Гадна талбайгаа засч тохижуулаагүй бол инженерийн үйлчилгээ буюу цахилгаан, дулаанаар хангахгүй гэдгийг хотын захиргааныхан анхааруулав
2014.07.22

Гадна талбайгаа тохижуулаагүй байгууллагыг цахилгаан, дулаанаар хангахгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудьш шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Хуралд оролцогчид баяр наадмын өдрүүдээр гарсан осол гэмтлийн талаар мэдээлэл сонслоо.

Нийслэлийн хэмжээнд 252 дуудлага ирсэн талаар НЦГ-аас танилцуулсан юм. “Замын цагдаа нарыг үүргээ сайн биелүүлсэн” хэмээн хотын дарга Э.Бат-Үүл урмын үг хайрлав.

Шуурхай зөвлөлгөөнөөр дүүргүүдийн төсвийн талаар ярилцлаа. Төсвийн талаар ирэх сарын 1-ний дотор дүүргүүдийн дарга нар саналаа хэлж, бэлэн зураг төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй юм байна. Дүүргүүдийн бүтээн байгуулалтын зураг төслийг 20 тэрбум төгрөгөөр хийсэн тухай Э.Бат-Үүл дарга дуулгасан юм.

Өнгөрсөн жилүүдэд ийм их мөнгөөр зураг төсөл хийж байгаагүй учир дүүргүүдийн Засаг дарга нарт идэвхтэй ажиллахыг даалгав.

Наадмыг зохион байгуулах хорооныхонд хотын дарга ажлаа дүгнэх үүрэг өглөө. “Алдаа оноогоо хэлэлцэх нь дараа жилийн наадмыг илүү сайн зохион байгуулахад сургамж болох учиртай” гэж тэрбээр онцлов.

Шуурхай зөвлөгөөнөөр яригдсан асуудлын нэг нь инженерийн байгууламжийн тухай байлаа. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж компаниудыг гадна талбайгаа засч тохижуулаагүй бол инженерийн үйлчилгээ буюу цахилгаан, дулаанаар хангахгүй гэдгийг хотын захиргааныхан анхааруулав.

Цаашид гадна талбайгаа тохижуулж, хог хаягдлаа цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй байх шийдвэр гаргахаар болжээ.