Гашуунсухайтын төмөр зам компанийг үүсгэн байгуулав
Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ унаж, Монгол гэлтгүй нүүрс экспортлогч олон орны хувьд нүүрсний тээвэрлэлтийн зардлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа. Нүүрсээ автомашинаар тээвэрлэж ирсэн манай улсын хувьд нүүрсний үнийн хямрал бүр ч хүндээр тусч, салбарын олон компани “үүдээ барихад" хүрсэн. Монгол Улсын Засгийн газар 2014 оны 3-р сарын 21-ний өдрийн шийдвэрээр улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганц модны боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах чиг үүрэгтэй “Гашуунсухайтын төмөр зам” компанийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулахыг төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанид зөвшөөрсөн билээ.
Энэхүү шийдвэрийн хүрээнд Монголын талаас Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК, Тавантолгой ХК, БНХАУ-ын талаас Шэньхуа компанийн оролцоотой "Гашуун сухайтын төмөр зам” хамтарсан компанийг 2014 оны 4-р сарын 7-ны өдөр албан ёсоор үүсгэн байгууллаа. Засгийн газрын шийдвэрт заасанчлан, хамтарсан компанийн 51%-ийг Монголын талын 3 компани хамтран эзэмших бол үлдсэн 49%-ийг Шэньхуа компани эзэмших бөгөөд компаниуд тус тусын ногдох хувь эзэмшлийн хэмжээгээр эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг хийх юм байна.
Гашуунсухайт - Ганц модны чиглэлд боомтын төмөр зам баригдсанаар нүүрсний экспортын шат дамжлага, өртөг зардал буурч, тээвэрлэлтийн бүтээмж, аюулгүй байдал дээшлэх бөгөөд тэр хэрээр монгол нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар сайжирч, нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой гэдгийг албаны хүмүүс хэллээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
-Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнд урд хөршдөө болон бусад орнуудад бүтээгдэхүүн нийлүүлэхэд тээврийн зардлыг бууруулж, төмөр замаа тавих нь маш чухал ач холбогдолтой болоод байгаа. Энэ төсөл Гашуунсухайт - Ганц модны боомтын төмөр замыг барих үйл ажиллагаанаас эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр анх энэ чиглэлд санамж бичиг зурсан. Өнөөдөр энэ ажил биеллээ олж байна. Төслийг хэрэгжүүлэх компаниудын ажилд амжилт хүсье,
Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь:
-Энэ төмөр зам бол үнэхээр ач холбогдол өндөртэй, ачаалал ч өндөртэй, ашиг өндөртэй зам байх юм. Урт нь ердөө 18 км боловч жилдээ бид 27 сая орчим тонн нүүрс тээвэрлэнэ гэж тооцож байгаа. Ерөөсөө Тавантолгойгоос гарах нүүрсний ихэнхийг бид энэ замаар экспортолно.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр анх энэ чиглэлд санамж бичиг зурсан. Өнөөдөр энэ ажил биеллээ олж байна.
Өнөөдөр бид Цагаан хаднаас цааш хилээр гарахын тулд автомашинаар богинын тээвэр хийж байна. Энэ нь өртөг зардал, дамжлага ихтэй, тонн нүүрсийг бид 50 юань буюу ойролцоогоор 7-8 ам.доллараар тээвэрлэж байгаа гэсэн үг. Төмөр замаар тээвэрлэснээр энэ 8 долларыг бид бараг 2 доллар луу буулгаад ирнэ. Энэ бол асар их хэмжээний хэмнэлт болно.
Энэ хэмжээгээр бид зарах нүүрснийхээ үнийг нэмж чадна. Нөгөөтэйгүүр, авто машинууд хилээр гаалийн бүрдүүлэлт хийж гарахын тулд асар их хэмжээний цаг хугацаа зарцуулдаг, үүнээс болж экспортын хэмжээ буурдаг. Ингэхлээр энэ төмөр зам баригдсанаар экспортын эргэлт нэмэгдээд, тээврийн зардал нь давхар үлэмж хэмжээгээр багасах юм.
Өнгөрсөн оны 10-р сард Монгол Улсын Ерөнхий сайд Хятадад айлчилж, энэ төмөр замыг барья гэсэн тохиролцоонд хүрснээс хойш бид 6 сарын турш 7 хоног тутам хоёр талаас уулзан, гэрээний бэлтгэлийг хангаж, яриа тохироо хийсэн. Ямартай ч Монголын тал 51%-иа эзэмшинэ гэж тохирсон байгаа.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа:
-Монголын талаас, Тавантолгойг тойрон үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс, Тавантолгой ХК гэсэн 3 компани нийлж консорциум болоод, Хятадын Шэньхуа компанитай хамтарч Гашуунсухайтын төмөр зам гэсэн компанийг байгууллаа. ТЭЗҮ-г Хятадын төмөр замын зураг төслийн 3-р товчоо гэдэг компаниар хийлгэхээр хэлэлцээ хийж, тодорхой үнэ тохирч, ажил эхэлж байгаа. Үүний дараа барилгын зургийн ажил хийгдэнэ, Энэ ондоо багтаж төмөр замынхаа барилгын ажлыг амжуулж дуусгах зорилт тавьж байгаа учраас хугацаа бол харьцангуй шахуу байгаа.
Шэньхуа Энержи компанийн Ерөнхийлөгч доктор Лин Вэнь:
-Төмөр зам баригдсанаар богино хугацаанд авч үзэхэд, тээвэрлэлтийн аюулгүй байдал сайжирч, нүүрсний өртөг зардал буурна. Урт хугацаанд авч үзэхэд нүүрсний олон улсын зах зээлд гарах “гүүр” бий боллоо гэж харж болно. Хэмжээний хувьд 18 км гэдэг утгаараа онцгой их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй ч гэлээ гол нь Хятад гэлтгүй Ази, дэлхийн зах зээлд нэгдэх гарцыг бий болгож өгч байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.