“Energy Mongolia-2014” ОУ-ын хурал, үзэсгэлэнг нээж Эрчим хүчний сайдын хэлсэн үг
Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.05.23

“Energy Mongolia-2014” ОУ-ын хурал, үзэсгэлэнг нээж Эрчим хүчний сайдын хэлсэн үг

“Energy Mongolia-2014” олон улсын хурал, үзэсгэлэнг нээж Эрчим хүчний сайд М.Сономпилийн хэлсэн үг

“Монголын эрчим хүч 2014: Бүтээн байгуулалт - Шинэ боломж” олон улсын хурал, үзэсгэлэнд оролцохоор хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын элчин сайднар, нийт хөрөнгө оруулагчидболон салбарын мэргэжилтнүүд, компаниудын төлөөлөл Та бүхнийхээ амар амгаланг айлтгая.

Эрчим хүчний салбар бүтээн байгуулалтын гараанаасаа хурдтай хөдөлсөн энэ үед эрчим хүчний салбарын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн байгууллагуудын чуулга уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Бидний зорьж буй их бүтээн байгуулалт, ирээдүйн хөгжил дэвшил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагч Та бидний хамтын ажиллагааны үр дүнгээс шууд хамааралтай билээ.

Эрчим хүчний яамнаас 2013 оныг Эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх жил болгон зарлаж  тус салбарын хөгжлийн бодлогыг төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх  “ENERGY Mongolia – 2013”  олон улсын хурал үзэсгэлэнг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж гадаадын 10 орны  90 гаруй зочид төлөөлөгчид оролцож төр, хувийн хэвшлийн байгууллага, компани хооронд хамтран ажиллах санамж бичгүүдэд харилцан  гарын үсэг зурсан нь ажил хэрэг болж өрнөж байгааг дуулгахад таатай байна.

Өнгөрсөн хурлаас хойш Багануур, Шивээ-Овоо, баруун бүсийн цахилгаан станцын судалгааны ажлыг дуусгаж, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын УЦС-ын төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлж  “ДЦС-4”-ын 100 МВт, “ДЦС-3”-ын 50 МВт, Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Энэ удаагийн олон улсын хурал үзэсгэлэнгийн зорилго нь өнөөгийн болон цаашид хийгдэх төсөл хөтөлбөрүүдэд дэвшилтэт болон байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх, мэдээлэл туршлагаа солилцох, эрчим хүчний салбарт Монгол Улсын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх харилцан хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх юм.

“Монголын эрчим хүч 2014”     олон улсын хурал үзэсгэлэнгээс гарах зөвлөмж, хамтын ажиллагаа нь улс орны хөгжлийн тулгуур болсон эрчим хүчний бүтээн байгуулалттай уялдаж нийцэх учир Эрчим хүчний яам онцгой ач холбогдол өгч ажиллаж байна.

Олон улсын хурал үзэсгэлэнд оролцогч та бүхний, ажил үйлсэд өндөр амжилт хүсье.