Эрх зүйн тулгамдсан асуудлыг хөндсөн шилдэг илтгэл тодорлоо
Эрх зүйн тулгамдсан асуудлыг хөндсөн шилдэг илтгэл тодорлоо
2014.04.07

Эрх зүйн тулгамдсан асуудлыг хөндсөн шилдэг илтгэл тодорлоо

УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар Монголын хуульчдын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд”сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны хоёрдугаар шалгаруулалт өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. 

Илтгэлийн уралдааныг нээж УИХ-ын гишүүн Г.Батхүү хэлсэн үгэндээ “УИХ-аас эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг 1998 онд батлан гаргасан нь 2008 он хүртэл хэрэгжиж, нийгэм эдийн засгийн эрчимтэй хөгжлийн явцад дараагийн шинэтгэлийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын улмаас шинэтгэлийн ажил эхэлсэн бөгөөд зургаа дахь  удаагийн УИХ зөвхөн хууль зүйн салбарын шинэтгэлд холбогдох 40 гаруй хуулийг баталсан болон цаашид батлахаар ажиллаж байна.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 583 хуулийн хэрэгжилтийг хангах, улам боловсронгуй болгох шаардлагыг хэрэгжүүлэхдээ монгол хүн, улс орныхоо  хөгжлийг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан эсэхийг эргэн харж, өнгөрснөөсөө сургамж авч, алдсанаа засан, ололтоо хөгжүүлж өнөөдрөө тодорхойлох, ирээдүйн хуулиудыг боловсруулах хэрэгцээ шаардлага, шинжлэх ухаанд суурилсан онол, практикийн мэдлэгийг дэмжин ажиллах нийгмийн эрэлт хэрэгцээ байгаа юм.  Өнөөдөр хууль зүйн салбарын судлаачид, хууль тогтоогчид, хуульчид, эрх зүйчид, багш нар, оюутнууд хамт сууж орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь шүүн хэлэлцэж  байгаа нь төрийн бодлогыг оновчтой болгоход тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд”сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад нийт 40 гаруй  илтгэл ирснээс хоёрдугаар шатанд хуульчдын найм, оюутнуудын зургаан илтгэлийг хэлэлцүүлэн шилдгийг шалгарууллаа.

Хуульчдаас:

1-р байр – ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, хууль зүйн доктор, дэд профессор, хурандаа Н.Гантулга – “Хоригдолд хүлээлгэх сахилгын шийтгэлийн эрх зүйн орчны асуудал”

2-р байр – Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн бодлогын судлаач Б.Ундрах – “Хууль бус үйлдэл болох биеэ үнэлэх болон авлига өгөх үйлдлийг хууль ёсны болгох нь”

3-р байр – Хуульч С.Жавхлан- “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг дагаж мөрдөх асуудал, практик хэрэгжилт”

Тусгай байр- Ахмад хуульч, өмгөөлөгч Ж.Сүрэнжав – “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хийсэн дүн шинжилгээ, дэвшүүлэх санал”

Оюутнуудаас:

1-р байр – МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсын оюутан Р.Пүрэвбаатар, Л.Отгондорж нар– “Дотоод мэдээлэгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаарх зарим санал”

2-р байр – МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  гуравдугаар курсын оюутан Т.Нандинцэцэг – “Үр шилжүүлэн суулгалт буюу тээгч эхтэй холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх нийгмийн шаардлага”

3-р байр – МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсын оюутан Т.Энхжаргал - “Засгийн газрын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хүрээг өргөтгөх асуудал” сэдэвт илтгэлүүдээр тус тус байр эзэллээ.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын боловсруулалт, чанар, үр өгөөжийг сайжруулах,  цаашид чухал хэрэгцээтэй хуулийн талаар хуульчид болон мэргэжилтнүүдийн саналыг авах, судалгаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулах, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэгдсэн юм

Энэ үеэр хуульчид, оюутнуудад нэг таатай мэдээ дуулгасан нь эхний байрт шалгарсан илтгэлийн эздийг УИХ-ын Тамгын газартай хамтран гадаадад эрх зүйн чиглэлээр туршлага судлах боломж бүрдүүлэхээр шийдвэрлэсэн тухай байв.

Хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаг. Сайн хууль амьдралын шаардлагаар “төрж”, амьдралд ойр хэрэгждэг. Тийм ч үүднээс уг илтгэлийн уралдааны зорилго Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын боловсруулалт, чанар, үр өгөөжийг сайжруулах,  цаашид чухал хэрэгцээтэй хуулийн талаар хуульчид болон мэргэжилтнүүдийн саналыг авах, судалгаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулах, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэгдсэн юм.

Энэхүү илтгэлийн уралдаан  хууль зүйн салбарын нийтлэг асуудлууд болох Үндсэн хууль, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн сэдвүүдийг сонгож, хүний эрх, ёс суртахууны асуудлыг гэр бүл, нийгмийн харилцааны бүхий л түвшинд авч үзэн хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхой болгох, хариуцлагыг өндөржүүлэх, төрт ёсыг боловсонгуй болгох болон шүүхийн багц шинэтгэлийн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хууль зүйн шинжлэх ухааны тодорхой асуудлуудыг хэрэглэж, судалгааны  арга зүйн ерөнхий шаардлагыг хангасан илтгэлүүдийг хэлэлцүүлснээрээ онцлогтой боллоо. 

“Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд”сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны шүүгчээр Академич, хуульч С.Нарангэрэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор Д.Ганзориг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Г.Одгэрэл, ИЗОУИС-ийн Сургалт хариуцсан захирал, МЗХ-ны  Хуулийн хорооны дарга, доктор Р.Булгамаа, УИХ-ын Тамгын газрын ХЗҮХ-ийн орлогч дарга, доктор, профессор Л.Батжав нар ажиллаж, уралдаанд оролцож буй илтгэлүүдийн зорилго, зорилт, ач холбогдол, гарах үр дүн, илтгэгчийн ур чадвар, судалгааны цар хүрээ зэргээр үнэлгээг өгч дүгнэсэн.

Илтгэлийн уралдааныг санаачилсан УИХ-ын гишүүн Г.Батхүү хуульчид, оюутнуудын үнэтэй санаа оноог тусгасан эдгээр илтгэлийн эмхтгэж олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөснөө мөн энэ үеэр дуулгасан юм.