Р.Бурмаа: УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа явдал
Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч дэмжигдсэнгүй. Гэхдээ өмнөх хуралдааны үеэр УИХ дахь Ардчилсан намын гишүүн Р.Бурмаа, М.Зоригт, Х.Баттулга, Батзандан нар эсрэг санал өгсөн учраас Ардчилсан намын хяналтын зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаасаа хасах шийдвэр гаргаад байсан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа оролцож байр сууриа илэрхийллээ.
- Ардчилсан намын хяналтын зөвлөл хуралдаж таныг намаасаа хасах шийдвэр гаргасан байгаа. Тэгэхээр энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
Нэгдүгээрт намын дүрэм, журмыг буруу хэрэглэж байна. Хяналтын Ерөнхий хороо энэ асуудлаар хэн нэгэн гомдол гаргасан бол эхлээд надад танилцуулж, миний тайлбарыг авах ёстой. Хяналтын ерөнхий хорооны гишүүдэд энэ тухай гурван хоногийн өмнө мэдээлэх процедураараа явах ёстой юм. Харамсалтай нь тэгсэнгүй.
Орой ажил тарсан хойно гэнэт тийм мэдээлэл гаргаад цацчихсан байсан. Хоёрдугаарт, энэ өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно. Яагаад гэвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа явдал. Энд итгэл үнэмшлээрээ саналаа өгөх ёстой. Гэтэл энд намын зүгээс дарамт өгч байна гэж хэлж болно. Та тийшээ, ийшээ саналаа өг, өгөөгүйн төлөө намаас хөөх төдийгүй, УИХ-ын гишүүнээс татах гэх мэт хууль бус санаархалууд байгаад байгаа.
- Тэгэхээр одоогийн байдлаар давхар дээлийг тайлах тухай хуулийн төсөл дэмжигдээгүй өнгөрчихлөө. Энэ байдал ингэсгээд намжих уу, эсвэл хяналтын зөвлөлийн шийдвэрийг Намын дарга баталгаажуулаад заавал ҮЗХ-оор хэлэлцэхээр байгаа юу?
ҮЗХ-гоор шийдэх ёстой. Ингэхийн тулд ҮЗХ-г хуралдуулах ёстой. Тэнд олон асуудлууд хуримтлагдчихсан байгаа. Тухайлбал, намын дарга дөрвөн жилээр сонгогддог. Гэтэл одоо зургаан жил болж байна. ҮЗХ хуралдвал үүнийг ярих ёстой. Олон хүмүүс төрийн албанд ажиллаж байгаа учраас ҮЗХ шинэчлэгдэх ёстой ч хагас жил тутам болдог хурал одоо болтол хуралдаагүй байгаа.
Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал хуралдахгүй байна
Тэгэхээр миний энэ асуудлаас болоод ашгүй нам дүрмээ дагаад хурлаа зарлачихвал сайн л байна. Гол нь дан, давхар дээл гээд байгаа энэ хууль Монголд маш их хэрэгтэй юм байна гэдгийг харууллаа.
Яагаад гэвэл Засгийн газрын гишүүн олон байгаад УИХ-ын гишүүний суудалд суухаар Засгийн газрын эрх ашгийг хамгаалагч, засгийн газар нь их хурлынхаа дээр очоод суучихсан гэдгийг баталчихлаа. Тэгэхээр үүнийг цаашдаа өөрчлөхгүй бол болохгүй. Тэгж байж их хурал нь их хурал шиг байж, их хурал нь Засгийн газартаа хяналтаа тавьж чадна. Одоо эсрэгээрээ байгаа. Дээр нь Засгийн газар орчихоод намаас хасна гэдэг юмаараа айлгаад дарамталдаг байдал руу орчихлоо.