Ардчилсан хүчний холбоо
2014.06.23

Монголоо шинэчлэх зорилготой холбооныхон чууллаа

“Бид бусдыгаа манлайлан, үлгэрлэж, санаа бодол, хүсэл зорилгоо төр, засгийн бодлого шийдвэрт тусгуулж, ажил хэрэг болгож чаддаг” хэмээн Ардчилсан хүчний холбооны гишүүн залуус ам бардам ярьж байна.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нэгэн удирдах ажилтныг АН-ын гишүүн байсан гэдгээр нь шалтаглан 2009 онд ажлаас халсан нь энэхүү Төрийн бус байгууллагыг байгуулахад гол түлхэц болсон. Төрийн албан хаагч болж, намаас гарсан тэр хүнийг Ардчилсан нам хамгаалах боломжгүй хэмээн буцаасан юм. “Ардчилсан намын хийж чадахгүй байгаа зүйлийг хийхийн тулд ТББ байгуулсан.

Төрийн албанд орсон ч ардчилсан үзэл бодлоороо ялгаварлагдаад хохирсон иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах өөр арга өнөөдөр байхгүй байна” хэмээн 2010 оны нэгдүгээр сард Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж байсан З.Энхболд, Д.Ганхуяг, Н.Батбаяр, С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар УИХ-ын гишүүн, Ц.Оюунгэрэл тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан бол өдгөө З.Энхболд УИХ-ын дарга, Д.Ганхуяг, Н.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл нар Засгийн газрын гишүүн болжээ.

Ардчилсан үзэлтэй хүн бүрийг дэмжиж, Монголоо шинэчлэх зорилготой байгуулсан Ардчилсан хүчний холбооныхон өнөөдөр төрийн бодлого шийдвэрийг тодорхойлолцож, засгийн эрх барилцан, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж яваа болохоор гишүүд нь ингэж омойтох нь арга ч үгүй биз.

Монголоо шинэчлэх зорилготой манай гишүүд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратеги боловсруулахаар аймгуудад хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Ардчилсан хүчний холбоо энэ сарын 20-22-нд төвийн бүсийн чуулга уулзалтаа Орхон аймагт “Шударгаар амьдарч буй хэнийг ч бүү гомдоо” уриан дор хийлээ. Энэ чуулганд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Архангай, Булган, ДарханУул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн 800 төлөөлөгч оролцов.

Уг нь энэ чуулганд 600 хүн оролцох байсан ч 200-гаар олон хүн ирсэн нь гишүүд нь холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогийн илрэл юм.

Чуулга уулзалтаа нээж, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд “Манай холбоо Монголын шинэчлэлийн түүчээ болсоор тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сонирхлын бүлгүүд олноор байгуулагдаж байна.

Чуулга уулзалтаараа бид бас энэ талаар ярилцана” гэсэн бол энэ чуулганыг зохион байгуулагч Орхон аймгийн Ардчилсан хүчний холбооны тэргүүн Ч.Баттуяа “Ардчилсан хүчний холбоо одоо төр, засаг барьдаг хүмүүстэй болсон. Тиймээс энэ чуулганаар хэлэлцсэн асуудлаа бид төрийн бодлого болгох боломж бүрдсэн” гэсэн юм. Ардчилсан хүчний холбоо нь сонирхлын бүлэг болон клубийн зарчимд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө тус холбоо 60 гаруй бүлэгтэй болж, өргөжин тэлсээр байгаа аж.

Энэхүү бүлэг, клубийн нэг болох Явган аялагчдын клуб долоо хоног бүрийн амралтын өдрөөр Богд ууланд аялдаг. Аялалд оролцоогүй гишүүн бүрийг 5000 төгрөгөөр торгодог юм байна. Торгуулийн мөнгө хуримтлагдсаар 200.000 төгрөг болжээ. Үүнийг энэхүү чуулганы үеэр “Энэрэлт од” өнчин хүүхдүүдийн цэцэрлэгт хандивласан юм.

Үүний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд “Улс орныхоо өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг бид чуулганаараа хэлэлцдэг. Ардчилсан хүчний холбоо жилдээ хоёроос доошгүй удаа чуулга уулзалт зохион байгуулдаг. Төвийн бүсийн энэ чуулга уулзалт бол зургаа дахь нь. Өнөө жил төв болон зүүн бүсийн чуулган хийнэ.

Зүүн бүсийн чуулга уулзалт наймдугаар сард Буйр нуурт болно. Ардчилсан хүчний холбоо бүх аймаг, дүүрэгт салбартай. Олон хүнээс зөв санаа гардаг. Зөв санаанд тулгуурлаж, зөв шийдвэр гардаг” гэж ярилаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бид чуулга уулзалтынхаа хүрээнд туршилгаа солилцож, өмнөх чуулганаас дэвшүүлсэн зорилтоо хэлэлцэж дүгнэдэг. Аймаг, дүүрэг бүр юунд тулгуурлаж, хэрхэн хөгжихөө ярилцаж, бодлого шийдвэрт тусгадаг. Манай гишүүд бас хоорондоо танилцаж, хувь хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, нийгэмд манлайлах эрдэмд суралцдаг” гэж хэлсэн юм.

-Танай холбооны гишүүдийн гаргасан ямар санал, санаачилга төр, засгийн ямар бодлого шийдвэр туссан бэ. УИХ, Засгийн газрын бодлого болсон санал, санаачилгаасаа танилцуулаач гэсэн сэтгүүлчийн асуултад Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ

-2009 оноос хойш Ардчилсан хүчний холбооны гишүүдийн гаргасан олон санал санаачилга төр, засгийн бодлого шийдвэрт туссан. Тухайлбал, Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн төсөл байна.

Манай гиш үүдийн санал санаачилга дээр тулгуурласан эдгээр хуулийн зарим нь батлагдаж хэрэгжсэн, төслийн шатандаа хэлэлцэгдэж буй хууль ч бий. Энэ чуулга уулзалтаараа манай гиш үүд бас олон төсөл санаачлах байх.

Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан:

-Засгийн газар энэ сарын 19- нд Газрын тухай хуулийн төслийг эргүүлэн татлаа. Монгол Улсад 180 хоногоос дээш хугацаагаар амьдарч буй гадаадын иргэн газар ашиглаж болно гэсэн заалт уг хуулийн төсөлд бий. Бид энэ чуулга уулзалтаараа Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой.

“Урт нэртэй” хуулийн төслийг би санаачилсан. Үүнийг бас хэлэлцэж, яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт гарц олох байх. Ардчилсан хүчний холбооны чуулга уулзалтаар залуусаас шинэ санаа их гардаг гэж мэдээллээ. Энэхүү чуулга уулзалтын хүрээнд “Хөх сувд”, “Хүч” зэрэг клуб, Уул уурхайн, Эрүүл мэндийн, Хуульчдын гэх мэт бүлэг хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулав.

Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ оролцогчдод уг хуулийн төслийг тарааж, гол гол заалтаар санал солилцлоо. “Хөх сувд” клуб гэхэд эмэгтэйчүүдийг төр, нийгэм, улс төрийн салбарт бэлтгэх, дипломат ёс зүйд сургах зорилгоор “Эмэгтэй манлайлагчдын эрхэмсэг чанар” сэдэвт сургалт зохион байгуулсан нь уг чуулганд оролцсон эмэгтэйчүүдийн сонирхлыг маш их татсан юм.

Энэ чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж буйг Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Т.Энхсайханаас тодруулахад

-Ардчилсан хүчний холбоо “Монголоо шинэчлэе” гэсэн уриан дор нэгдэж ажилладаг. Монголоо шинэчлэхийн тулд бид өөрсдийгөө шинэчлэх ёстой. Тиймээс бид залуусаа ирээдүйд сайн боловсон хүчин болгож төлөвшүүлэхийн тулд байнга сургалт явуулдаг.

Бүсийн чуулган зохион байгуулна гэдэг бол олон төрлийн ач холбогдолтой. Тухайлбал, гишүүдээ сургаж байна. Хэлэлцүүлэг явуулж санаа оноог нь хуулийн төсөлд санал болгож оруулдаг. Нийгмийн асуудлыг төрийн түвшинд шийдүүлэхийн тулд бүсийн чуулган хийдэг. Чуулганы үр дүн маргаашнаас эхлээд гарна.

Манай холбоонд гишүүнчлэлтэй, УИХ-ын гишүүд маань эндээс гарсан саналыг хуулийн төсөлд тусгахын төлөө ажиллана. Ардчилсан хүчний холбоо шууд ардчиллыг дэмждэг. Иргэд парламентад шууд ханддаг, шууд нөлөөлдөг систем Монголд хэрэгтэй байгаа. Бидний энэ чуулган бас шууд ардчилалд чиглэдэг.