Д.Хаянхярваа: Аливаа зүйлийг хийхээс нь өмнө хар мэдээлэл цацдагаа болих хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа. Тэрээр манай сайтаар бүтэн жилийн турш экспертүүдээр хэлэлцүүлэгдсэн эрчим хүч, уул уурхай, орон нутаг гэсэн сэдвийн хүрээнд, экспертүүдийн саналд хариу байр сууриа илэрхийлсэн юм.
Салбар: Эрчим хүч
Манайд хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь гарцаа байхгүй эрчим хүчний суурь үнийн асуудал. Эрчим хүчний суурь үнийг чөлөөлж, либеральчлах тухай асуудал 2010 онд Улсын их хурлын тогтоол шийдвэрээр гарч байсан нь харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй. Үнийн асуудал ужигарсаар манай эдийн засаг хямрах том нөхцөл рүү өнөөдөр биш юм аа гэхэд, хэзээ нэгэн цагт оруулах өндөр эрсдэлтэй. Тиймээс үнэ чөлөөлөх асуудалд тодорхой ахиц гаргах ёстой.
Ялангуяа эгзэгтэй цаг үед бодлогын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Түүнээс гадны сэргээгдэх эрчим хүчийг ашиглах тал дээр дэвшил гаргаж, дэмжих ёстой гэж боддог. Нарны болон усан цахилгаан станц. Бид нар ямар технологи ашиглах вэ гэдгээс их шалтгаална гэдгийг ойлгосон. Өнгөрсөн жил улсын их хурлын гишүүдийн хамт Канадын томоохон компанитай танилцсан. Тэд дэлхийн шилдэг технологиор усан цахилгаан станцыг байгуулсан байсан. Дэлхийд маш өндөр технологи ашигласан улсууд амжилттай явж байгаа учраас туршлага судлах нь зайлшгүй.
Бид нар асуудалд туйлширч ханддагаа болих хэрэгтэй. Усан цахилгаан станцыг муу гээд байсан гэтэл одоо Завхан голын Тайширын усан цахилгаан станцыг хар л даа. Тэгэхээр аливаа зүйлийг хийхээс нь өмнө хар мэдээлэл цацдагаа болих хэрэгтэй. Төр зөв гэсэн шийдвэрээ гаргаад хэрэгжүүлээд явах ёстой.
Харин цөмийн эрчим хүчний тухайд гэвэл өндөр сахилга баттай орны хүмүүсийн хэрэглэдэг зүйл гэж боддог. Манайд бол зовлон их.
Д.Хаянхярваа: Зогсоосон лицензүүдээ сэргээх ёстой
Салбар: Уул уурхай
Төрийн оролцоог зөвхөн татвараар хязгаарлахыг дэмжиж байна. Ашигт малтмалын лицензүүдийг хязгаарлаж, урт нэртэй хуулийг гаргасан нь үр дагавраа тооцоогүйн алдаа. Тавантолгой, Оюутолгой дээр хэт их улстөржсөнөөс болж буруудлаа. Тиймээс нэн түрүүнд Ашигт малтмалын хуулиа гаргах ёстой. Зогсоосон лицензүүдээ сэргээх ёстой. Уул уурхайн салбарт бодлогоо маш зөв гаргах нь чухал. Өнөөдөр зарим хүмүүс Оюутолгойн 34 хувийг худалдах гэж байна гэж ярьж байна. Миний хувьд төр оролцох нь маш буруу гэдгийг тов тодорхой харлаа. Авах ёстой татвараа ханатал нь авч, байгаль орчин экологийн, технологийн шаардлагаа тавих нь зөв. Түүнээс биш заавал хувь эзэмшинэ гээд хөрөнгө мөнгөний чадамжгүй мөртлөө өөртөө ачаа үүрэх хэрэггүй. Даахгүй нохойнд булуу хураахтай адил байна.
Манайхан гадны компаниуд гээд их туйлширдаг. Дотоодын чадавхитай компаниудаа дэмжих хэрэгтэй. Уул уурхайн салбарт амжилт олсон компаниудаа IPO хийхэд нь туслах ёстой.
Д.Хаянхярваа: Ард түмнээ хоёр ангал руу талцуулвал монголчууд яаж амьдрах юм бэ
Салбар: Орон нутаг
Орон нутгийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ гээд том ярьдаг. Өнгөрсөн дөрвөн жилд сайжирч байсан ажлыг хойш нь татсан. Төрийн албан хаагчдыг намаас түдгэлзүүлж үр дүнтэй ажиллаж байтал сонгуулийн дараа энэ тогтолцоог халчихлаа. Сумын захирлыг хүртэл яамнаас томилж байна. Ингэж ард түмнээ хоёр ангал руу талцуулах тогтолцоо руу явбал монголчууд яаж амьдрах юм бэ. Дөрвөн жил тутамд олон хүний ажил амьдралаар тоглож байгаа нь шүүмжлэхийн байхын аргагүй. Уг нь хуулиа л баривал асуудал. Хуулин дээр тов тодорхой заасан.