Ч.Хүрэлбаатар: Хувийн хөрөнгөөр хөгжих боломжтой салбар
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа. Тэрээр манай сайтаар бүтэн жилийн турш экспертүүдээр хэлэлцүүлэгдсэн эрчим хүч, уул уурхай гэсэн сэдвийн хүрээнд, экспертүүдийн саналд хариу байр сууриа илэрхийлсэн юм.
Салбар: Эрчим хүч
Эрчим хүч цэвэр хувийн хөрөнгө оруулалтаар явах боломжтой салбар. Энэ салбар луу яагаад хөрөнгө оруулагч ордоггүй нь үнийн зохицуулалттай холбоотой. Эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд ороогүй. Уг нь эрчим хүчний тухай шинэ хууль гаргаад, зохицуулах газрыг байгуулаад эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн хэмжээгээр шилжүүлье гэсэн бодлоготой байсан. Харамсалтай нь ерөөсөө хийгдээгүй.
Хэрвээ зах зээлийн харилцаанд бүрэн шилжвэл төрийн оролцоо багатайгаар хөгжих боломжтой. Дулааны цахилгаан станцад янз бүрийн хөрөнгө, бондоос санхүүжилт өгөх шаардлагагүй болно. Тэртэй тэргүй зах зээлийн зөв зохицуулалттай болчихно.
Увс аймгийн хувьд 1990 онд хувьчлагдсан дулааны цахилгаан станцтай. Гэхдээ зах зээлийн харилцааны асуудлуудыг нь гүйцээж, төрийн зохицуулалтын механизмыг зөв суулгаж өгөөгүйгээс асуудалтай байдаг. Өрсөлдөөн байхгүй учир чанар муутай үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Сүүлийн жилд шинэ цахилгаан станц баригдсанаар өрсөлдөөнтэй болсон.
Ч.Хүрэлбаатар: Төр бага оролцох нь дэмжлэг
Салбар: Уул уурхай
Эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зориулагдсан үйл ажиллагааг хийх нь гол бодлого байх ёстой. Оюутолгой бол Эрдэнэтээс нөөцөөрөө долоо дахин том орд. Тиймээс зэсээ эцсийн бүтээгдэхүүн болгох, зэс хайлуулах үйлдвэр байгуулах чиглэлд төрийн бодлогоо явуулах нь зүйтэй. Харин нүүрсээ угааж, баяжуулж гаргах хэрэгтэй.
Түүнчлэн нүүрсээ хийжүүлж шатах тослох материал гаргах төслийг хийх ёстой гэж боддог. Бизнесэд төрийн оролцоо байж болох хэмжээнээс хамгийн бага хэмжээгээр байх ёстой. Мэдээж үндэсний компаниудаа дэмжилгүй яах вэ. Гэхдээ төр бага оролцох нь дэмжлэг гэсэн үг. Хүнд суртлуудаа алга болговол хөгжинө.