С.Багахүү начны цолны мялаалга алтайчуудыг цэнгүүлж чадлаа
2011.10.26

С.Багахүү начны цолны мялаалга алтайчуудыг цэнгүүлж чадлаа

Дөрвөн их түүхт, ой давхацсан үндэсний их баяр наадмаар урамтай сайхан барилдаж Монгол Улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа «Хилчин» спорт хорооны тамирчин, «Тайгам-Алтай» компани, Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн бөх С.Багахүүгийн шинэ цолны хүндэтгэлийн цайллага «Улаанбаатар» ресторанд халуухан болж өндөрлөлөө.

Тэрбээр Алтай нутгийн «Хантайшир» дэвжээний бөх. Тиймээс энэхүү цайллагад Алтай нутгаас төрөн гарсан улстөр, бизнес, урлаг спортын алдартнууд цугласан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, НИТХ-ын дарга Т.Билэгт, ГЕГ-ын дарга асан Ч.Баатар.Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, «Макс» группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар,ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд, «Туушин» ХХК-ийн захирал Н.Зоригт, «Аir trans » компанийн захирал Т.Чулуунхүү болон гарьд Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганбаатар, заан Б.Соронзонболд гээд нутгийн бөхчүүд ч уригджээ.

Мөн «Хилчин» спорт хороонд харьяалагддаг М.Өсөх-баяр заан, Д.Баасандорж заан, Ц.Содномдорж харцага гээд бөхийн торгон ногоон дэвжээнээ зодог шуудагтай дэвж, уран мэхээ уралдуулан ид ха-ваа гайхуулдаг хүчтэнүүд брэндийн костюмаар гангарч, «дэгжин залуу» болоод ирцгээсэн байв. С.Багахүү начин баргийн дуучнаас дутахааргүй сайхан хоолойтой нэгэн. Тиймдээ ч цайллагад эгшгэн хадаг өргөсөн МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Л.Банзрагч нарыг золтой л ажилгүй болгочихсонгүй. Алтай нутгийнхаа эрхэм бөхөд МУГЖ Х.Болормаа ч дуун хадаг өргөв. Харин дараа нь найрын хөтлөгчийн дэг ёсоор С.Багахүү начны цолыг мялаах бэлгийн цуваа нэлээд урт дараалал үүсгэв. Нутаг орныхоо нэрийг дуурсгаж, алтайчуудынхаа итгэлийг өвөрлөсөн шинэхэн начиндаа УИХ-ын гишүүн, «Хантайшир» дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр 20 сая төгрөг гардуулсан бол «Тайгам-Алтай» компанийн зүгээс хоёр өрөө байрны түлхүүр бэлэглэлээ. Бөхөө дээдэлдэг монгол түмэн тэднийхээ хөлс, хүчийг багагүй үнэлдэг болсон. Тиймээс аймгийн нутгийн зөвлөлөөс унааг нь сольж,   «Lexus-570»   машин бэлэглэсэн нь алтайчууд зангаргатай загнаж буйн илрэл гэлтэй. Гэхдээ тэд начиндаа ирэх жил цолоо ахиулж, бүр аварга болохыг ерөөж байсан шүү. Энэ нь хайр хүндэтгэлийн ард хариуцлага байнга дагаж явдаг гэдгийг ухааруулсан ерөөлийн үгтэй хоршиж байсан нь тун ч таатай сонстсон.

Дуу хуураар давалгаалсан цайллагын үеэр С.Багахүү начин болон Говь-Алтайн бөхчүүдэд зааж, зөвлөж өнөөгийн амжилтад хүрэхэд хамгийн ихээр хувь нэмрээ оруулсан хэмээн «Хантайшир» дэвжээний тэргүүлэгчдийн зүгээс Монгол Улсын гавьяат  дасгалжуулагч Ч.Дамдиншаравт 20 сая төгрөг, Монгол Улсын начин, дэвжээний ахлах дасгалжуулагч Д.Бад-рахад 25 сая төгрөгийг гардуулсан нь нүдээ олсон урамшуулал байлаа. Улсын цолны мялаалгад уригдаж ирсэн зочдын хувьд холыг ойртуулж, хоёрыг учруулсан хэмээн сэтгэгдэл нь их таатай байсныг дуулгах нь зөв болов уу. Цагаан сарын дараахан нутаг нутгийн золголт болдог. «Тэгвэл С.Багахүү начны цайллага эгээ л тэрхүү золголт адил алтайчуудыг цуглуулсан, их хотын үдшийн цэнгүүн болж чадлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.