Д.Энхжаргал: Авгайгаа ганц алгадсаны төлөө ийм хууль гаргах гэлээ гээд хүчтэй эсэргүүцэж байсан
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хоёрдох давалгаа эхэллээ
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захиралД.Энхжаргалтай ярилцлаа. Тэрээр 2004 онд батлагдсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг боловсруулахад ажлын хэсэгт орж ажилласан. Арван жилийн дараа буюу өнөөдөр хуулийг өөрчлөх ажлын хэсэгт мөн орж ажиллав. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яагаад шинэчлэх ёстой болсон талаар ярилцсан юм.
-Гэр бүлийн хүчирхийллийн асуудал нууц, далд хэлбэрээр явагддаг учир маш төвөгтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль маань арван жилийн хугацаанд ямар үр дүнд хүрэв ээ. Дахин өөрчлөх хийх ямар шалтгаан байгаа юм бэ?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдсан. Анх батлагдахдаа амар байгаагүй. Авгайгаа ганц алгадсаны төлөө ийм хууль гаргах гэлээ гэсэн хүчтэй эсэргүүцэлтэй тулж байсан. Гэхдээ тухайн үед УИХ-ын эмэгтэй гишүүд, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд зэрэг хорин хүнээс бүрдсэн ажлын хэсэг амжилттай ажиллаж, өрөөсөн далавчаа хяргуулсантай адил хуулийг батлуулж байлаа. Учир нь тухайн үед батлагдаад удаагүй байсан Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудын шинэчлэлийн гол үзэл баримтлал нь хэрэг үйлдэгч нь хөнгөн гэмт хэргийн хохирогчийн хохирлыг барагдуулвал эвлэрүүлэхэд чиглэгдэж байсан.
Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дагалдан бусад хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналууд боловсрогдсон байсан. Тухайлбал, дээрх 2 хуулинд оруулахаар боловсруулагдсан “гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт хамаарахгүй” гэсэн нэмэлт, өөрчлөлтийн санал нь хөнгөн гэмт хэрэгт эвлэрүүлэх зарчим барихаар батлагдсан байсан дээрх 2 хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн учраас батлагдаж чадаагүй, хэлэлцүүлгийн явцад хасагдсан. Энэ мэт байдлаас шалтгаалан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дангаар нь баталсан. Бусад хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтүүд нь батлагдаагүй. Иймээс гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш болсон. Гэхдээ ажлын хэсэг ямар ч гэсэн эхний ээлжинд бие даасан хуультай болж авья. Дараа нь эрхзүйн шинэчлэлийн хоёр дах давалгааг эхлүүлнэ гэж бодсон.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэл юм.
Түүнээс гадна одоогийн хуулиар гэр бүлийн хүчирхийллийг хоёр иргэний хоорондын маргаан гэж үздэг. 100 мянган төгрөг хүнд зээлүүлээд авч чадахгүй бол иргэний шүүх дээр очдогтой адил хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг авч үздэг. Үүнээс болоод хохирогч өөрөө хэргээ нотлох, хуулийн байгууллагаар дуустал нь авч явах хариуцлагыг хүлээж байна. Гэтэл цоожтой хаалганы цаана гэрчгүй үйлдэгддэг хэргийг хохирогч яаж өөрөө нотлох вэ. Хүчирхийлэлд өртөж байгаа хохирогч өөрөө яг тухайн агшинд өөрөө баримтжуулна гэдэг хүндрэлтэй. Айдас, дарамтын улмаас хуулийн байгууллагад хандаж хэрэг үүсгэх хариуцлагыг хохирогчид үүрүүлэх нь бүр хүндрэлтэй. Ингээд л хохирогч мухардаж, 60-90 хоногийн дотор өргөдлөө буцаачихдаг
- Хоёр дах давалгаа нь гэр бүлүүдэд ямар зүйлийг авчрах вэ. Хүчирхийллийг яаж таслан зогсоох вэ. Танай төвд ханддаг иргэдийг хууль хамгаалж чадаж байгаа эсэхэд ямар дүгнэлт хийдэг вэ?
Өнгөрсөн арван жилийн хугацаанд хуулийг хэрэгжүүлэхийн тулд гарсан ахиц, амжилт ололт тодорхой түвшинд байгаа. Хуулийн цоорхойг нөхөх гэж нэлээн хэдэн журам, зааврууд гарч, практик түвшинд хэрэгжиж ирлээ. Одоо түүнийг хуульчлах шаардлагатай. Хуулиар үүрэг хүлээсэн цагдаа, нийгмийн ажилтан зэрэг мэргэжилтнүүд нэг хэрэг дээр хамтран ажиллах Хамтарсан баг, эмнэлэг дээр ажиллах Нэг цэгийн үйлчилгээ зэрэг үр дүнтэй нь амьдрал дээр батлагдсан хэд хэдэн сайн санаачилга, туршлага хэрэгжиж байна.
Үүнийг бас хуулийг хэрэгжүүлэх механизм болгож хуульчлах шаардлагатай. Гэхдээ л цогц зохицуулалт болж чадаагүй, хуульчлаагүй учраас үзэмжээр ханддаг, сайн дурын санаачилга төдийгөөс хэтрэхгүй хэвээрээ учраас өнөөдрийг хүртэл хохирогчийг бүтэн хамгаалж чадсан тохиолдол бараг байхгүй гэж хэлж болно. Хууль хэрэгжих арав гаруй жилийн хугацаанд хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах шүүхийн шийдвэр гарсан ч тэр нь ганц, хоёрхон тохиолдлоос бусад нь цаасан дээрээ үлдсэн.
Энэ бүхнийг нөхөх гэж төр, төрийн бус байгууллагын холбогдох ажилтнууд чадлаараа л ажилласан ч дандаа хана мөргөж байна. Доголон хууль, өрөөсгөл зохицуулалт, цоорхой хувин шиг тогтолцоогоор хүний амь нас, эрүүл мэнд урссаар байна шүү дээ. Эмнэлэг, цагдаа, ТББ-ууд тус тусдаа хөлсөө дуслуулж байгаа ч хүний амь насыг аварч чадахгүй л байсаар. Бас нэг өрөөсгөл байдал нь хууль зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан. Хүүхдүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд онцлог хэрэгцээтэй хохирогчдыг яаж хамгаалах эсэх нь зохицуулалтгүй байгаа. Тиймээс энэ байдлыг шинэ зохицуулалтаар солих шаардлагатай болсон.
Өнөөдрийг хүртэл хохирогчийг бүтэн хамгаалж чадсан тохиолдол байхгүй.
-Хана мөргөөд байгаа нь ямар учиртай юм бэ. Уг нь манайд энэ талаар ажилладаг байгууллагууд зөндөө байгаа санагдах юм?
100 толгойтой ганц могой шиг хууль учраас ЭМЯ, ХАХНХЯ, цагдаа, прокурор гээд бүгдээрээ хоорондоо уялдаагүй ажилладаг. Яамдын түвшинд, дунд шатандаа ч адилхан. Дараагийн нэг гол бэрхшээл нь бүтэц механизм юу ч байхгүй. Хөрөнгө, санхүүжилт шаардсан, төсөвт ачаалал нэмсэн байж болохгүй гээд л бүгдийг хасч баталсан. Эцэстээ энэ хууль нь хохирогчийг хамгаалах биш, байгууллагуудын эрх үүргийг зохицуулах хууль болж хувирсан.
Байгууллагуудын оролцоо сайн хуульчлагдсан хэрнээ яг тэр асуудал дээр тэргүүлэн гүйцэтгэгч хэн байх нь тодорхойгүй. Үүнээс шалтгаалан Хууль зүйн яам, Нийгмийн хамгааллын яам олон жилийн турш танай манай асуудал гэж нааш цаашаа түлхэлцэж ирсэн. Өнгөрсөн жилээс Хуульзүйн яам энэ асуудлыг өөрийн тэргүүлэх чиглэл болгон зарласнаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цагдаагийн хэлтэс, Цагдаагийн харъяа хамгаалах байрууд нээгдэн ажиллаж эхэллээ.
-Тэдгээрийн хариуцлагын тогтолцоо байгаа юу.
Энэ бол хуулийн нэг сул тал. Мэргэжилтнүүд ажиллаагүйгээс болж хохирвол ямар хариуцлага тооцох эсэх нь байхгүй учраас мэргэжилтнүүд дур зоргоороо үнэлэмжээрээ хандах тохиолдол их. Тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн байгууллагын зарим ажилтнууд хэргийн онцлогийг ойлгохгүй, хохирогчийг буруутгах, эвлэрүүлэх хугацаа өгөх нь нийтлэг. Тэр хооронд нь хохирогч гэмтэх, тэр ч бүү хэл өнгөрсөн жил амь насаа алдсан тохиолдол хүртэл гарсан шүү дээ.
Хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж 70 гаруй мянган төгрөг шаарддаг. Үүнээс шалтгаалан хохирогч шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрдэг. Энэ нь мөнгө төгрөгтэй холбоотой маргаан биш, хүний эрүүл мэнд, амь настай холбоотой хэрэг шүү дээ. Иймээс гэр бүлийн хүчирхийллийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар биш эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тэр тогтолцоонд оруулж шийдвэрлэх шаардлага гарч байна.
-Тэгэхээр хүчирхийлэл үйлдэгчийг ямар байдлаар шийтгэж байгаа гэсэн үг вэ. Ямар хариуцлага ногдуулах вэ?
Захиргааны хариуцлага гэж үзээд цагдаагийн байгууллагаас олон нийтийн газар танхайрах гэсэн заалтаар хүчээр шийдэх гэж оролддог. Энэ хүрээнд 30 хоног баривчилдаг. Үндсэн хуулинд хүн бүр тэгш эрхтэй гэдэг ч гадаа гудамжинд үйлдэгдвэл гэмт хэрэг, гэрт үйлдэгдвэл иргэний маргаан болгож байгаа нь үнэхээр харамсалтай. Ийм ялгамжтай хариуцлагын тогтолцоог нэг мөр болиулах хэрэгтэй. Энэ гэмт хэрэг дандаа хүний амь нас хохирсон хойно, хүнд гэмт учирсан хойно илэрч байна.
-Шинэ хуулинд хүчирхийлэл үйлдэгчид ямар хариуцлага ногдуулах вэ?
Энэ хууль хэрэгжсэнээр хэн хэн нь хожих механизмыг бий болгох зорилготой. Нэг нь шоронд ороод, нөгөө нь шороонд булагдаад, хүүхэд нь бүтэн өнчин үлдэх аюулаас тэр гэр бүлийг яаж аврах вэ. Одоо бол чимээгүй нууж явсаар засаж болшгүй үр дагаварт хүргэж байгаа шүү дээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд гэр бүлийн хүчирхийллээс 49 хүн амь насаараа хохирсон гэж байгаа ч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бодит тоо их байгаа.
Энэ бол эмгэнэл. Засч залруулах аргагүй үйлдэл хийхээс нь өмнө дохио өгдөг хуулийн тогтолцоотой болгох нь чухал. Бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчлэлийг цогцоор нь авч үзэхийг зорьж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслөөс гадна хуульзүйн шинэчлэлийн хүрээнд шинээр боловсруулагдаж байгаа Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг төслүүдэд бас холбогдох заалтуудаа шигтгэж суулгаад явж байна.
-Яг яаж урьдчилан сэргийлэх юм бэ?
Тухайлбал олон нийтэд зориулсан, боловсрол, соёл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүргийг илүү соён гэгээрүүлэх түвшинд авч үзсэн.
Манжингийн үлгэр.
Хүчирхийлэлтэй тэмцэхэд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Хүний ухамсар, зан төлөвт нь дээрх соён гэгээрүүлэх байдлаар хандаж хүчирхийлэл бол байж болшгүй зүйл гэдгийг ойлгуулах нь чухал. Хүчирхийллийн эрсдэл гарлаа гэхэд яаж дахин давтагдахаас яаж сэргийлэх вэ. Цагдаа, өрхийн эмч, ТББ, хувь иргэн, хорооныхон гэх мэт. Төр дангаараа дийлэхгүй.
Хохирогчийг хэвийн байдалд нь оруулах арга хэмжээ авч, харин хүчирхийлэл хийгчийн зан үйлийг яаж өөрчлөх вэ гэдэгт төвлөрнө. Ийнхүү цогц тогтолцоо бүрдэх юм.
Бид нар манжингийн үлгэр шиг хүчирхийллийн эрсдлээс хохирогчийг, гэр бүлийн бусад гишүүдийг хамгаалах цогц дэмжлэг, үйлчилгээ, зохицуулалтыг хүсч байгаа. Манжинг татах гээд ач охин нь бүгдийг нь дууддаг шиг, гэр бүлийн хүчирхийллийн том асуудлыг бүгдээрээ нийлж байж урьдчилан сэргийлнэ. Цогц дэмжлэг, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулна гэсэн үг.
-Танай төвд хичнээн хүмүүс ханддаг вэ.
Гэр бүлийн хүчирхийллийн мөн чанарыг ойлгохгүйгээр тусалж чадахгүй. Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг учир хэцүү. Нэг л алгадаад зогсоно гэж хэзээ ч байхгүй, давтагдах тусам хоорондын зай нь ойртдог, тэр зай ойртох тусам хохирогч хүнд байдалд ордог. Хохирогч байнгын эрхшээлд байдаг учир тэр бүр олон нийтийн байгууллагад хандаж чаддаггүй. Хүчирхийлэл үйлдэгч нь ихэвчлэн ойрынх нь хүн байдаг учир хохирогч гомдлоо буцааж авдаг.
Одоогийн байгаа тогтолцоогоор гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид давхар хариуцлага үүрдэг. Нөхрийг нь торголоо гэхэд нэг түрүүвчнээс л торгуулийн мөнгө нь гарч байх жишээтэй. Нэгэнт ийм онцлогтой учир яаж илрүүлж, таслан зогсоох вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, яаж хамгаалах вэ, яаж хөндлөнгөөс нь оролцох вэ гэдгийг их сайн бодолцсон. Хэрвээ хөндлөнгөөс нь оролцохгүй л бол энэ хэрэг үхлээр дуусдаг. Тэгэхээр шинэ хуулийг яаралтай батлах шаардлагатай.