Нэрийн дансанд мөнгө биш хоосон тоо л байдаг
Монголын өнөөгийн нэрийн дансны тогтолцоо шударга бус хувиарлалтыг бий болгож төсвийн ачааллыг нэмж буй учраас олон давхаргат хуримтлалын тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Энэ асуудлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.
- Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ямар шалтгаанууд байна вэ?
Нийгэмд хүлээлт үүсгээд буй хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт нэрийн дансны тогтолцооны гажуудлыг өөрчлөх. Уг тогтолцооны дагуу 1960 оноос хойш төрсөн хүмүүст өмнө авч байсан цалингийн 30 хувьтай тэнцэх тэтгэврийг тогтоодог. Харин 1960 оноос өмнө төрсөн хүмүүсийн тэтгэвэртэй харьцуулвал 20-30 хувиар бага авдаг. Даатгалын шимтгэл төлөгчдийн 60 орчим хувь нь заавал төлөх шимтгэлийг үндсэн цалингийхаа 10 хувиар төлдөг. Үлдсэн 30 гаруй хувийг сайн дурын даатгалынхан, төрөөр даалгадаг хүмүүс эзэлдэг. Гэтэл төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамаарахгүй нийгмийн даатгалын сангаас бүгд ижилхэн тэтгэвэр авдаг шударга бус тогтолцоо үйлчлээд байна. Өнөөдөр даатгалын сангийн хэмжээ ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж буй ч энэ хэвээр үргэлжилвэл 2077 он гэхэд 13 хувьд хүрэх дэлхийн банкны мэргэжилтнүүдийн судалгаа гарсан.
2077 он гэхэд тэтгэврийн зардал ДНБ-ий 13 хувьд хүрнэ.
Тогтолцоогоо эрүүлжүүлэхгүй бол зарлага орлогоосоо давж тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр олгож чадахгүйд хүрнэ. Мөн тэтгэвэр авагчдын тоо улам нэмэгдэж, ажиллагчдын тоо улам буурна. Даатгал төлөгчдийн цалин доогуур учраас даатгалын хуримтлал бага. Тиймээс тэтгэврийн уян, олон давхаргат тогтолцоог бий болгох хэрэгтэй.
- Тэтгэврийн олон давхаргат тогтолцооны тухай тодорхой ярихгүй юу?
Өнөөгийн системээс хэд хэдэн зүйлээр ялгардаг. Тухайлбал хувийн тэтгэврийн даатгал. Яагаад өндөр цалинтай хүн нэмэлт шимтгэл төлж ирээдүйн хуримтлалаа үүсгэж болохгүй гэж? Хэдий чинээ илүү төлнө төдий чинээ их тэтгэвэр тогтоолгоно гэсэн зарчимд бид шилжих ёстой. Харин хэт халамжийн шинжтэй манай даатгалын системд уг зарчим үйлчилдэггүй.
Тэтгэврийн олон давхаргат тогтолцооны бүдүүвч
Сайн дурын хуримтлалын тогтолцоо нь санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулах замаар хуримтлал үүсгэж ирээдүйд тэтгэвэр болгон хувиргадаг. Сангийн хөрөнгө бусад хувийн болон улсын хөрөнгөөс бие даан оршдог. Олон давхаргат тогтолцоонд шилжвэл тэтгэврийн нэмэлт орлогын эх үүсвэр бий болж, тэтгэврийн орлогыг төрөлжүүлэх боломж гарна. Түүнчлэн төсвийн ачааллыг багасгахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэрэгсэл болно.
Өнөөгийн эв нэгдлийн тогтолцоонд өөр нэг гажуудал бий. Тэтгэвэр тогтоолгосон олон хүн тэтгэврээ авч чадалгүй нас бардаг. Санд хуримтлуулсан мөнгө нь улсын орлого болж эцэстээ бусдын хармаанд ордог. Тиймээс нас барсан хүний тэтгэврийг үр хүүхдэд нь өвлүүлэх хэрэгтэй.
- Дэлхийн банкны зөвлөхүүд ажил олгогчдын төлөх шимтгэлийн хэмжээг нэмэх хэрэгтэй гэж ярьж байна. Ямар учиртай юм бол?
Дөрвөн жилийн өмнө ажил олгогчийн төлөх шимтгэлийг 19 хувь байсныг 10 болгож бууруулсан. Нэг талаас ажил олгогчдод ирэх дарамтыг бууруулсан ч, нөгөө талдаа даатгалын сангийн хуримтлал эрс багассан. Дэлхийн банкны зөвлөхүүд шударга тогтолцоонд шилжихийн зэрэгцээ шимтгэлийн хэмжээг нэмэх хэрэгтэйг хэлж байна. Олон улстай харьцуулахад Монгол иргэдийн төлдөг шимтгэлийн хэмжээ доогуур, харин тэтгэврийг цалинтай нь харьцуулахад өндөр. Ирэх жил тэтгэвэр авагчдын тоо улам өсч, даатгал төлөгчдийн тоо буурах хандлагатай байна. Ажиллагчдын төлж буй мөнгө нэрийн дансанд байгаа гэж ярьдаг болов ч үнэндээ тэнд тооноос өөр юм байхгүй. Бодит мөнгө байхгүй.
Эцэст нь хэлэхэд шинэчлэлийг олон нийтээр сайтар хэлэлцүүлж, улс төрийн зөв шийдвэр гаргасны дараа хийх хэрэгтэй.