Буянт-Ухаа хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг дуусгажээ
Саяхан Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоолыг батлан гаргасан.
Тогтоол батлагдсанаар Улаанбаатар хотын гэр хороолол болон орон. нутагт баригдах зарим барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний ажлыг хийхээр болжээ.
Харин бүтээн байгуулалтын ажлыг Барилга, хот байгуулалтын яамны харьяа “Дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэх бол Хөгжлийн банк санхүүжүүлэх юм байна.
“Дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн үндэсний компаниудтай хамтран Баянголын ам, Яармаг, Ирээдүй, Солонго, долдугаар хороолол, Радио, телевизийн зэрэг арван хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг хийхээр төлөвлөжээ.
Эдгээрээс эхний ээлжид Буянт-Ухаа хорооллын инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэснээ өчигдөр хүлээлгэн өглөө.
Хүлээлгэн өгөх арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хөгжпийн банкны захирал Н.Мөнхбат зэрэг албаны хүмүүс байлцав.
Ашиглалтад хүлээлгэн өгч байгаа инженерийн дэд бүтэц нь Буянт-Ухаа орчимд баригдах 15 мянган айлын орон сууцны ус, дулаан, цахилгааны эх үүсвэр болох ажээ.
Орон сууцны хороолол гэх мэт томоохон бүтээн байгуулалтын чанартай барилгуудыг барихаасаа өмнө инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн барилга, байгууламжуудыг барьдаг болж байгаа нь том давуу тал гэдгийг тэнд очсон албаны хүмүүс хэлж байв.