2014.03.07

Хойд Солонгос руу нүүрс экспортолсноор далайд гарах гарц нээгдэх боломжтой

Уул уурхайн зарим бүтээгдэхүүн, баяжмал Хятадаас дамжин гуравдагч орон руу экспортолдог.

Тиймээс энэ жилээс Оросын нутгаар дамжуулан Хойд Солонгосын боомт руу 20 мянган тонн нүүрс гаргахаар тохиролцоонд хүрсэн юм. Дээрх алхам үр дүнтэй болж чадвал манай ашигт малтмал далайд гарах нэг гарц нээгдэх юм.

Умард Солонгосын тал дээрх саналыг нааштайгаар хүлээн авсан. Мөн Оросын талаас хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд байна. 2000 тонн нүүрс гэдэг нь манай өнөөдрийн төмөр замаар бодвол 50 вагоноос бүрдсэн дөрвөн галт тэрэг явна гэсэн үг. Үүнийг манай нийт экспортолж байгаа нүүрсний хэмжээтэй харьцуулахад бага ч дээрх ажил амжилттай хэрэгжвэл үр дүнтэй гэдгийг хэлж байгаа юм.

Мөн засгийн газар хоорондын хэлэлцээрүүд ч байгаа. Тодруулбал өнгөрсөн жил Хятад улстай нэг тэрбум тонн нүүрс худалдах, худалдан авахаар тохиролцсон. Тохиролцоонд нүүрс экспортлогч компаниуд жижиг том ялгаагүй тэгш эрхтэй оролцож чадвал уналтад байгаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжтой юм.

МУУА-ийн гүйцэтгэх захирал Н.Алагаа:  20 саяын экспортын хажууд 20 мянга бол бага тоо боловч чиглэлээ бодох юм бол Хойд Солонгосоор дамжаад далайн гарц ашиглах талаар ярьж цаашлаад Өмнөд Солонгос, Японы зах зээл Хятадаас өндөр боломж байж магадгүй учир энэ сонголт хийгдэж байгаа байх.

Манай нүүрсний компаниуд нэгдэж чадвал нүүрсээ тасралтгүй экспортлох боломжтой. Өнөөдөр дэд бүтцийн асуудлаас гадна нүүрсний компаниуд хоорондоо өрсөлдөж том нь жижгээ шахаж монополь үүссэнээс нүүрсээ хямдруулах, шороо болох нөхцөлийг бүрдүүлээд байна. Уг нь хилийн цаана өрсөлдөөн үүсгэж экспортоо нэмэгдүүлэх учиртай билээ.