О.Баасанхүү: Миний ард Монголын ард түмэн бий
Хуульзүйн сайд Тэмүүжинг огцруулах асуудлыг өргөн барьсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим зүйлийг чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагааны үеэр тодруулсан юм.
-Х.Тэмүүжин сайд танаас уучлал гуйсан гэсэн. Үнэн үү?
-Хүлцэл өчсөн бичиг явуулсан.
-Энэ нь тэгээд таны асуудлаа буцаан татах үндэслэл болох уу?
-Буцааж авах үндэслэл гэж үзэхгүй байна. Би өмнө нь ч хэлсэн. Миний эцсийн зорилго бол Тэмүүжин гэдэг хүнийг огцруулахдаа биш. Эмнэлгийг эмнэлэг чигээр нь ашиглах, тоног төхөөрөмж эвдэрснийг нь хүлээн зөвшөөрүүлэх, ес зүйгүй байгааг нь нотлох.
-Ёс зүйтэй холбоотой асуудалд сайд өөрөө ямар, тайлбар өгсөн бэ?
-Хаалттай хуралдааны мэдээллийг ил ярих боломжгүй.
-Таны тавьж байгаа үндэслэл хэр бодитой гэж гишүүд үзэж байгаа юм бол?
-Миний хувьд бол бодитой үндэслэл. Нотлох баримт болгон бичиг баримтуудаа бариад явж байна. Гишүүд өөрсдийн үзэл бодлоор шийдвэр гаргах эрх нь нээлттэй.
-Энэ асуудалд "Шударга ёс" эвслийн бүлгийг дотроо хуваагдсан гэж байсан?
-Хуульзүйн байнгын хорооны тогтоол гарсан. Энэ тогтоолыг авч хэлэлцэж байна. Улс төрийн өнцгөөс хэн ч мэдээлэл, мэдэгдэл хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа нь УИХ- ын үйл ажиллагаанд нөлөөлөх үндэслэл болохгүй,
-Таны ард УИХ-ын дарга З.Энхболд байгаа гэсэн мэдээлэл бий?
-Миний ард Монголын ард түмэн бий. Энэ эмнэлэг Монголын ард түмэнд хэрэгтэй, оффис хэдэн дарга нарт хэрэгтэй. Тэр МRI аппаратыг устгах нь оффисоо чөлөөлөхөд л хэрэгтэй.
-УИХ-ын чуулганыг шүүх хуралдаан маягтай болж байна гэж үзэх гишүүн байна?
-Хүн болгон өөр өөрийн үзэмжээр хариулах нь тэдний асуудал. Хуралдаан явдаг дэгийнхээ дагуу болсон.