Э.Бат-Үүл: Миний гэр, миний хот учраас улсынхаа нийслэлд хоноцын сэтгэлээр бүү ханд
Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд Засгийн газрын гишүүд оролцож, иргэдийн асуултад хариулдаг уламжлалтай. Тэгвэл өчигдөр энэ төвд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажиллаж иргэдийн цахимаар болон утсаар тавьсан асуултад хариулт өгсөн юм.
-Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах ажил ямар шатанд явж байна вэ. Урьдчилгаагүй 100 хувь лизинг болгох арга бий юу?
-Байрны урьдчилгаа 30 хувиа өгөх боломжгүй, цалингаас өөр орлогогүй иргэдэд зориулан орон сууцны шинэ хөтөлбөр гаргах гэж байна. Иргэн 3-5 жил сар бүр цалингаасаа 25 хувийг нь орон сууцны санд өгчихвөл 3-5 жилийн дараа орон сууцны ордерийг өгч байранд оруулна. Байрандаа орчсны дараа лизингээ төлж дуусаад тухайн байр таных болох юм. Энэ хөтөлбөрийг зургадугаар сард НИТХ-аар баталсаны дараа захиалгаа авч эхэлнэ.
-СӨХ-ийн гомдлыг хаана шийдүүлэх ёстой вэ?
-СӨХ бол иргэдийн байгууллага. СӨХ-ийн дарга ажиллаж чадахгүй бол оршин суугчид хуралдаад даргаа чөлөөлж болно. СӨХ-ны асуудалд захиргаа оролцох эрхгүй байдаг. Бид ТББ-ын хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй. Тэд өөрсдийн гэсэн хуультай. СӨХ-ийн дарга захиргааны ажилтан бид иргэд өөрсдөө томилдог болохоор хэрхэхээ иргэд өөрсдөө л шийдэх учиртай. СӨХ-ийн төлбөр их байна л гэдэг. Өөрсдөө хуралдаад төлбөрөө тогтоочих хэрэгтэй.
-Дэд бүтэц очихгүй уулын орой дээр газар өгөх шаардлага бий юу. Энэ нь Улаанбаатарын утааг нэмэгдүүлэхээс өөр нэмэр алга?
СӨХ бол иргэдийн байгууллага
-2030 он хүртэл батлагдсан төлөвлөгөөгөөр дэд бүтэцгүй газар гэж нийслэлд үндсэндээ байхгүй. 2020 оноос дэд бүтцэд холбогдоогүй айлуудыг нийслэлээс гаргана. Энэ нь аль ч хотод байдаг л зүйл. Уулан дээр ч бид дэд бүтэц хийхээр төлөвлөж байна. 0.07 га хүртэлх эзэмшиж буй газрыг нь өмчлөлд шилжүүлж байгаа. Хүмүүс газрын хэмжээгээрээ ихэвчлэн зарга үүсгэдэг. Газрын үнэ цэнэ хэмжээнээсээ хамаардаггүй. Үнэ цэнийг байрлалаар нь тодорхойлдог. Хүртэлх гэдэг үгийг иргэд сайн ойлгох ёстой. Тэгэхгүйгээр хүн бүр 0.07 га газраа авах гэж зүтгэдэг. Нийслэлийн бүх иргэдэд ийм хэмжээгээр өгөх газар ч байхгүй. 52 байршил дээр бид яагаад төлөвлөлт хийгээд байна гэхээр үнэ цэнэд хүрэхгүй газар өгсний хэрэггүй гэж шийдсэн юм. Төлөвлөсөн газрыг худалдаж авъя гээд л гуйгаад ирнэ, харж л байгаарай.
-Төлбөртэй зогсоолуудыг яах ёстой вэ. Ороод гарахад л мөнгө нэхэх юм?
-Төрийн байгууллагын талбайн 20 хувийг төр ашиглаж, үлдсэн 80 хувийг нь төлбөртэй зогсоол болгосон. Төлбөртэй зогсоолтой болсноор иргэд түүнд сэтгэл хангалуун байгаа. Учир нь төрийн байгууллагынхан өмнө нь өөрсдийнхөө машиныг тавьчихдаг байсан. Иргэд машинаа тавих газаргүй хүндрэлтэй байв. Төрийн байгууллага иргэдэд үйлчлэх ёстой тул энэ шийдвэр маш зөв гэдгийг иргэд хэлж байгаа. Иргэд төлбөр төлдөг болсноор төрийн байгууллага дотор дэмий сэлгүүцэх аргагүй болж байгаа хэрэг. Төлбөртэй зогсоол дээр удаан зогсох бүр тэр нь халаасны хэдэн төгрөгтэй нь яригдаж байгаа юм. Иргэд төрийн байгууллагаар хурдан орж асуудлаа шийдүүлээд гарахаас өөр аргагүй.
-Нийслэлийн нохой ихэслээ. Мөн манай улсад хужаа, солонгосчууд маш их боллоо. Үүнд анхаарах цаг болжээ?
-Би нийслэлийнхээ иргэдэд хужаа иргэд гэх мэтээр хүмүүсийг арьс өнгөөр нь ялгаварлахыг дэмжихгүй гэдгээ хэлээд байгаа. Энэ бол манай хотын зүйл биш. Бид найрсаг Улаанбаатар хотыг бий болгох зорилт тавьж байна. Арьсны үзлийг болих хэрэгтэй. Бид 1933 оны нацист Герман биш ардчилсан Монгол Улс. Арьс өнгөөр ялгаварлах байдлаар гадны иргэдийн эсрэг танхай балмад үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнийг хайр найргүй таслан зогсоох үүргийг цагдаад өгсөн. Манай Үндсэн хуулинд иргэний эрх гэж заагаагүй. Хүний эрх гэж заасан байгаа. Гадныхан Монгол Улсын Үндсэн хуулийг үзээд гадныхан баярлаж, бахархдаг. Харин бид хүүхдүүдийнхээ дэргэд буу барьчихаад нохой устгаад явж байгаа нь буруу. Үүнийг би хориглож байгаа. Баянзүрх дүүрэгт золбин ноходыг байлгадаг нохойн байр ашиглалтад оруулсан.
-Нийслэлийн ногоон байгууламжийг та хангалттай гэж үзэж байна уу. Цаашид томоохон ногоон байгууламжийг яаж хийх вэ?
Бид хүүхдүүдийнхээ дэргэд буу барьчихаад нохой устгаад явж байгаа нь буруу.
-Нийслэлийн гудамж талбайг цэцэрлэгжүүлэх ажлыг эрчимжүүлж өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их цэцэгжүүлэлт ногоон байгууламж тарихаар төлөвлөсөн. Хүмүүс үүнд их мөнгө зарлаа гэдэг. Иргэдийнхээ сэтгэлд өөдрөг үзлийг бий болгох, амар тайван байдлыг бий болгоход ногоон байгууламж чухал үүрэгтэй байдаг. Ядаж хүүхэд, хөгшид баярлаж байна. Цэцэг бол хүн бүрт л сайхан сэтгэгдэл төрүүлж байна гэж боддог. Нөгөө талаас цэцэг тарьсан нь хүмүүсийн ухамсарт нөлөөлсөн. Учир нь зүлгэн дээр хамаагүй гүйдэг байсан бол цэцэгтэй орчинд хүмүүс тэгдэггүй. Тодорхой хэмжээнд хүмүүст хотын соёлыг төлөвшүүлж чадсан.
Үнэнийг хэлэхэд манай нийслэл ногоон байгууламж хамгийн муутай, тоос шороо их¬тэй хот. Бусад хотод очиход хатуу хучилт¬тай зам эсвэл ногоон байгууламж байдаг. Гадны орнуудад хаягдсан талбай гэж байдаггүй. 2020 он гэхэд яг тийм стандартад очно. Туул голын бургасыг устган барилга бариулж байна. Ногоон байгууламжгүй байж байгаа жаахан ногоон байгууламжаа устгаад барилга барьж байгаа асуудлыг бүрэн зогсоосон. Миний гаргасан шийдвэр захиргааны хэрг¬ийн шүүхэд очсон. Улаанбаатарын гол уушги болсон Туулын бургасаа устгаад байж болохгүй. Туулын далангийн дотор талын бүсийг архигүй аялал зугаалгын бүс болгож байгаа. Яармагийн хадан хошуунаас Баянзүрхийн товчоо хүртэл дугуй, явган хүний гүйдэг зам тавих гэж байна.
-Машин ачдаг байдлыг хэрхэн цэгцлэх вэ. Дөнгөж машинаас буугаад хүнд юм өгөөд ирэхэд ачаад явчих юм. Түүний оронд цагдаа нарт 30 мянган төгрөгөөрөө торгуулж баймаар байна?
-Нотлох баримттай байх ёстой. Тэгвэл тэр хүмүүстэй хариуцлага
Авто худалдааны төвийг хотын баруун тийшээ нүүлгэхээр бэлтгэл ажлыг эхэлчихлээ.
тооцъё. Машин ачиж яваа хүмүүсийг бүдүүлэг харьцаатай, хүмүүст нь мэдэгдэхгүй машин ачдаг мэдэгдлээ өгөх ёстой гэхээр “Бид мэдэгдлээ өгдөг. Машиныг чинь ачлаа шүү гэж гар утсаар мэдэгдэж, таван минутын хүлээлтээ хийдэг” гэж хэлдэг. Хэн нь үнэн хэлж, хэн нь худлаа хэлдгийг бүү мэд. Мэдээж машинаа ачуулсан хүн ууртай байна. Талд давхиж яваа юм шиг дураараа машин тавихаа больчихсон. Нийслэлийн иргэд л замбараагүй зогсож байгаа машиныг цэгцлээчээ гэсний үндсэн дээр л хийж байгаа.
-Гэр хорооллын айлуудыг орон сууцанд оруулах ажил юу болж байгаа вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийслэлийн бүхий л хэсгийг дэд бүтцээр бүрэн хангаж дуусгана. Ингэснээр 80-100 мянган орон сууц ашиглалтад орно. Хөрөнгө оруулагчид нэлээд зүрхшээдэг. Өөрсдөө хөрөнгө оруулахаас гадна газраа чөлөөлүүлсэн иргэдийн амьдрах газрын асуудлыг шийднэ. Иргэдтэй тохиролцох гэж овоо юм болдог. Гэтэл үүнийг нь сөрөг хүчин улс төржүүлээд байх юм. Хөрөнгө оруулагч иргэдийн хооронд битгий улс төр хийгээд байгаачээ гэж захьдаг. Гэсэн ч энэ ажил хурдтай байгаа.
-100 айлын барилгын материалын захыг хэзээ нүүлгэх вэ. Хэдхэн хүний эрх ашгийн төлөө нийслэлийн иргэдийн эрх ашгийг ингэж хохироож болохгүй биз дээ?
-Захуудыг нүүлгэх ажиллагаа эхэлж байгаа. Авто худалдааны төвийг хотын баруун тийшээ нүүлгэхээр бэлтгэл ажлыг эхэлчихлээ. Энэ ажил нэлээд шуурхай явагдаж байна. Хотын том захууд бүгд хотоос гарна. Тэнд бид төрийн үйлчилгээг төвлөрүүлэх бөгөөд машинаа оношлуулаад, дугаараа авчих юм. Үүнтэй адилхан барилгын худалдааны төвийг Налайх руу нүүлгэнэ. Төрийн үйлчилгээ ч мөн тэнд байхаар тогтсон.
-Нийтийн тээврийн тал дээр ямар бодлого барих вэ?
-Нийтийн тээвэр, авто зогсоолын хувьд ч багагүй шинэчлэлтийг хийж байгаагийн дээр зогсоолын хомсдолыг арилгах зорилгоор газар доорх зогсоол, автомашины давхар зогсоол барихыг дэмжиж байгаа. Ирэх намраас автобус компанийн ашгийг бодох бус иргэдийн тав тухтай зорчих эрхийг эрхэм болгож ажилла. Чадахгүй бол боль гэж байгаа. Нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явах, мөн суудлын тооноос дээш 10-аас илүүгүй хүн тээвэрлэхгүй байх зэрэг заалтуудыг мөрдөнө.
Тэрээр ярилцлаганыхаа дараа Нийслэлийн иргэн бүрийг хог хаягдалтай тэмцэхийг уриалсан юм. Тэрээр “Нийслэлийн ихэнх хөрөнгө хүч хог хаягдлыг цэвэрлэхэд зориулагддаг. Улсынхаа нийслэлд хоноцын сэтгэлээр хандалгүй миний гэр, миний амьдрах газар гэсэн сэтгэлээр хандаач ээ” гэсэн юм.