Ашигт малтмалын тухай хуулийн төслийг өргөн барилаа
Уул уурхайн сайд Д. Ганхуяг
2014.05.01

Ашигт малтмалын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Уг төслийн талаар сэтгүүлчид түүнээс тодрууллаа.

-Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаагийн гол шаардлага нь юу вэ?

-Энэ хуулийг эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого баталсантай нийцүүлж байгаа. Гол зорилго нь хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, шилжүүлэхийг хориглосон байсныг өөрчилж байгаа. Тэгэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн газарт хайгуул хийж болно гэж өөрчилж байгаа. Ингэснээр Монголын геологи, хайгуулын салбарт шинэ хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаарт, ашигт малтмалын салбарын эрхзүйн орчныг тогтвортой байлгах нь маш чухал байдаг. Бид үүн дээр алдаж онож ирсэн. Энэ удаагийн УИХ Засгийн газрын төвшинд Монгол Улсын эрдэс баялгийн салбарын эрхзүйн орчныг урт хугацаанд тогтвортой байх баталгаа бүрдлээ гэж ойлгох ёстой юм. Нөгөө талаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ёстой.

Ашигт малтмалаа голдуу түүхийгээр нь гаргаж байсан учраас боловсруулах үйлдвэрийг дэмжинэ.

Нөхөн сэргээх, уурхайн хаалт хийх зэргийг Улаанбаатарт яам, тамгын газар биш аж ахуйн нэгж нь хариуцдаг, түүнийг хариуцдаг тусгай ажилтантай байх, орон нутаг нь хянадаг байх заалт бас орж байгаа. Дараагийн нэг зорилт нь ашигт малтмалаа голдуу түүхийгээр нь гаргаж байсан учраас боловсруулах үйлдвэрийг дэмжинэ. Үүний тулд түүхий эдийг зах зээлийн үнээр нийлүүлэх боломжийг хуульд оруулж өгсөн.

-Энэ хууль батлагдвал Урт нэртэй хуульд өөрчлөлт орох уу?

-Нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт орохгүй. Урт нэртэй хуультай бүрэн нийцэж байгаа.

-Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр хэр хэмжээний талбайд хайгуул хийх боломжтой болох вэ?

-Урт нэртэй хуульд хамаарах хайгуул, ашиглалтын талбай нийт газрын 17 орчим хувь байгаа. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар энэ зөвшөөрөгдсөн газрыг давтахгүйгээр нийт газрын 20 орчим хувьд нь хайгуул хийх боломжтой болно.