Асуудлаа мэдэхгүй байж олон юм битгий ярь
УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Дэд дарга С.Одонтуяа
2014.06.16

Асуудлаа мэдэхгүй байж олон юм битгий ярь

УИХ дахь АН-ын бүлгийн  хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар болон цаг үеийн сэдвээр бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Б.Гарамгайбаатар нар мэдээлэл хийлээ.

УИХ Газрын тухай хууль хэлэлцэж байгаатай холбогдуулан худал мэдээлэл тарааж, улс төрийн шинж чанартай гүтгэлэг хэтэрч байгааг тэд дуулгасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудастаа "Газрын тухай хуулийг эсэргүүцэж байгаа иргэд өнөөдөр 18.00 цагт Чингисийн талбайд цугларна уу" гэсэн уриалгын шинжтэй мэдээлэл тараасан байна.

Энэ мэтчилэн Газрын тухай хуулийн талаар сөрөг, худал мэдээллүүдийг зохион байгуулалттайгаар цацаж байна гэлээ.

Энэ мэтчилэн Газрын тухай хуулийн талаар сөрөг, худал мэдээллүүдийг зохион байгуулалттайгаар цацаж байна гэлээ.

Газрын тухай хуульд гадаад иргэн, харьяалалгүй хүнд газар өмчлүүлнэ гэсэн нь ор үндэслэлгүй мэдээлэл аж.

Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, түрээслэх бол огт өөр ойлголтууд. Үүнийг буруугаар тайлбарлаж, олон нийтийн дунд худал мэдээлэл тарааж байгаа нь санаатай хэрэг гэж АН-ын бүлэг үзэж байгаа юм байна.

Хуулийн төслийн 44.4-т "Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрын зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ" гэж тусгасан байгааг гуйвуулж байна гэж олонхийн бүлгийнхэн мэдээлсэн.  

Мөн тус бүлгийн зүгээс эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд өргөн барьсан хуулийн төслүүдийн талаар санал солилцсон байна.

Засгийн газраас эдийн засаг эрчимжүүлэхтэй холбоотой чухал төслүүдээ өргөн барьсан бөгөөд УИХ үүнийг нь цаг алдалгүй хэлэлцэн батлах шаардлагатай гэж бүлэг үзсэн байна.

Мөн УИХ-ын даргад чуулганы хуралдааныг сунгах хүсэлт тавиад байгаа гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Үүнээс гадна бүлгийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн талаар санал солилцсон байна.

АН болон "Шударга ёс" эвслийн бүлгийн зүгээс сонгуулийн холимог системийг 50/50 байх нь зүйтэй гэж үзэж байгаа ч бусад улс төрийн намуудтай тохиролцож, тэдний саналыг үндэслэн шийдвэрлэхээр ярилцсан байна.

-Газрын тухай хуулинд ашиглуулах хугацааг нь 60-аас дээш, хэрвээ хүсэлт гаргах юм бол нэмээд 40 жил, нийтдээ 100 жил гадаадынханд эзэмшүүлэх тухай мэдээлэл цацагдах боллоо. Хуулинд ийм заалт байгаа юу?

-Б.Гарамгайбаатар: Газрын тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. УИХ-ын  байнгын хороодоор тухайн асуудлыг хэлэлцээд ажлын хэсэг байгуулж, Газрын тухай хуулинд тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн Дэд дарга Б.Гарамгайбаатар

Өмнөх Газрын тухай хуулиас зарчмын зөрүүтэй өөрчлөлт хийгдээгүй.

Хугацааны хувьд өмнөх хуулиндаа бүгд заачихсан байгаа. Зөвхөн газрын биржийг л сонгодог хэлбэрээр ажиллуулах тал дээр илүү анхаарч байгаа.

Одоо мөрдөгдөж байгаа хуулинд газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудал бүгд нээлттэй заачихсан байгаа. Эзэмших гэдэг нь төрийн төсөвт байгууллагуудад хамаарна. Бусад нь ашиглана гэсэн үг.

-Д.Эрдэнэбат: Сайхан харагдах гэж сайхан юм ярьж болно л доо. Гэхдээ асуудлаа ойлгодог байх хэрэгтэй.

Өмчлөх, эзэмших, ашиглах, түрээслэх эрх гэдгээ ялгахгүй бол олон юм битгий ярьж бай. Ашиглахыг өмчлөх рүү гэж ойлгоод олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй.

Түрээслэх, эзэмших, өмчлүүлэх, ашиглах гэдэг дөрвөн өөр ойлголт шүү дээ. Бид газрын талаарх асуудлыг шийдэх үүрэгтэй.

Гэхдээ зөв шийднэ. Энэ талаар маш олон хэлэлцүүлгийг хийсэн. Тийм учраас энэ асуудал цаашид хэлэлцэгдээд явах байх гэж найдаж байна.

-Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Газрын тосны тухай хууль зэргийг баяр наадмын үеэр батлах  гээд байна гэсэн зүйл яригдаад эхэллээ. Мөн Стратегийн орд газрууд дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Д.Эрдэнэбат: Стратегийн ордын асуудал дээр хоёр янзын зөрчилдөөнтэй санал байгаа. Нэг нь Үндсэн хуулинд газрын доорхи баялаг бол ард түмний өмч гээд заачихсан.

Гэхдээ уул уурхайн баялгийг ашиглахдаа ард түмэнд хэр үр өгөөжтэй тусч байна вэ гэдгээр гишүүдийн дунд хоёр үндсэн санал гарсан.

Үүнийг ямар наадмаар далимдуулаад шийдэх гээд байгаа юм биш. Ийм гэнэн улс төр хийж болохгүй байх.

-Б.Гарамгайбаатар: Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна.

Энэ хуулиар Б.Бат-Эрдэнэ гишүүн өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийснийг сонссон.

Уг нь Б.Бат-Эрдэнэ гишүүн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Энэ хууль өнөөдрийг хүртэл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхгүй байгаа нь бусад бүлгийн шийдвэрэас хамаарч байна.

МАН-ын бүлэг Ашигт малтмалын тухай хуулиар дотроо нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.

Энэ бол улс төр хийж байгаа нэг, хоёр хүний цуурхал төдийхөн юм.

Ашигт малтмалын тухай хуулийг Эрдэс баялагийн бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулсан байгаа. Түүнээс гэнэтхэн өөрчлөлт хийчихсэн юм биш.

Зургадугаар сард багтааж гаргах чиглэлийг УИХ-аас өгчихсөн учраас баяр наадмыг далимдуулж  хууль гаргах гээд байна гэсэн яриа гарч байна. Энэ бол улс төр хийж байгаа нэг, хоёр хүний цуурхал төдийхөн юм.

-С.Одонтуяа: Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод Стратегийн ордуудыг цэгцлэх асуудлыг тусгасан байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ олон стратегийн ордууд хэрэггүй, заримыг нь хасья, зайлшгүй үлдэх ёстой стратегийн ордууддаа төр хяналтандаа авч, үр ашгийг нь нэмэгдүүлэх дээр онцгой анхаарч ажиллая гэдэг асуудлыг хөндөж байгаа хэрэг.

Ялангуяа эдийн засгийн үр ашиг том, том стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулахаас шууд хамаарч байна.

Тиймээс Засгийн газраас стратегийн ордуудын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн. Төрийн өмчийн оролцоо хэдэн хувь байх вэ гэдгийг УИХ шийднэ.

Бодлогын баримт бичгийг хэлэлцэх үед санал өгч байсан эрдэмтэн, судлаачдын 90 гаруй хувь нь стратегийн орд гэдэг ангиллаа болих хэрэгтэйг зөвлөж байсан. 

Мөн энэ нь Монгол Улсад эдийн засгийн үр ашигггүй байдлыг бий болгоод байна гэсэн саналыг хэлж байсан.

Бид өнөөдөр ард түмний өмчөөс нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаа сайн авья, түүнээс биш төрийн өмч нэрээр хэдхэн хүн завшдаг, авилгал хээл хахуулын уурхай болгодог явдлыг таслах зогсоох зарчмыг баримталж байна.