна гэсэн. Тухайлбал?

-Юуны өмнө бидэнд инженерийн байгууламж, хуучин орон сууцыг шинэчлэх зэрэг асуудал байна. Үүний дотор 1990-ээд оноос өмнө Оросын болон Хятадын ажилчид оролцож хийсэн зүйл их байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний хийсэн юмыг шинэчлэхэд мөн л тэдний оролцоо хэрэгтэй.

Хамгийн гол нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд бүс нутагтаа аялал жуулчлалын төв байна гэж тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн гол үзэл санаа нь аялал жуулчлалыг Улаанбаатарт татах.

Аялал жуулчлалын хамгийн том нөөц нь манай хоёр хөршид бий. Тиймээс бүсийн хотуудтайгаа дэд бүтцийн холболт, агаарын тээврийн сүлжээгээ сайжруулж, хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай.

-Улаанбаатарчуудын хувьд агаарын бохирдол хамгийн том асуудал хэвээр байна. Үүнийг шийдэхэд бүсийн бусад хотын тус нэмэр бий юу?

-Нийтлэг асуудал л даа. Үнэндээ агаарын бохирдлын хувьд хэн хэн нь асуудалтай байгаа. Жишээ нь, биднээс илүү хүйтэн бүсэд байгаа Оросын хөрш хотуудад агаарын бохирдлын асуудлыг үндсэндээ шийдээд байна. Байгалийн хийн дулаалгын системд шилжих байдлаар. Үүнийг нь судалж, суралцах, хамтрах чиглэлээр ярилцана.