Тагнуулч тагнуулчаа тагнах нь
Өнөөдөр Хятад улс дэлхийг хувцаслаж байна
2014.06.04

Тагнуулч тагнуулчаа тагнах нь

Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхий прокурор Эрик Холдер (Eric Holder) АНУ Хятадын цэргийнхнийг эдийн засгийн тагнуулд буруутгаж байгаа тухай мэдэгдэв. Тэрээр Хятадууд Америкийн компаниудын арилжааны нууцыг хулгайлан гадны компаниудын эсрэг бодлого явуулж дотоодын компаниудаа “олон улсын зах зээлд гаргасан” гэж хэллээ. Гэхдээ Америкчууд бид юу ярьж буйгаа мэдэх ёстой. Бид өөрсдөө ч бас хулгайн аргаар худалдааны том гүрэн болсон түүхтэй.

“АНУ бол Европын шинжлэх ухааны ололтыг хууль бусаар ашиглах замаар аж үйлдвэржсэн улс” гэж түүхч Дорон Бен-Атар (Doron Ben-Atar) “Арилжааны нууц” (Trade Secrets) номондоо бичжээ. 18 дугаар зууны төгсгөл, 19 дүгээр зууны эхэн үед Америкийн аж үйлдвэрийн тагнуулууд Британы арлуудаар хэсүүчилж зөвхөн машин, техник төдийгүй тэднийг ажиллуулж, эвдэрвэл засч чадах ажилтнуудыг цуглуулж явсан билээ. Ийм замаар Америк руу цагаачилж гарсан хүн бол “Америкийн аж үйлдвэрийн хувьсгалын эцэг” гэгддэг Самуэль Слейтер (Samuel Slater) юм. Тэрээр 1789 онд тариачин нэр зүүж Америк руу гарчээ. Америкт ирэхдээ тэр Английн нэхмэлийн аж үйлдвэрийн суурийг тавьсан гэгддэг “Аркрайт” хэмээх нэхмэлийн машины талаарх гүн мэдлэгийг тээж иржээ. Слейтер АНУ-д усны урсгалын хүчээр ажилладаг дугуй бүхий машинуудтай анхны нэхмэлийн үйлдвэрийг байгуулжээ. 20 жилийн дараа Америкийн бизнесмэн Фрэнсис Кэбот Лоуэлл (Francis Cabot Lowell) Британид ирж хэд хэдэн нэхмэлийн үйлдвэрээр ороод гарахдаа Картрайт суурь машины бүдүүвч зургийг судлаад амжжээ. Буцаж ирээд өөрийн бодож боловсруулсан нэхмэлийн машин хийж хамгийн амжилттай үйлдвэрлэгч болов.

Америкийн Засгийн Газар иймэрхүү тагнуулын үйлдлийг байнга өөгшүүлдэг байв. Александр Гамильтон (Alexander Hamilton) 1791 онд бичсэн “Аж үйлдвэрийн барааны тухай илтгэл”-дээ “чухал, нууц мэдээлэл” авчирдаг хүмүүсийг шагнаж байх саналыг оруулав. Америкийн эрх баригчид ч технологийн хулгайг санхүүжүүлж байлаа. Хэдийгээр зохион бүтээгчид зөвхөн өөрийн хийсэн бүтээсэн зүйлдээ патент авах хуультай байсан ч үнэндээ олон хүн гаднаас хулгайлсан технологидоо патент авч байв.

Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан Хятадад 12 000 орчим кибер тагнуулч байна хэмээн үзэж байна.

Европын орнууд ч технологио алдаад суухыг хүссэнгүй. Их Британи суурь машин экспортлох, мэргэшсэн ажилтнууд гадаадад цагаачлахыг хориглосон хатуу хуультай байв. Уг хуулийг зөрчсөн нь хөрөнгөө хураалгаж, эсвэл торны цаана ордог байлаа. Хамгийн зальтай Америкийн аж үйлдвэрийн тагнуул болох Томас Диггес (Thomas Digges) хэд хэдэн удаа Английн шоронд орж байв. Гэхдээ Англичууд өөрсдөө ч бас аж үйлдвэрийн тагнуул хийж байсан түүхтэй. Тухайлбал 1719 онд Томас Ломбе (Thomas Lombe) гэдэг хүн Дерби хотод Их Британы анхны үйлдвэрийг байгуулжээ. Гэхдээ түүний төрсөн ах нь Италиас торго нэхдэг машины зургийг хууль бусаар авч ирсний дараа л үйлдвэр байгуулах боломжтой болсон байна. Хожим нь Ломбе рыцарь болсон түүхтэй. 19 дүгээр зуунд Их Британий Ост-Энэтхэг компани аж үйлдвэрийн түүхэн дэх хамгийн амжилттай тагнуулын ажлыг хийжээ. Ингэхдээ Хятад руу энгийн нэгэн ургамал судлаачийг илгээж, нөгөөх нь цайны навч боловсруулах технологийг хулгайлж, мөн цайны навчны том хэмжээний цуглуулга олж ирсэн байна. Удалгүй Англичууд Энэтхэгт цай тариалах болсноор Хятадуудыг тэндхийн зах зээлээс шахаж гаргав.

Эдүгээ цаг өөр болсон нь мэдээж. Өнөөдөр АНУ эдийн засгийн өсөлтийг хангахын тулд оюуны өмчийг хамгаалах чиглэлээр хамгийн чанга хуультай орнуудын нэг. Гэхдээ аж үйлдвэрийн түүхээс харахад зарим тохиолдлыг технологийн шууд хулгай гэж үзэхэд хүндрэлтэй. Нэг талаас патенчлал, арилжааны нууц нь инноваци нэвтрүүлэх боломжийг өгдөг. Хэрэв тухайн хүн хийсэн технологийг нь Хятадууд хулгайлна гэдгийг ойлгож байвал түүндээ цаг хугацаа, мөнгө зарах сонирхолгүй болдог. Нөгөө талаас патентчлал, арилжааны нууц зэрэг нь шинэ технологийн тархалтыг хязгаарлаж, заримдаа техникийн дэвшлийг удаашруулдаг. Зарим тохиолдолд хуулбарлах нь хөгжлийг хурдасгадаг. Тухайлбал Samsung компани технологийн лидерийн араас алдалгүй дагадаг. Өөрөөр хэлбэл Samsung нь бусад компаний бүтээлч санааг чадварлаг хуулбарладаг гэсэн үг. Саяхан өрнөсөн Apple болон Samsung компаний шүүхийн маргаанаас харахад Samsung нь Айфон утас гарангуут өөрийн утсыг Айфонтой төстэй байдлаар хийх маягаар шинэ технологид хариу үзүүлсэн нь тодорхой байна. Энэ нь Apple компаний орлогод муугаар нөлөөлж болох ч төстэй гар утас гарч ирснээр Apple-ийн технологийг илүү олон хүн ашиглаж эхэлжээ.

Гэхдээ энэ бүхэн нь Хятадууд Америкийн технологийг хуулж болно гэсэн үг биш. Хууль бол хууль байх ёстой. Гэхдээ нэхмэлийн үйлдвэрийн түүхээс харахад хөгжиж буй орнууд хөгжингүй орнуудын технологийг хуулдаг тэрхүү зүй тогтол үргэлжилсээр байна. Хэрэв тухайн хүн оюуны өндөр чадамжгүй бол бусдыг дуурайж эхэлдэг. Өнөөдөр Хятадууд хулгайлахыг оролдож, харин Америкчууд зогсоохыг чармайж байна. Гэхдээ олон орон хулгайлах замаар эдийн засгийн хөгжлөөрөө бусдыг гүйцэж түрүүлсэн түүхтэй. Тэгэхээр Америкийн хуучин арга барилыг Хятадууд ашиглаж эхэлжээ.