Орос бизнесмен Монголын тэрбумтан болох аз дутсан түүх
Сергей Паушокийн Монголд мандаж байх үеийн зураг
2014.06.02

Орос бизнесмен Монголын тэрбумтан болох аз дутсан түүх

“Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулж Заамараас алт олборлож байсан Сергей Паушок монгол дахь амьдралынхаа талаар дараах зүйлийг дурсан ярьж байна.

Сергей Паушокийн алт олборлох бизнес нэг тэрбум америк доллараар хэмжигдэж байлаа. Гэвч Монголын эрх баригчидтай зөрчилдсөнөөс болж тэр бүх хувьцаагаа ердөө 25 сая америк доллараар заржээ.

Монголд айлчлал хийж байсан Буриадын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Вячесляв Наговицын 2007 оны 12 сарын 8-нд өглөө эрт сэржээ. Энэ өдөр Монгол-Оросын эдийн засгийн форумын сүүлийн өдөр байв. Эдийн засгийн форумын сүүлийн өдөр Буриадын төрийн тэргүүн Вячеслав Наговицын Улаанбаатараас 30 км алсад баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтай танилцах ёстой байлаа. Энэ төслийн хөрөнгө оруулагч нь ОХУ-ын иргэн, бизнесмэн Сергей Паушок байв. Сергей Паушок Монголчуудын хүрээлэлд орж, өөрийгөө таниулж чадсан алтны уурхайн эзэн юм.

Паушок компанийхаа байрны гадна

Өглөөний есөн цагийн үед Буриадын төрийн тэргүүн рүү Сергей Паушок руу утасдав: “Вячеслав Владимирович, бид өнөөдөр уулзаж чадахгүй нь.  Би одоо Монголд байж болохгүй” гэх үгийг Буриадын төрийн тэргүүн сонсжээ. Сергей Паушок ингэж хэлж байхдаа ОХУ-ын нутагт дэвсгэрт орчихсон байжээ. Буриадын төрийн тэргүүн рүү утасдахаас ердөө ганцхан минутын өмнө тэрээр сохор азаар Монголын хилийн боомтоор гарч явжээ. Сергей Паушокийг Монгол Улсын хилээс гарах гэж оролдох юм бол баривчлах тухай албан бичиг Монголын хилийн боомтын шалган нэвтрүүлэх албанд ирсэн байжээ.  Монгол Оросын эдийн засгийн форумын үеэр түүнийг баривчлах нь зохисгүй байсан тул үйл ажиллагаа дууссаны дараа монголчууд Сергей Паушокийн гарт гав зүүлгэхээр зэхэж байв.

Эдийн засгийн форумын индэр дээр Оросууд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх таатай уур амьсгал бүрдсэн тухай ярьж байхад алтны уурхайн орос эрийг баривчлах нь тохуурхах мэт санагдах нь гарцаагүй. Сергей Паушок Монголоос сохор азаар гарч явжээ. Түүнийг баривчлахыг зөвшөөрсөн баримт бичигт овогийг нь Паушек гэж бичсэн байв. “Алтан дорнод Монгол” алтны уурхайн эзэн Сергей Паушок 2007 онд Forbes сэтгүүлийн тэрбумтануудын жагсаалтанд орж болохоор байв. Goldman Sachs компани Сергей Паушокийн хөрөнгийн хэмжээг нэг тэрбум америк доллар гэж үнэлсэн байдаг. Goldman Sachs компани тухайн үед Алтан Дорнод Монгол компаний хувьцааны 10 хувийг 100 сая америк доллараар худалдан авах талаар хэлцэл хийж байжээ.  Гэвч хожим Goldman Sachs энэ бодлоосоо татгалзсан юм.

Дөрвөн жилийн дараа 2011 оны намар Москва хотын Крылатский гудамжинд байрладаг Сергей Паушокийн офисийн гадаа хоёр жип машин иржээ. Энэ машины нэгээс нь намхан нуруутай монгол залуу гарч ирсэн байна. Харин түүний бие хамгаалагч нь гудамжинд үлджээ. Тэр Монгол залуу Сергей Паушокийн монгол дахь бизнесийг 25 сая америк доллараар худалдан авчээ. Үнэ цэнийг аль хэдийнэ урьдчилан тохирсон тул хэлцэл удаан үргэлжилсэнгүй. Т. Ганболд гэгч залуу хэдэн хоромын дараа машиндаа суугаад эргэж нисэх онгоцны буудал руу явсан байна. Ийнхүү Сергей Паушокийн Монгол дахь бизнест цэг тавигдсан байна. Би цагтаа Монгол Улсын ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй дуртай цагтаа уулздаг байлаа гэж Сергей Паушок одоо уйтгартай нь гэгч нь шүүрс алдаж байна. Одоо түүний бизнес Орос, Монголын алинд нь ч байхгүй.