Улс төрийн тогтолцоо зөв байна уу?
УИХ-ын гишүүн, доктор Ж.Батсуурь “Ухаалаг төрд зөв тогтолцоо чухал” гэсэн нэрээр “Нутгийн удирдлагын тогтолцоог зүгшрүүлэхүй”, “Төрийн тогтолцооны гажигийг засахуй”, “Улс төрийн тогтолцоо зөв байна уу?” хэмээх цуврал нийтлэл бичсэний гурав дахь өгүүллийг уншигчиддаа хүргэж байна.
Нэгэн зүйл. Улс төр бол бүхэлдээ тодорхой нэг институциас олон түмэндээ харилцах арга технологи юм. Олон түмнийг эзэмдэх, тэдний дэмжлэгийг авах, дагуулах, дарангуйлах аль алинд нь манипуляци гэж зүйл явагдана. Эрх баригчид ба олон түмний хооронд зөрчил бага байвал манипуляци бараг хэрэггүй. Зөрчил ихсэхийн хэрээр манипуляци гарцаагүй өсдөг нь жам. Олон түмнийг сэтгэл зүйн тогтворгүй байдал, санаа зовоосон асуудлаар нь тоглож, сэтгэл зүйд стереотип бий болгон бататгаж түүгээр улс төрчид; эрх мэдэлтнүүд тоглохыг манипуляци гээд буй хэрэг.
Оюун санаанд хүчирхийллийн бус аргаар нөлөөлөх нь манипуляцийн гол технологи. Тэгвэл сүүлийн жилүүдэд XX зуун бүхэлдээ Монголын түүхийн хар үе байсан, одоо л бүгдийг нь өөрчлөх ёстой. Ингэхийн тулд шинэчлэл хэрэгтэй гээд зүгээр л хууль ёсны засгийн газраа хүртэл “шинэчлэл”-ийн гэж тодотгож аваад манипуляци хийж эхэлсэн. Үр дүнд нь засаглалаас эхлээд эдийн засаг, хувийн жижиг бизнес хүртэл утга учиргүй, ойлгомжгүй байдлыг улс орон даяар бий болголоо.
Сэтгэл зүйг далдуур- программчилан эзэмдэх, иргэд, олон нийтэд эд зүйл мэтээр хандаж ашиглах нь манипуляцийн нэг арга. Бие хүнийг манипуляци хийхэд тактик, олон түмнийг манипуляци хийхэд технологи хэрэгтэй. Манай эрх баригчид, улс төрчид үүнийг өөрсдөө ойлгосон ч, ойлгоогүй ч маш сайн хийдэг болжээ.
Орон сууцны найман хувийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр, их бүтээн байгуулалт гэх мэтийн хэний ч сэтгэл санаанд эерэг сайхан сэтгэгдэл үлдээхээр уриа лоозон гаргаж, түүнийгээ баруун солгойгүй сурталчилсаар олон нийтийн сэтгэл зүйг тодорхой хэмжээнд программчлаад байна. Үүний цаана юу яваад байна вэ? олон юм ярилгүй маш энгийн математик л бодъё. Өнөөдөр орон сууцны найман хувийн зээлд хамрагдсан гэр бүл зах зээл дээр 60 сая төгрөгийн үнэтэй байгаа орон сууцыг 120- 150 сая төгрөгөөр л авч байгаа. Энд янз бүрийн тайлбар хийж болно л доо. Хамгийн гол нь орон сууцны урт хугацааны моргежийн зээлийг банкны ийм өндөр хүүгээр, ийм богино хугацаагаар хаана ч хийдэггүй гэдгийг л бид бодох хэрэгтэй.
Манипуляцитай тэмцэх олон арга бий. Онолын хувьд ч, олон улсын жишгээр ч “бут цохих, хориглох, хязгаарлах” гэсэн арга зам байдаг аж. Төр засаг нь тэмцэх бол эхний хоёрт илүү ач холбогдол өгдөг. Олон нийт тэмцэх бол сүүлийнх нь гол байдаг. Өнөөдөр манай төр засаг лав ийм тэмцлийг санаачлахгүй. Олон нийт хийх нь гарцаагүй. Энд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, улс төрийн цөөнх олон нийтийн гол түшиг тулгуур болж ажиллах учиртай.
Нэгэн зүйл. Улс төрд хамгийн их дэлгэрч буй зүйлийн нэг бол улс төрийн реклам гээч. Энэ байх зүйл л дээ. Ер нь улс төрийн реклам гэдэг бол олон нийтэд ямар нэг барааг /түүний имижийг/ эсвэл үзэл санаа, бодлогыг худалдах оролдлоготой холбогдох бүхий л үйлдэл мөн. Үүнийг судалдаг шинжлэх ухааны салбарыг сүүлийн үед ПИАР /РК/ гэж нэрлэх болсон. Энэ ажлыг хийдэг хүмүүсийг нь пиарчид хэмээдэг болсныг бид сайн мэднэ. Дашрамд дурьдахад манайд мэргэжлийн пиарчид төрөх өдий байгаа мэт бодогддог. Өөрсдийгөө пиарчид гээд буй хүмүүсийн цөөн биш нь зүгээр юмны учир мэдэхгүй улс төрд шунагчдаас мөнгө салгахын тулд юу санаснаа хийж мэдэмхийрэхийг пиар гэдэггүй шиг байгаа юм.
Улс төрийн хүрээнд бол сонгуулийн үед гол бараа нь улс төрийн нам, нэр дэвшигч, тэдгээрийн хөтөлбөрүүд болох нь ойлгомжтой. Харин сонгуулийн бус үед бол улс төрийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрүүд, мөн тодорхой үйл ажиллагаа, улс төрийн акцууд байдаг.
Улс төрийн бараа бүтээгдэхүүнийг рекламдах нь эд бараа рекламдахаас их өөр зүйл гэдгийг юуны өмнө бодох ёстой. Тодорхой эд зүйл бол тодорхой хэрэгцээнд очиж тараа таниулаад л дуусна. Харин улс төрийн бараа бол олон нийтэд урт хугацаанд холын уршигтай, ямар ч гай тарьж болдгоороо ялгаатай. Гитлер бол улс төрийн бараа байсныг хэн хүнгүй л мэднэ.
Улс төр судлаачид зах зээлд байгаа нэр хүнд, чанар, чансаанаас нь хамааруулж улс төрийн барааг нэлээд сонирхолтой ангилсан байдаг. Тухайлбал, улс төр судлаач Р. Мориссын дараах ангилал пиарчдын анхаарлыг их татдаг аж.
1.Саалийн үнээ-Хамгийн сайн бараа түүнийг зах зээлд рекламдах хэрэггүй. Түүнийг улс төрийнхэн төдийгүй, нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм бараа улс төрийн зах зээл дээр олон биш боловч байдаг зүйл. Сайн лидерүүд, зөв бодлого бол үүний жишээ.
2.Гэрэлтэгч од-Ирээдүйтэй бараа. Сайн реклам, маркетинг хэрэгтэй. Энэ бол алсдаа “саалийн үнээ” болж чадах найдвар төрүүлж буй харьцангуй шинэ бүтээгдэхүүн. Үүнийг зөв рекламдахын зэрэгцээ зөв сургаж, зөв төлөвшүүлэх нь их чухал. Хамгийн гол нь улс төрийн бохир зүйлд хутгахаас сэргийлэх нь чухал.
3. Нохой- Буурч яваа од. Улс төрд харьцангуй удсан, хийх зүйлээ хийж, түүхэн үүргийнхээ ихэнхийг гүйцэтгэсэн, гэхдээ нэг хэсэгтээ байж байхад илүүдэхгүй тийм бараа. Энд онцгой реклам хэрэггүй. Байгаагаар нь олон нийт яаж хүлээж авахыг нь харах шаардлагатай.
4. Газартаа хатсан мод- Ямар ч найдваргүй үхмэл бараа. Ийм бараа хоёр янз. Нэгд, угаасаа улс төрийн бараа болж чадахгүй, албан бус аргаар энэ хүрээнд орохыг эрмэлзэж буй боловч орж ирэх найдвар маш муу, улс төрийн хувьд шинэ боловч, аль ч талаар найдваргүй бараа. Хоёрт, улс төрд хэт удсан, хийх зүйл, гарах санаа нь аль хэдий нь шавхагдсан, олон нийт яаж ч рекламдаад бараг хүлээж авахгүй болсон бараа.Судлаачдын энэ ангилал руу Монголынхоо улс төрийн бараа бүтээгдэхүүнүүдийг буулгаад нэг харвал их л сонин дүр зураг гарах байх. Ерөнхийд нь санаагаа хэлбэл, эхний хоёр хэв маягт хамаарах бараа бүтээгдэхүүн Монголын улс төрийн зах зээл дээр ховордох тал руугаа явж, сүүлийн хоёр нь, ялангуяа дөрөв дэх хэв маягийн нэгд хамаарах бараа өсөх байдал ажиглагдаж байгааг л бид анхаарах ёстой.
Эдийн засаг хүндрээд ирэхлээр эрүүл саруул бизнес явахаа больж, ажилгүйдэл, ядуурал газар авч улмаар нийгмийн бухимдал бий болдог нь жам ёс.
Нэгэн зүйл. Улс төр бол хүссэн ч, эс хүссэн ч олон түмэнд таалагдахын төлөө элдэв төрлийн популизм хийх үйл явц мөн. Популизм эерэг, сөрөг аль аль талын нөлөөтэй. Улс төрд ардчиллыг сүүдэр мэт дагасан үзэгдэл. Эртний Грекийн хот улсын ардчиллаас эхлээд ардчиллын түүхийн бүхий л үед энэ үзэгдэл байсан. Орчин үед ардчилалд шинээр шилжиж буй орнууд болон ардчилал хүнд сорилтуудтай учирч
буй улс орнуудад популизм их хүчтэй байсаар байна. Манай улс бол хүчтэй популизм оршдог улс төртэй орон гэж үзэж болно. Популизм үүсгэдэг шимтэй хөрс суурийг судлаачид аль хэдий нь тогтоосон байдаг Тэр нь:
•Улс төрийн хувьд тогтворгүй, бас тодорхойгүй байдал бол популизм төрөх шимтэй хөрсний нэг хэсэг мөн. Монголын улс төрийг сүүлийн хориод жил тогтвортой байсан гэж хэлэх аргагүй байна. Засгийн газар удаа дараа огцорсон, сонгууль болгоны дараа улс төрийн институцийн гол хууль өөрчлөгддөг, төрийн албан хаагчид солигддог, явж байсан бодлого нь өөр болчихдог орныг улс төрийн хувьд тогтвортой гэхгүй. Тодорхойгүй байдал гэж юу байдгийг шинэчлэл нэрээр улс төрийн амьдрал, улс орноо бүхэлд нь бужигнуулсан сүүлийн хоёр жил ил тод харууллаа. Одоо төрийн албанд, хуулийн салбарт, хөгжлийн бодлогод юу ойлгомжтой, тодорхой байна вэ? гэсэн асуултад тухтай хариулт өгөх боломж үнэхээр хомс болжээ. Эндээс зүйл бүрийн популизм төрж болно. Бүр диктатур ч сэргэх магадлал бий.
• Нийгмийн хямрал, бухимдал бол популистуудын тодрох гол суурь болно. Эдийн засаг хүндрээд ирэхлээр эрүүл саруул бизнес явахаа больж, ажилгүйдэл, ядуурал газар авч улмаар нийгмийн бухимдал бий болдог нь жам ёс. Одоо манайд эдийн засаг хүндэрч нийгмийн бухимдал үүсч эхлээд байна. Нэн даруй шуурхай арга хэмжээ авахгүй бол бухимдал эрчээ авч “намрын хуурай өвсөнд тавьсан гал” шиг түргэн тархана. Ийм үед ямар нэг ухаалаг арга хэмжээ авахад хүнд болж популистуудын тоглолт эхлэх аюултай.
•Монополизм зах зээлийн нийгэмд популизм үүсгэдэг гол хүчин зүйл мөн. Шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, барилгын салбаруудад төрийн ил далд оролцоотой хууль бус монопольт байдал тогтох хандлага сүүлийн үед идэвхжиж байна. Зах зээлийн нийгэмд төр оролцох, оролцохгүй юм гэж бий. Төр хамгийн муу менежер гэж ярьдаг. Энэ худал зүйл биш. Гэтэл 2003 оноос эхлээд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо нэрийн дор төсвөөр төр шууд менежмент хийх зарчимд шилжсэн. Энэ одоо үргэлжилж байна.
Үүний зэрэгцээ янз бүрийн хөтөлбөр, сангийн нэрээр төр, төв банк хоёр нийлсэн төсвийн ба төсвийн бус хөрөнгөөр санхүүгийн менежмент хийж," түүнийг нь улс төр-бизнесийн цөөн бүлэглэлд хуваагдсан олигархиуд хийж эхэллээ. Энэ бол улс орны улс төрийн болоод эдийн засгийн зах зээл дээр хууль ёсны бус монополь тогтох бодит аюул хаяанд ирлээ гэсэн үг. Үүнээс сэргийлэхгүй бол улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн өөр хоорондоо сүлжилдсэн популист үйлдэлд Монгол бүхэлдээ хөтлөгдөх аюулд өртөж болохыг сануулахад илүүдэхгүй. »
•Символизм, национализм, нигилизм их дэлгэрэх нь популист улс төр амь бөхтэй оршихын үндэс болно. Бүх юмны өнгөц хэлбэр, хэв маягийг сармагчин лугаа хуулбарлан дуурайх, үндэсний хийгээд дэлхийн гэгдэх элдэв бэлгэ тэмдгийг учрыг нь олохгүй шүтэж хэрэглэх нь тэдгээрээр дамжсан популизмыг дэврээдэг. Үндэс угсаагаа гэх эрүүл саруул мэдрэмжийг хэлбэрийн төдий хоосон зүйлээр бүрхэгдүүлэх, өөрийн үндэстнээ бусдаас дээгүүр мэт бодож, бусдыг үгүйсгэн гутаах нь национализмд суурилсан популизм төрөх аюултай. Байгаа бүхнээ үгүйсгэх, болж байгааг мушгин гутаах, ялангуяа улс орныхоо өнгөрсөн түүхийг үгүйсгэн харлуулах нь энэ бүхний эсрэг хүчтэй популист давалгаа үүсэх аюулыг өөртөө агуулна. Манайд дээр дурьдсан 3-ын аль аль нь ямар нэг хэмжээнд болгоомжлох төвшинд хүрснийг анхаарах нь чухал.