Азийг тамгалсан хас тэмдэг
Чипсний реклам. Тайланд
2014.05.27

Азийг тамгалсан хас тэмдэг

Дэлхийн хоёрдугаар дайны дараа хас тэмдэг болон бусад нацист билэгдлийг Европын орнуудад хуулиар хориглов. Зарим оронд хас тэмдэг төдийгүй, түүнтэй төстэй бусад дүрсийг ашиглах боломжгүй болов. Гэтэл Азийнхны хас тэмдэгийн талаархи ойлголт тун өөр. Азийн зарим оронд хас тэмдгийг уламжлалын нэгээхэн хэсэг, харин Гитлерийг хөгжилтэй түүхэн дүр хэмээн үздэг.

Таджикстаны Бишкек хотод Ялалтын өдрийг тэмдэглэсний дараахан хас тэмдэгтэй футболк худалдаанд гарснаас бөөн хэрүүл дэгдэв. Учир нь футболк дээрх хас тэмдэг энгийн нэг хас тэмдэг бус нацистуудын хэрэглэдэг байсан 45 градусын өнцгөөр баруун тийш эргэсэн дөрвөн талтай, улаан дэвсгэртэй байлаа. Тэгээд бас футболк нь хууль бусаар наймаа хийдэг жижигхэн дэлгүүрт бус хотын төвийн худалдааны төвд зарагдаж байв. Дэлгүүрийн ажилчид анзааралгүй тавьсандаа хүлцэл өчив.

Футболк

Хотын иргэд үүнд ихэд дургүйцэв. Нэг хэсэг нь олон нийтийн сүлжээнд “Хас тэмдэг эртнээс олон үндэстний уламжлалд байсан ч цаашид түүхэнд фашистуудын билэг тэмдэг болон үлдсэн. Үүнийг цагаатгах аргагүй. Энэ бол алуурчдын билэг тэмдэг” гэх мэтээр дургүйцлээ илэрхийлэв.

Ингэхэд хас тэмдэгтэй хувцас Бишкект хаанаас ирсэн байж таарах вэ? Нөгөө л Хятадын өргөн хэрэглээний барааны маягаар. Ийм явдал хөдөлмөрч хэдий ч Барууны ёс суртахууныг тааруухан мэддэг Хятадын үйлдвэрлэгчдээс болж нэг биш удаа гарч байв . Тухайлбал Германчууд Гитлерын зурагтай кофены аяга хотын дэлгүүрт зарагдаж байхыг хараад шоконд оржээ. Аяганы дизайн тэрүүхэн тэндээ донжтой. Аяган дээр сарнайгаар хүрээлсэн Гитлерийн хөрөг бүхий шуудангийн маркийг дүрсэлжээ.

Аягыг дэлгүүртээ байрлуулсан Zurbrueggen сүлжээний эзэн Кристиан Цурбрюгген болсон үйл явдлыг “хамгийн ичгүүртэй, тэнэг явдал болжээ” хэмээн иргэдээс уучлал гуйв. Гэхдээ Хятад дизайнер аяган дээр чухам хэний хөргийг буулгаж буйгаа сайтар ухаараагүй бололтой. Өөрийгөө цагаатгахын тулд Кристиан Цурбрюгген буцааж өгсөн аяга болгонд 20 евро өгөхөө амлав (Өөрийнх нь үнэ 2 евро). Гэвч зарагдсан 175 аяганы (Нийтдээ Хятадаас 5000 ширхэг иржээ) дөнгөж 20-ийг нь буцааж өгсөн байна.

Өмнөд Солонгос дахь ресторан

Хятадууд чухам яагаад Европчуудыг уг асуудал тэгж их эмзэглүүлдгийг ойлгодог болов уу? Тэнд хүмүүс Гитлер, Чингис хаан, Наполеон гурвыг адилхан ойлгодог.

Харин “Лоавайчууд” (Хятадад Баруунаас ирсэн хүмүүсийг ингэж нэрлэдэг) чухам яагаад Хятадууд Гитлерийн хөрөг бүхий дурсгалын зүйлийг хэнэг ч үгүй зарж зогсдогийг ойлгодоггүй. Бээжинд Art Zone 798 нэртэй дарсны үйлдвэр бий. Үйлдвэртэй зэрэгцээд уран зургийн галерей, тэндхийн дизайнеруудын дэлгүүр, кафе, шивээсний газрууд ажилладаг. Тэнд зарагддаг бэлэг дурсгалын зүйлсийн дунд төрөл бүрийн зурагтай айфоны гэрүүд бий. Тухайлбал Мао Цзедун шиг хувцастай Обама, хулсны баавгай, муур, хүүхэлдэйн киноны баатрууд, бас хурандаа Сандерсоны оронд Гитлерийг дүрсэлсэн KFC рестораны лого байх жишээтэй. Түүгээр ч барахгүй доод талд нь Hitler fried citizens (Гитлерын шарагдсан ард түмэн) гэж бичжээ.

KFC-ийн реклам

Тайландад ч мөн адил Гитлерын зурагтай футболк зарагддаг. Мөн алиалагч Рональд Макдоналдын өмсгөл бүхий Гитлер хаа сайгүй.

Индонезид Soldatenkaffee нэртэй кафе хоёр жил ажилласан. Кафены дотоод засал чимэглэлийг Гитлерын хөрөг болон Гуравдугаар Рейхийн зурагт хуудсуудаар хийсэн байв. Зөөгчид нь нацистуудтай адилхан костюм өмсөнө. Кафены эзэн нацист биш гэдгээ мэдэгдэж, иймэрхүү дизайныг жуулчдын сонирхлыг татахын тулд сонгосон гэж тайлбарлав. Ийм хариултыг үүнтэй төстэй бусад кафен эзэд тоть шиг давтан хэлдэг. Энэтхэгийн Мумбайд л гэхэд 2006 онд Hitler’s Cross (Гитлерыг загалмай) нэртэй ресторан нээгджээ. Гитлерын нэрийг зүүсэн хамгийн олон ресторантай улс бол Өмнөд Солонгос. Хамгийн алдартай нь Hitler: techno bar and cocktail show.

Эдгээр кафе, хоолны газруудын эзэд муу санахдаа Гитлерийг сонгоогүй нь мэдээж. Гэхдээ Монголын нацистуудын тухайд бол асуудал тэс өөр. Монголын хэт үзэлтнүүдийн хувьд хас тэмдэг соёлын нэгэн уламжлал байгаад зогсохгүй Монгол үндэстнийг нэгтгэж, бусад үндэстний дээр гаргах үзэл санааны билэгдэл болдог. Яг Гитлерийн ярьж байсантай адил.

Тайландын ресторан

Тэд Хятадуудыг өөрсдийн дайсан гэж үздэг. Энэхүү дайсагнал урт түүхтэй. Тэд Хятадуудыг Богд хааныг олзолсон хэмээн буруутгадаг. Барууны нацистуудын адил Монголын хэт үзэлтнүүд цус холилдохыг эсэргүүцдэг бөгөөд Монгол охидыг Хятад хүнтэй гэрлэхийн эсрэг байдаг. Тэд “Хайль Гитлер” хэмээн мэндэлдэг бөгөөд Гитлерийн нацистуудын хас тэмдэг, загалмай, бүргэдийн дүрсийг ашигладаг.

Европ болон АНУ-д нацистуудын билэг тэмдгийг ашигласан хүн толгойгүй болж мэднэ. Саяхан Герман улсад Ariel угаалгын нунтгийн рекламд 88 гэсэн тоотой футболкийг дүрсэлжээ. Гэвч реклам зохиогчид 88 гэсэн тоо нь Heil Hitler гэсэн үгийн товчилсон хэлбэртэй (“Н” үсэг нь латин цагаан толгойн найм дахь үсэг) дүйцнэ гэж бодсонгүй бололтой. Хэрэглэгчдээс уучлал гуйхаас өөр аргагүй болов.