Улс төрийн тогтолцоо зөв байна уу
УИХ-ын гишүүн, доктор Ж.Батсуурь “Ухаалаг төрд зөв тогтолцоо чухал” гэсэн нэрээр “Нутгийн удирдлагын тогтолцоог зүгшрүүлэхүй”, “Төрийн тогтолцооны гажигийг засахуй”, “Улс төрийн тогтолцоо зөв байна уу?” хэмээх цуврал нийтлэл бичсэний гурав дахь өгүүллийг уншигчиддаа хүргэж байна.
•Ардчилал, эрх чөлөөний орон зайд улс төрийн болон хүний эрхийн соёл доройтоход популизм сэргэнэ. Ардчиллаар халхавч хийж, дүр эсгэх хүний эрх, эрх чөлөөний наад захын соёлыг мэдрэхгүй анархизм болгохын аль аль нь эрүүл саруул хүчний сэтгэл зүй, соёлын хүлээлт дээр тоглосон популист улс төр гарч ирэх боломжийг бүрдүүлдэг. Мэдээж манай иргэдийн дийлэнх олонхи нь улс төрийн, эрх чөлөөний нийтлэг соёлын мэдрэмжтэй, түүндээ нийцсэн хэм хэмжээгээр ажиллаж, амьдарч байгаа. Харин тэр бүрд нь харшилсан үзэгдлүүд газар аваад эхэлбэл, түүний эсрэг дуу хоолойгоо гаргасан хүмүүсийг дэмжихэд бэлэн сэтгэл зүй бүрэлдэнэ. Үүн дээр популистууд тоглох магадлал их өндөр. Манайд нийгмийн ийм сэтгэл зүйн суурь аажмаар бүрдэж байгааг бид анхаарахгүй байж үл болно.
•Аливаа улс төрийн сонгууль ойртоход зүйл бүрийн популизм цэцэглэдэг нь бараг тогтчихсон зүйл. Энэ тухайд би өгүүллийн холбогдох хэсгүүдэд нэгэнт санаагаа илэрхийлсэн учраас энд зөвхөн нэг л зүйлийг онцлон хэлье. Бодит сурталчилгаа, популизм хоёрыг ялгах ухаанд бид суралцах нь чухал. Бодит сурталчилгаа бол уран цэцэн, гоё үг багатай, маш тодорхой тооцоо судалгаатай байдаг бол популизм нь маш уран цэцэн, гоё уриа лозунтай, тооцоо судалгаа бараг үгүй, байлаа гэхэд биелэгдэхийн аргагүй хоосон амлалт байдгийг л сонгогчид ялгаж сурах ёстой. Тэгвэл популизмд хууртахгүй.
Нэгэн зүйл. Улс төр бол мөнгөнөөс хол үзэгдэл огтхон ч биш. Тэнд мөнгөний урсгал гарцаагүй. Харин тэр нь ил тод, хяналттай байх л учиртай. Улс төр бизнес хоёр, улс төр мөнгө хоёр холбогдох гэж юу байдгийг дэлхийн ихэнх орны туршлагаас үзэж болно. Ялангуяа, шинэ залуу ардчилалтай орнуудад энэ маш хөнөөлтэй үзэгдлүүдийн нэг болдог. Улс төр мөнгө хоёр холбогддог хоёр л зам бий. Нэгдэх зам нь хуулийн дагуу тогтоосон дүрэм журмын хүрээнд олон түмэнд ил тод байдаг арга зам. Энэ замыг бүх улс төрчид, бүх намууд албан ёсныхоо баримт бичиг, дүрэм журамд тунхаглан зарлачихсан, тэр дагуугаа л ажиллаж байгаа гэж сурталчилдаг. Зарим тохиолдолд тийм байдаг л байх. Харамсалтай нь ихэнх тохиолдолд энэ нь худлаа сурталчилгаа байдаг. Энэ тухайд олон зүйлийн тайлбар хэрэггүй биз ээ.
Нийтийн эрх ашиг, нийтийн сонирхол чухал гэх социаль-демократ үзэл санаанд үндэслэсэн улстөрийн соёлд хуулийн зэрэгцээ шударга ёс, хамтын үзэл санаа, ёс суртахуун их чухал байдаг.
Өөр нэг зам нь элдвийн далд аргаар улс төрчид, улс төрийн намууд мөнгөтэй болох. Үүнийг бараг авилгын сүлжээний арга зам ч гэж нэрлэж болмоор санагдана. Энэ байдлыг аль ч улс оронд ард иргэд нь мэддэг, шүүмжилдэг боловч хэрэг дээрээ яаж ч чаддаггүй үзэгдэл: Манайд одоо бүр цагаандаа гарсан гэж хэлж болно доо. Одоо улс төрд орж ажилладаг, төрийн ажил хийдэг хүмүүс ихэнх нь улс төр дэх мөнгөний урсгалд байгаа гэдэгтэй бараг хүн бүр санал нийлнэ. Харин энэ байдлаас яаж гарах вэ? гэдэг арга замыг одоогоор хэлэх аргагүй шахам болчихож. Хууль бол хангалттай бий. Хүн болгон улс төр мөнгө хоёрыг салгая гэж ярина. Яг салгах аргыг хүн л олно. Бас хүмүүс л хэрэгжүүлнэ. Тэр нь ямар хүмүүс вэ? Лав л одоогийн улс төрчид биш, одоогийн төрийн албаныхан ч юу л бол. Хууль хяналтынхан гол үүрэгтэй. Тэднийг шударга ажилладаг болоход ард түмний дэмжлэг хамгаас чухал.
Нэгэн зүйл. Улс төр өөрийн гэсэн соёл, ёс зүйтэй. Тэр нь хуулиас дутахгүй, өдөр тутмын жирийн амьдралд бол хуулиасаа ч илүү чухал. Хувь хүний эрх чөлөөний үзэлд суурилдаг либераль улс төрийн соёлд бол хуулиас илүү чухал хөшүүрэг бараг үгүй. Харин нийтийн эрх ашиг, нийтийн сонирхол чухал гэх социаль-демократ үзэл санаанд үндэслэсэн улстөрийн соёлд хуулийн зэрэгцээ шударга ёс, хамтын үзэл санаа, ёс суртахуун их чухал байдаг. Улс төрийн соёл ямар үзэлд суурилсан байхаас үЛ хамааран хариуцлагын механизм соёл, ёс зүйн гол үзүүлэлт болдог аж.
Тэгвэл манайд “шар нь ч байна, цагаан нь ч байна” гэдэг шиг улс төрийн дэлхийд байдаг үзлүүдийг нэрлэж овоглосон улс төрийн хүчин бараг цөмөөрөө бий. Тэдний ард түмэнд амладаг хөтөлбөр, үзэл баримтлалуудад хариуцлагын тухай бүгд их сайхан зүйл тусгасан байгаа. Харамсалтай нь хэн ч засгийн эрхэнд гарсан тэр нь хариуцлага гэдгийг мартчихдаг. Цөөнх болон иргэний нийгмийнхэн, иргэд олон нийт эрх баригчдаас хариуцлага нэхнэ. Эрх баригчид бол ардчиллын боломж, хуулийн дур зоргын тайлбар гээд зүйл бүрийн зальт аргаар аргацаасаар байгаад залхааж мартагнуулна. Ийм л дүр зураг манай улс төрийн соёлд 20 гаруй жил ноёрхлоо. Энэ бол бидний улс төрийн соёлын ч, улс төрийн ёс зүйн ч гол эмгэнэл юм. Уг нь 'улс төрийн соёл, ёс зүй гэдэг маань нэг жишиг тогтоод ирвэл гайгүй амархан хэвшчихдэг зүйл. Хамгийн гол нь жишиг тогтоох хэрэгтэй.
Нэгэн зүйл. Улс төрийн реваншизм буюу өшөө авах, данс бодох гэдэг зүйл балчир буюу шинэхэн ардчиллын хамгийн ноцтой өвчин мөн. Энэ өвчин 1996 оноос дэлгэрсэн гэж үзэж болно. Одоо бол бүр гаарч байна. Үүний гол аюул нь улс төрийн хэлмэгдүүлэлт үүсгэдэг хөрс болно. Улс төрийг бохир дээр нь бохир болгоно. Төрийг сульдаана. Төр, түмний ажил хэргийг дампууруулна. Эцэстээ улс орон, ард түмнээ ядууруулж хөгжлийг саатуулна. Өнөөдөр бидний амьдрал дээр болж буй үзэгдлүүд чухамдаа дээр дурьдсан үйл явцын бодит биелэл болчихоод байна. •
Реваншизм бол бүхэлдээ улс төрийн тогтолцоог жам ёсных нь дэг жаяг, хууль дүрмээс бүрэн холдуулж зөвхөн эрх мэдэлдээ эрдсэн улс төрийн хүчин, хувь улс төрчдийн дур зоргын тоглолтоор хэрэгждэг үйл явц юм. Үүний хэлбэр, агуулга өнөө цагийн манай улс төрд яаж илэрч байгааг зарим нэг жишээгээр тодруулья.
• Реваншизмын хамгийн түгээмэл хэлбэр бол бүтцийн өөрчлөлт. Энэ нь өнгөн дээрээ юмыг сайн сайхан болгох гэж байгаа мэт боловч өмнөх улс төрийн хүчний нэгэнт бий болгосон тогтолцоог зөв ч бай, буруу ч бай эвдэж бусниулах арга. Өнөөдөр Засгийн газрын бүх байгууллага, нутгийн удирдлагын байгууллагын ихэнх нь бүтцийн өөрчлөлт гээчид нэрвэгдсэн. Үр дүнд нь хүмүүс ажилгүй болно. Хэвийн явж байсан ажил тасалдана. Заримдаа бүр зогсоно. Үүний сонгодог жишээ бол царцсан гэгдэх төсөвтэй барилга, объектууд. Бүтцийн өөрчлөлтөөр шинэ гэгдэх бүтэц, орон тоо гарч ирнэ. Тэр нь зүгширч хөлөө олох гэсээр байтал цаг алдаж ажил хохирно.
Энэ талаар нарийн судалж үзвэл мөн сонин мэдээлэл гарна даа. Ямар боловч яамдын тооноос эхлээд сум, дүүргийн Засаг даргын аппарат хүртэл бүх шатанд бүтэц данхайсныг бид бүгд л харж байгаа. Арав хүрэхгүй орон тоотой байсан Шүүхийн ерөнхий зөвлөл одоо зуу давсан орон тоотой болсон. Тахарын алба гэж шинэ алба 300- 400 хүний орон тоотой байхаар яригдаж байна. Боомтын нэгдсэн захиргаа гэж бас олон орон тоотой шинэ газар гарлаа гээд тоочвол урт жагсаал гаргаж болно.
Реваншизм бол бүхэлдээ улс төрийн тогтолцоог жам ёсных нь дэг жаяг, хууль дүрмээс бүрэн холдуулна
•Бүтцийнхээ өөрчлөлтийг дагуулж, албан тушаалын томилгоо нэрээр төрийн албан хаагчдыг халж солих, өөрийн талын, багийн, фракцийн, бизнесийн хүнийг оронд нь тавих ажил өрнөсөн. Энэ ажил одоо 'шувтрах тийшээ болсон ч бас л дуусаагүй байна. Үр дүнд нь олон тооны мэдлэг, туршлагатай, шударга төрийн албан хаагчид ажилгүй болж хэлмэгдлээ. Халж өөрчлөөд ч ажил олж өгөх хүмүүс нь багтахгүй болохлоор шинэ орон тоо, хэлтэс, тасаг, нэгж бий болгоно.
Энэ байдлаар өнөөдөр төрийн албан хаагчийн ороь? тоо наад зах нь 6000- аар нэмэгдсэн тухай мэдээлэл гарч байна. Урьд нь нэг хүний хийж болоод байсан ажлыг одоо 2-4 хүн хийх болсныг эвд тэндгүй харж болно. Шинээр томилогдсон туршлагагүй хүмүүс томилсон даргынхаа хэлснийг л хийхчээ аядана. Харин дарга нь дээд шатныхаа дарга сайд нар, намынхаа бодлого чиглэлийг л харна. Энэ хэлхээнд үндсэндээ улс төр л явдаг. Тэгэхлээр ажил бол цалин авдаг нэрийн төдий зүйл болж хувирч байна.
•Улс төрөөр, төрийн албаар дамжуулж бизнес эрхлэгчдийг ялгаварлах, улмаар дарамтлах нь улс төрийн реваншизмын бас нэг хэлбэр. Манай улс төрчдийн дийлэнх нь улс төрд орж, төрийн албан тушаалд очихдоо эсвэл өөрөө том бизнестэй, эсвэл бизнесийн ар . талтай байдаг нь бараг тогтсон ёс болчихлоо. Өөрийнх ч бай, хүнийх ч бай бага биш мөнгө зарж улс төр хийж яваад албан тушаал авчихсан хүн түүнийг нөхөх, төлөх гэх нь энгийн логик. Төр, эсвэл улс төрд байгаа хүн үнэндээ цалингаас өөр орЛого байхгүй. Тэгээд шархаа нөхөх, өрөө төлөхийн тулд нэг бол авилгын сүлжээнд орно. Үгүй бол аль нэг бизнесийг дэмжинэ. Үүнийхээ төлөө зарим бизнесийг хааж бооход хүрнэ. Ингэж улс төрийн реваншизм бизнест гай болдог байна.
Нэг нэгээр зүйлчилсэн энэ хэдэн санаагаа нэгтгээд бодоход Монголын нийгмийн улс төрийн тогтолцооны бүтэц нь өнгөц харахад зөв юм шиг хэрнээ орших бүх механизм нь буруу эргэжээ гэсэн дүгнэлт хийхэд хүрч байна.