Туулайн одон
Нацист Германы үед “Фюрер, ард түмэн, Эх орны төлөө төрүүлцгээе ” уриан дор эмэгтэйчүүд олноор хүүхэд төрүүлж одонгоор шагнуулдаг байв. Тэр үеийн эхчүүдийн бичиж байсан захиануудаас харахад эхийн одон авах нь хичнээн чухал байсан нь харагддаг.
Гамбург хотын нэгэн эмэгтэй 1941 онд бичсэн захидалдаа “Хүндэт ноёнтон минь. Намайг та нар үнэхээр мартчихлаа гэж үү” хэмээн бичжээ. Учир нь тэр найман хүүхэд хэдийнэ төрүүлчихсэн, дээрээс нь бие давхар болсон ч Герман эхчүүдэд өгдөг Хүндэт загалмайг аваагүй л байлаа. Тэрээр “Хадам эх маань одон аваагүйд илт ад үзэж, нөхөр ч гэсэн зодож нүдэх боллоо” гэжээ.
Эмэгтэйчүүдийг албан газар болон их, дээд сургуульд ажиллахыг хориглодог байв. Тэдний үүрэг бол сайн гэрийн эзэгтэй байж, аль болох олон хүүхэд төрүүлэх
Хүндэт одонг Германы национал социалистууд бодож олжээ. Гитлер өөрийн санаачилгаар хүүхэд төрүүлэхийг нэг ёсны “эмэгтэйчүүдийн хоорондох тулаан” болгожээ. Тулаанд ялсан хүнд мэдээж шагнал өгнө. Одонг анх удаа 1939 онд Эхийн өдрөөр олон хүүхэдтэй ээжүүдэд олгосон байна. Хоёрдугаар дайн дуустал нийтдээ таван сая гаруй эх уг одонгийн эзэн болжээ. Одон авсан эмэгтэйчүүд “өв тэгш эх” гэсэн цолыг авч, түүгээрээ бахархана. Олон хүүхэдтэй ч одон авч чадаагүйг нь амьдралаа дэмий үрсэнд тооцно.
Одон авахын тулд тухайн эмэгтэй “герман цус”, “эрүүл ген”, “нэр төр”-тэй байх ёстой. Дөрвөн хүүхэд төрүүлсэн бол хүрэл загалмай, зургаан хүүхдийн эхэд мөнгөн загалмай, найм болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн бол алтан загалмай өгдөг байлаа. Олон хүүхэдтэй эхчүүд одонгоо тэсэн ядан хүлээнэ. Хэрэв одон авч чадаагүй бол “но”-той болж хөршүүд нь зай барина.
Шилдгийн шилдэг
Одонгоор шагнахдаа ямар ч зөрчилгүй эрүүл мэндийн дэвтэр, өв тэгш нэр төрийг гол үзүүлэлт болгоно. Хэрэв тухайн гэр бүл төрийн үзэл сурталд тохирохгүй бол Хүндэт загалмайг олгодоггүй байв. Түүнчлэн гэрийн эзэгтэй гэр бүлийнхээ бүх гишүүдийн өмнөөс хариуцлага хүлээнэ. Тодруулбал нагац ах нь шүүхэд дуудагдаж байсан бол, эсвэл охин нь хичээлдээ тааруу бол, нэг бол өөрөө урьд нь сэтгэцийн эмнэлэгт ямар нэг байдлаар эмчлүүлж байсан бол одонг шууд олгохгүй. Энэ тохиолдолд “эрүүл саруул олон нийтийн санаа бодолд” буюу хөршүүдийн саналд үндэслэж одон олгох эсэхийг шийднэ.
Одон авч чадаагүй эхчүүдийг голдуу ад үзнэ. Тиймээс одонг хариуцсан байгууллагад эхчүүдээс олон тооны гомдол ирдэг байлаа. 71 настай Гамбургын оршин суугч эмэгтэй “Миний бие болоод миний хүүхдүүд бусдаас юугаараа дор гэж? ” гэж бичжээ. 21 хүүхэд төрүүлсэн 60 настай өөр нэг эмэгтэй “Би хоёр удаа одон авах хүсэлт тавьсан ч хариу алга. Одон авна гэдэг миний амьдралын хүсэл зорилго” гэжээ.
Эгдүүцэл хийгээд атаархал
Эхчүүдийн одон авах гэсэн хүслийг далимдуулж дээд газар бие биенээ үндэсгүй матдаг “алтан хошуутнууд” олширсон байна. Учир нь нэг ч албан тушаалтан одонгоор шагнах нөхцөл, журмын биелэлтийг хянаж байсангүй. Одон аваагүй эхчүүдийн атаархал, эгдүүцэл туйлдаа хүрч одон авсан нэгнээ гүтгэнэ. Тухайлбал “Иргэн К-гийн хоёр хүүхэд нь хулгайч, бусад нь ажилгүй сэлгүүцдэг байхад түүнд одон өгсөнд гайхаж байна” хэмээн гүтгэлэгийн нэгэн захианд бичжээ.
Нацист Германы гэрийн эзэгтэйчүүдийг бэлтгэх сургууль
Эхийн одон авсан хүн нийгэмд хүндтэй байр суурь эзэлнэ. Одонг хаана, хэрхэн зүүх талаар нарийн зааварлана. Эхийн одонг баярын үеэр цагаан цэнхэр туузан дээр мөрний орчим зүүх ёстой байв. Улаан өндөгний баяр, Гитлерийн төрсөн өдөр, намын засгийн эрхэнд гарсны ойгоор одонг заавал зүүх ёстой.
Одон авсан эх цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэлийн суудалд сууж, албан тушаалтантай дараалал харгалзалгүй харьцах эрхтэй. Галт тэрэг, трамвайнд тэдэнд суудал тавьж өгнө.
Дайн эхэлсэн цагаас Хүндэт загалмай зүүсэн олон эмэгтэй дэлгүүрийн гадаа овоорч дараалалгүй үйлчлэхийг шаардаж байлаа. Учир нь тэд зөвхөн өөртөө бус найзууддаа, танилууддаа хүнс авдаг байв.
“Туулайн одон”
Одонгийн өвчлөл газар авсантай холбогдуулан зарим нэг нь нууцаар өөр хоорондоо онигоо хэлэлцдэг болов. Олны дунд Хүндэт загалмайнд “шөнийн туулайн одон” хэмээх хошин нэр өгсөн байв. Зарим нь бутач хүүхдүүдийн аавуудад “нууц ноёнтон” гэсэн цол өгөх хэрэгтэй хэмээн шивнэлдэж, дайнд ялахын тулд эмэгтэй хүний биеийн чухам аль хэсгийг золиосолсон бол гэж хоржоонтой асууна.