Г.Байгальмаа: Богд уул тойрсон Хөшигт, Зуунмод, Майхан зэрэг дагуул хотоор нийслэлийг задлах цаг болсон
Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа
2014.08.04

Г.Байгальмаа: Богд уул тойрсон Хөшигт, Зуунмод, Майхан зэрэг дагуул хотоор нийслэлийг задлах цаг болсон

Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаатай ярилцлаа.

-Барилгын материалын үйлдвэрлэл нэг үеэ бодвол сэргэчихлээ. Цемент дээр гэхэд л бусдын гар харах шаардлагагүй болж байна. Барилгын материалын нэгдсэн парк байгуулах ажил ямар шатандаа яваа вэ?

-Налайхын цаад хөндийд барилгын материалын нэгдсэн парк байгуулах ажил эхэлсэн. Нийслэлтэй ярьж байж 120 га газрын асуудлыг шийдүүлсэн. ТЭЗҮ-ийг нь хийлгэж байна. Барилгын чигийн үйлдвэрлэлийг нэгдсэн байдалд оруулах зорилготой ажил л даа. Жишээ нь өнөөдөр Монголд будгийн үйлдвэр байхгүй.

Будгийн үйлдвэр оруулж ирвэл бодлогоор яаж дэмжих вэ гэдэг асуудлыг ярьж эхэлнэ гэсэн үг. Төвлөрсөн байдал бий болгосноор хэрэглэгчдэд ч давуу талтай.

Нэг цэгээс үйлчлүүлэх боломжтой болох юм. Барилгын материал үйлдвэрлэлийн хувьд нэг хэсэг уналтын байдалтай байж байгаад эргэж сэргэсэн.

Өнөөдөр эдийн засаг сайн биш байна. Юань, долларын ханш өсөлттэй байгаа. Ийм үед барилгын материалын 70-80 хувийг урд хөршөөс авч байна.

Ингэж авч байгаа бүтээгдэхүүний чанарыг яривал хүнд л дээ. Барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр өнгөрсөн хавраас Монгол банктай хамтарч дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.

Барилгын салбарт шинэ технологи нэвтрүүлэх, шинээр үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлсэн нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгөөд байгаа.

Барилгын салбарынхны хувьд банкнаас зээл авах гэхээр хүү нь өндөр гэсэн асуудал байсныг хөнгөлөлттэй зээлээр шийдэж өгсөн. Хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрчимжсэн ч шинээр үйлдвэрлэл оруулж ирэх шаардлага бас бий.

-Жишээ нь шинээр ямар асуудлыг шийднэ гэж?

-Хотын зүүн, баруун талд барилгын материалын нэгдсэн терминал барих асуудал байна, Хөтөлбөрийн хүрээнд Хөтлийн цемент шохойн үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөсөн.

Энэ ажлын үр дүнд өнөөдөр ч гэсэн үнэтэй зарагдаж буй цементийн үнийг дараа жилээс барьж чадна гэж үзэж байгаа. Зуун айл дахин төлөвлөлтөд орж байгаа. Баруун талд барилгын материалын жижиглэнгийн болон бөөний төв байгуулах цогц арга хэмжээ авах гэж байгаа нь эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

-Угсармал барилга барих БҮК-ийн ажил хэр урагштай байгаа вэ?

-Барилгын салбарыг улирлын хамаарлаас гаргахын тулд хийж байгаа томоохон ажил л даа. Өвөлдөө бэлдэцээ үйлдвэрлэж, урин цагт нь угсралтын ажлаа хийгээд явбал барилгын салбарын ажлын байр тогтвортой болно.

Тэр хэрээр хүний нөөцийн асуудал нь чанаржина. БҮК-1 байгуулах ажил ид өрнөж байна.

-Байшин үйлдвэрлэх комбинат төлөвлөсен хугацаандаа ажиллах болов уу?

-Төлөвлөсөн хугацаандаа үйлдвэрлэлээ явуулж чадна.

-Угсармал барилга гэхээр хүйтэн, тухгүйдүү байх магадлалтай гэсэн ойлголт монголчуудад бий. Оросын угсармалуудаас үүдсэн хандлага л даа. Одоо Германаас  оруулж ирэх технологид ийм сөрөг тал бий юу?

-Барилгын технологи цаг үеэ дагаад маш их өөрчлөгдсөн. Евро, стандартын хувьд цаг агаар харилцан адилгүй, барьж байгуулж байгаа арга техник нь ондоо гээд асуудал бий. Нутагшуулж, хэвшүүлж, ойлгуулахад цаг хугацаа шаардлагатай юм билээ.

Угсармал барилгын хувьд хуучных шиг хүйтэн, тухгүй гэсэн асуудал байхгүй. Арга технологийн хувьд огт өөр болсон. Харин ч цаг хугацаа, мөнгө хэмнэсэн, манай нөхцөлд тохирсон арга.

-Барилгын зарим компаниудын ажил зогссон гэх мэдээлэл байна. Шалтгаан нь юундаа байгаа юм бол?

-2010 онд 100 мянган айлын орон сууц хөтөлбөр батлагдсан. Энэ хүрээнд Засгийн газар өнгөрсөн жил тогтоол гаргаж, барилгын дэд бүтэц шугам сүлжээнд хөрөнгө мөнгө зарцуулахаар болсон.

Шинээр барих хотхон хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой төслүүдийн дэд бүтцийн асуудлыг шийдэж өгье гэсэн шийдвэр гарсан юм. Хотын төвд шинээр барилга баривал ачааллаа дийлэхгүй учраас хотыг баруун тийш тэлэх төлөвлөлт гаргаж Нисэх, Яармаг, Баянголын ам руу дэд бүтцийн сүлжээ тавих ажил хийж байна.

Төлөвлөснийхөө дагуу ажлаа явуулах гэхээр эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж дэд бүтцийн хөтөлбөр маань түр зогсчихоод байгаа.

Барилгын ажил ид өрнөдөг сезоны үеэр ийм зогсолт хийчихээр жиl алдах эрсдэл гарч байна л даа.

Цаг алдахгүй хийх ёстой ажил хийгдэхгүй болохоор яах аргагүй ухралтын байдалд орчихож байгаа юм. Дэд бүтцийн ажлыг дагаж хувийн хэвшлийнхэн байшин барилгаа барих боломжтой болно. Дэд  бүтэц нь дуусаагүй газар ямар нэг хотгон, хороолол барих ажил тэр хэрээр удааширч таарна.

-Дэд бүтцийн ажлаас болж зарим хотгон, хорооллын барилгын ажил хойшлох тал руугаа орох магадлалтай болчихсон гэсэн үг үү?

-Магадлалтай болсон гэсэн үг биш. Дэд бүтцээс болж хойшлох тал руугаа орчихоод байна л даа. Мэдээж тодорхой хэмжээнд хэсэгчилсэн ажил гүйцэтгээд явж байсныгаа хүлээлгэж өгөөд байгаа. Жишээ нь Яармагийн дэд бүтцийн ажлыг хийчихсэн. Улсын комисс хүлээж авахад бэлэн болчихоод байна.

Доллар, юанийн өсөлт, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын эргэлтийн хөрөнгө дутмагаас үүдэж барилгын явц удааширч байгаа тал бий.

Өөр нэг зүйлийг онцолж хэлэхэд өнгөрсөн оноос өгч эхэлсэн найман хувийн хүүтэй моргэйжийн зээлийн хувьд үр дүнгээ өгсөн арга хэмжээ болсон. Энэ хөтөлбөрййн өгөөжөөр олон хүн орон сууцанд орсон.

-Үүний нөгөө талд өөр нэг том асуудал байх шиг. 80-аас дээш квадрат метртэй байрнууд найман хувийн зээлд орохгүй учраас компаниудын хувьд ахиу метр квадраттай байраа зарж чадахгүй гэсэн асуудал гарч ирж байна. Үүнээс улбаалаад компаниуд эргэлтийн хөрөнгөгүй, эргэлтийн хөрөнгөгүй учраас дараагийн барилгын ажил явахгүй байгаа юм биш үү?

-Өнөөдөр 80 метр квадрат хүртэл талбайтай орон сууцыг найман хувьд хамруулна гэсэн учраас нэг, хоёр өрөө байр тухайн жилдээ зарагдсан, наяас дээшхи нь хүндрэлтэй байгаа нь үнэн.

Журамд өөрчлөлт оруулах талаар ярьсан зүйл бий. Нөгөө талдаа барилгын эрэлтийг нэмэгдүүлсэн ч эдийн засаг суларсантай холбоотойгоор байр худалдаж авах хүний тоо хязгаарлагдмал болсон.

Энэ нь эргээд барилгын салбартаа нөлөөлөөд байна. Орон сууцаа бариад л худалдаж чадахгүй байна гэдэг нь тухайн барилгын компанийн эргэлтийн хөрөнгө удааширч байна гэсэн үг.

Барилгын салбарыг улирлын хамаарлаас гаргах бодлого хэрэгжүүлээд байхад эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр далайцтай бодлого авч хэрэгжүүлэхгүй бол үр дүнгүй болчихоод байгааг үгүйсгэхгүй.

-'Хөтөлийн өргөтгөл, МАК, Дорноговийн хоёр үйлдвэр гээд цементийн одоо яригдаж байгаа үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл дотоодын ойрын хэрэглээгээ бүрэн хангах боломжтой юу?

-Бүрэн хангана. Гаднаас цемент авах шаардлагагүй болох юм.

‘Манай үйлдвэрүүдийн үйлдвэрлэж байгаа цемент чанарын хувьд урдаас орж ирж байгаа цементээс давуу байж чадах уу?

-Чанарын хувьд яах аргагүй давуу. Хятадаас орж ирж байгаа цементийн хувьд чанартай, чанаргүй янз бүр бий. Өөр нэг том асуудал нь килограммдаа хэзээ ч хүрдэггүй.

50 килограммдаа хүрдэггүй гэсэн үг. Чанар, хэмжээний талаар асуудал тавихад цаад тал ач холбогдол  өгч хүлээж авдаггүй. Зах зээл. эрэлт хэрэгцээ нь байгаа учраас ,тэр байх.

Цементээ дотооддоо үйлдвэрлэж хангах хэмжээнд хүрч байгаа учраас хотын зүүн, баруун талд терминал барьж Хөтөл, Дорноговийн үйлдвэрүүдээс орж ирж байгаа цементийг төвлөрүүлж жижиглэн болон бөөнөөр худалдана гэсэн бодлого барьж байна.

-Барилгын салбарт аюулгүй байдал гэж том асуудал бий. Он гарснаас хойш хэд хэдэн хүн барилгын аюулгүй ажиллагаанаас болж амиа алдаад байна. Энэ тал дээр хэр анхаарч ажиллаж байгаа вэ?

-Барилгын салбарын бүрэн дүүрэн ойлголтгүй хүн орж ирж шууд ажиллуулснаар буруудаж байгаа тал бий. Дээр нь хөдөлмөр аюулгүй байдлын наад захын хамгаалах хэрэгсэл дээр ч асуудал байна. Наад зах нь хувь хүн ч гэсэн аюулгүй ажиллах бүрэн бүтэн байдлаа бүрдүүлсэн байх учиртай.

Аюулгүйн ажиллагааны сургалтын явцад компаниудын аюулгүй ажиллагаа хариуцсан хүмүүстэй уулзахад “Бээлий тавьж өгөөд байхад өмсч сураагүй юм аа гээд өмсдөггүй” гэсэн тайлбар хэлдэг. Ийм хүмүүст аюулгүй ажиллагаа ярихад хүнд л дээ.

Өвлийн улиралд өргөх машин механизм гадаа байдгаас болж хөлдөж царцаж элэгдэлд ордог. Үнэтэй техникээ тэр бүр шинэчлээд байж чаддаггүй гэх мэт асуудал бий. Хамгийн гол нь аюулгүй ажиллагааг хангахын тулд яаж ажиллах ёстойг ухамсарлуулах чигийн ажил зохион байгуулах хэрэгтэй. Энэ чиг рүү анхаарч байна.

Мэдээж хөдөлмөр аюулгүй ажиллагааны хэрэгцээг хангасан тоноглол, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэлийн зарчмаа барьж ажиллаж байгаа. Нийслэл аюулгүй ажиллагааны журам гаргасан байна лээ. Улс орон даяар дагаж мөрдөх журам болговол ямар вэ гэсэн санаа бий.

-Хот ачааллаа дийлэхээ больж байгаа энэ үед дагуул хотын асуудлыг зайлшгүй ярих учиртай. Яам энэ чиглэлд ямар бодлого барьж байна?

-Нийслэлээ Хархоринд аваачина гэдэг бол зардал ихтэй, хүнд асуудал. Тийм учраас хүн амынхаа нягтаршлыг задалж сийрэг болгохын тулд дагуул хотын асуудлыг яамны түвшинд ярьж байгаа. Яаман дээр Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал дагасан дагуул хот байгуулах талаар ярьж эхэлсэн.

100 мянган хүнтэй хот бий болгоё гэж ярьж байна. Төв аймгийн төвийг Зуун мод хот болгоё гэж байгаа. Хажууханд нь Эрдэнэ суманд Майдар гээд хот бий болгоё гэсэн яриа эхлээд даваа гаригт (өнөөдөр) шавыг нь тавих гэж байна.

Майдарыг тодруулж хэлбэл түүх дурсгалын эко хот болно. Байгалийн үзэсгэлэнт газарт сүндэрлэх энэ хот соёл, урлаг талаа дагнасан байх юм. Майдар эко ситигийн төлөвлөлтийгэнэ чиглэлдээ дэлхийд тэргүүлдэг германчууд хийсэн.

Дагуул хотуудаас гадна алслагдсан дүүргүүдээ ч нарийвчилж, бүсчлээд өгөх хэрэгтэй. Дөрөв, таван жилийн өмнө Багануурыг их дээд сургууль төвлөрүүлсэн оюутны хотхон болгоно гэж байсан. Өнөөдрийг хүртэл ажил болоогүй л байна.

Хэрвээ ажил болчихвол их, дээд сургуулиудын байранд цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд зайлшгүй хэрэгцээтэй газруудаа.оруулчихад хот нэг том асуудлаа шийдчихнэ. Энэ мэтчилэнгээр асуудлыг цогцоор нь харж шийдмээр байна.

Налайх, Багахангай, Зуунмод, Майдар, Хөшигт гээд Богд уулаа тойрсон маягаар хотоо задлах цаг болсон. Гэр хороололд амьдрахаа боль гэж хүнийг албадан тулгах биш, ажиллаж амьдрах нөхцөлийг нь ингээд бүрдүүлээд өгчихвөл асуудал аяндаа шийдэгдэнэ.